Монгол Улс болон Д.Tрамп: Board of Peace гэж юу вэ

Mongolian Economy
2026-01-23 11:06:44
Ангилал: Улс төр

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Board of Peace-д нэгдсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татав. Энэхүү платформ нь НҮБ, АСЕАМ зэрэг албан ёсны олон улсын байгууллагын адил эрх зүйн үүрэг, хариуцлага хүлээлгэдэг бүтэц биш бөгөөд Д.Трампын улс төр, гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд “энх тайван, яриа хэлэлцээ”-г дэмжих зорилготой, зөвлөх шинжтэй санаачилга гэж ойлгож болох юм. Монгол Улсын хувьд энэхүү платформд гарын үсэг зурж нэгдсэн нь юуны өмнө дипломат мессежийн шинжтэй алхам юм. Монгол Улс олон жилийн турш цөмийн зэвсэггүй улсын статус, энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог гэсэн имиж бий болгож ирсэн.

“Board of Peace”-д нэгдэх нь энэ имижийг Д.Трампын геополитикийн хүрээнд дахин сануулж, жижиг улсын “харагдах байдал”-ыг нэмэгдүүлэх оролдлого гэж харж болно. Нөгөө талаас, уг оролцоо нь АНУ-тай харилцах soft channel буюу зөөлөн улс төрийн сувгийг бэхжүүлэх боломжийг олгож байна. Албан ёсны гэрээ хэлэлцээр биш учраас шууд эрх зүйн үүрэг, санхүүгийн эрсдэл бага. Гэвч үүний зэрэгцээ болгоомжлох шалтгаан ч бий. “Board of Peace” нь АНУ-ын төрийн институцээс илүүтэй Д.Трампын хувь хүний улс төрийн брэндтэй холбогддог тул Монгол Улс АНУ-ын дотоод улс төрийн хэлбэлзэлд хэт ойр харагдах эрсдэл үүсэж болзошгүй. 

Мөн Монголын гадаад бодлогын суурь зарчим болох тэнцвэрт байдал, хоёр хөрштэйгээ баримталдаг болгоомжтой харилцаанд энэ оролцоог хэрхэн тайлбарлах нь чухал. Иймээс уг алхмыг том бодлогын шийдвэр бус, символик шинжтэй дипломат дохио гэж үнэлж, хэт улс төржүүлэхгүй, зөв хүрээнд ашиглах нь манай улсын ашиг сонирхолд илүүтэй нийцэх биз ээ.

“Board of Peace”-д нэгдсэн нь бодит өгөөжөөс илүү имиж, мессежийн ач холбогдолтой алхам бөгөөд түүнийг хэрхэн тайлбарлаж, ямар хүрээнд ашиглахаас Монголд эерэг эсвэл сөрөг үр дагавар үүсэх нь шалтгаална. Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ш.Раднаасэд “Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээсэн бөгөөд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болсон гэж үзэж байна” хэмээн онцолжээ.

Түүний өгүүлснээр “Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн ьхэлбэрээр оролцох бүрэн боломжтой” ажээ.

Үүсгэн байгуулагч, гарын үсэг зурсан улс орнууд

Монгол Улс

Аргентин

Армени

Азербайжан

Бахрейн

Беларусь

Египет

Унгар

Болгар

Индонез

Йордан

Казахстан

Косово

Пакистан

Парагвай

Катар

Саудын Араб

Турк

Арабын Нэгдсэн Эмират Улс

Узбекистан

Вьетнам

Марокко

Урилгатай ч шийдвэр гараагүй, эсвэл хараахан гарын үсэг зураагүй улс
БНХАУ, Их Британи, Энэтхэг, Герман, Итали, Украин, Сингапур, Австрали, Парагвай зэрэг улс 

 

Mongolian Economy