Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин оржээ

Өмнөд Солонгост зун айлчилжээ. Сөүлд модод нь цэцэглэж, солонгын долоон өнгө ялгаруулан хотоо чимнэ. Хүйтэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бүрхэг саарал тэнгэрээс хааяахан бороо шиврэх.

Солонгос өөрөө ногоон өнгөөр хучигдсан улс. Эх захгүй үргэлжлэх далайгаар хүрээлэгдэж, уул толгод нь модоор хучигдсан, зөөлөн уур амьсгалтай, өндөр хөгжил өөд хурдтай урагшилж яваа орон. Ногоон улс хэрнээ л төрөөс нь эх орноо улам л ногооруулах бодлого түлхүү хэрэгжүүлсээр иржээ. Харин тэд сүүлийн жилүүдэд ногоон эдийн засгийн хөгжлөөр олж авсан арга туршлага, мэдлэг оюунаа дэлхийтэй хуваалцаж, хамтран ажиллаж, харилцан ярилцахыг, өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгос улс ногоон хөгжлийн замыг дагах үйлст дэлхийн орнуудыг манлайлан уриалж эхэлжээ.

“Дэлхийн ногоон өсөлтийн чуулга уулзалт-2012” Сөүл хотноо энэ өдрүүдэд болж байна. Солонгосын Засгийн газар, “Дэлхийн ногоон өсөлт” институт, НҮБ, Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагуудын хамтарч зохион байгуулсан тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс төлөөлөгчид иржээ. Зарим орны Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, байгаль орчин, эрчим хүчний мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэн, эдэмтэн багш нар, мэдээллийн технологийн компаниудын ажилтнууд оролцож байна.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэхэв, ногоон эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, үүний тулд ямар арга зам, бодлого барьж ажиллах, ногоон хөгжлийн туршлагаас хуваалцах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, усаа хайрлан хамгаалах, төрийн бодлогыг ногооруулах зэрэг асуудлаар ярилцаж байна. Байгальд ээлтэй үйлдвэрлэл, өндөр технологи хоёрыг л хамтад нь хөгжүүлэх тухай онцгойлон авч үзэж байна. Ногоон эдийн засгийн хөгжил бол нэг нэгэнтэйгээ өрсөлдөх тухай яриа бус, хамтарч, харилцан ашигтай, нэгдэж нийлж ажиллахыг шаардаж байна гэдгийг тус хурлын төлөөлөгчид онцлон тэмдэглэв.

Монгол Улс энэхүү чуулга уулзалтын сэдвүүдийн нэг болов. Сэргээгдэх эрчим хүчээр баян Монгол орны баялгийг хамтарч ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар байгальд ээлтэй эрчим хүчээр Азийн гэрэл цахилгааны эрэлтийг хангах боломжийн талаар ярьж байна. Энэ бол өндөр технологи, нөгөө талдаа асар их хөрөнгө шаардсан ажил аж. Тиймээс Азийн эрчим хүчний сүлжээг бий болгож, хамтран ажилласнаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд Японы Софтбанк, Солонгосын КЕПКО, Монголын Ньюком групп хамтран Азийн эрчмийн супер сүлжээ санаачилгыг бий болгожээ. “Атомын станц ямархуу хор хөнөөлтэй байгааг бид бэлхнээ харсан. Одоо япончууд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ирээдүйн хөгжил гэдгээр харж, эргэлт буцалтгүй энэ зүг явахаар шийдсэн. Монгол Улсаас цаашдаа нар, салхины цэвэр эрчим хүчийг импортоор авах боломж байна. Үүний тулд эрх зүйн болоод бусад орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай ” гэж Софтбанкны гүйцэтгэх захирал Масауоши Сон ярилаа. Тэрбээр Азийн эрчмийн супер сүлжээ илтгэл тавьж хэлэлцүүлэхдээ Монгол орны нар, салхины нөөцийн талаар дэлгэрэнгүй ярьсан нь төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Ийнхүү Төв Азийн жижиг орон уул уурхайгаас гадна газар дээрх, байгальд ээлтэй баялгаараа ч мөн гаднынхны сонирхлыг төрүүлж эхэлжээ.

Уг хурлын сэдвүүдийн нэг хэсэг нь ногоон сэтгүүл зүй байлаа. Дэлхийн хөгжлийн шинэ хандлага, шинэ эдийн засгийн хөгжлийг хэрхэн сурвалжилж, олон нийтэд хүргэх вэ, ногоон өсөлтийн тухай ойлголтыг яаж тодорхойлох, ногоон хөгжлийг ямар арга замаар дэмжих вэ гэсэн асуудлаар үзэгт нэгт нөхөд маань ярилцлаа. Дэлхий нийтээрээ нэгдэж байж шинэ хөгжлийг бий болгоход сэтгүүлчдийн үүрэг оролцоо хамгийн чухал юм. Гэхдээ сэтгүүлчид ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн талаар зөв ойлголттой, энэ сэдвийн ач холбогдлыг төрийн бодлого тодорхойлогчдод болоод олон нийтэд хүргэх чинхүү эрмэлзлэлтэй байх ёстой гэдгийг хурлаар онцлон тэмдэглэж байна. Мөн ногоон гэхээр бүх асуудлыг хамаж хамтад нь холион бантан хутгаж бичихээс татгалзах. Товч бөгөөд тодорхой, энгийнээр хүргэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. “Ногоон өсөлтөд сэтгүүл зүйн гүйцэтгэх үүрэг” салбар хуралд Солонгосын сэтгүүлчдээс гадна BBC, Нью Иорк таймс, Филиппин, Хятадын сэтгүүлчид харилцан туршлага солилцсон. Монголоос ногоон хөгжлийн төлөө уриа бүхий “Mongolian Econоmy” сэтгүүлийн сэтгүүлчид оролцож байна.

Дашрамд хэлэхэд, ийм эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө яваа улс орны хичээл зүтгэлийг ийм сэдэвт хурал семинаруудад хэр оролцож буй оролцоогоор дүгнэх нэг арга бий гэж НҮБ-ын төлөөлөгч тэмдэглэсэн. Тэгвэл байгальд жинхэнэ харш уул уурхайн баялгаа ухаж төнхөж буй Монголын төлөөлөл энд хэр байна вэ. Хоёр сэтгүүлч л иржээ.


Сөүл хот /2012.05.12/