Монгол Улс бичил уурхайн мэдээллийг нэгтгэсэн цахим платформтой болов

Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл Монгол Улсад 13 дахь жилдээ хэрэгжиж байна. Дээрх төслийн дөрөв дэх шатны хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгожээ.

“Тогтвортой бичил уурхай” төслөөс бичил уурхайг албажуулахад хувь нэмрээ оруулах дээрх цахим платформыг УУХҮЯ-нд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформыг салбарын яам ажлын алба байгуулан цааш нь хөгжүүлж авч явах юм байна.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали "Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз болно гэдэгт итгэлтэй байна" гээд "Уг платформ нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх түгээх, бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нийтлэх, зохион байгуулах арга хэмжээний зарыг байршуулах боломжийг бүрдүүллээ" хэмээн шинэ платформын онцлогийг тодотгов.

Цахим платформ нь бичил уурхайчдын эрхзүйн орчин мөнгөн ус ба химийн хорт бодисын хор нөлөө, нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил, бичил уурхайчид ба орон нутгийн удирдлага ба үр дүн ололт амжилт гэсэн найман сэдвийн мэдээллийг багтаажээ. www.asmhub.mn гэсэн вэб хуудас бүхий “Бичил уурхайн мэдлэгийн төв” нь бичил уурхайчид, хэвлэл мэдээлэл, Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, олон улс, бичил уурхайн ТББ-ууд, боловсрол судалгааны байгууллагын оролцоог хангах суурийг тавьсан хэмээн төслийн багийнхан хэлж байна. Дээрх вэб хуудаснаас бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээлэл, цахим сургалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн мэдээлэл авахаас гадна усан жингийн аргаар алтны сорьцыг тооцоолох боломжийг бүрдүүлжээ. Мөн цахим платформын групп хэсэг нь харилцан яриа хэлэлцүүлэг мэтгэлцээний гол талбар байх бөгөөд бичил уурхайчид гар утаснаасаа цогц мэдээллийг авах боломжтой гэдгийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Ц.Тансагмаа хэлсэн юм.