Монгол Улс дэлхийн зүрх болж чадах уу

Тогтвортой хөгжил. Эл үгс эрчим хүчний салбарт ч мөн адил чухал. Өдгөө бид эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байгаа. Тухайл­бал, Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг гэсэн судалгаа бий. Мөн оргил ачааллын үед хойд хөршөөсөө эрчим хүч авдаг. Энэхүү хамаарал нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бууруулдгийг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар. Тэгвэл энэ нь тогтвортой хөгжил мөн үү.

Эрчим хүчний зохицуулах хороо­ны дарга Т.Цэрэнпүрэв “Эрчим хүчний тогтвортой хөгжил гэдэг нь хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах явдал юм. Хаана, хэзээ, хэнд эрчим хүч хэрэгтэй байна тэр газарт эрчим хүч найдвартай хүрэх ёстой. Гэхдээ энэ нь анхан шатны шаардлага. Харин ирээдүйд эрчим хүчний салбар хэрхэн хөгжих асуудал улс орон бүрийн өмнө тулгамдаж байна. Өөрийн улсад тохирсон эрчим хүчний тогтвортой хөгжлийг бий болгохын тулд бид дэлхийн эрчим хүчний чиг хандлага,улс орныхоо бодлого, стратеги, хөгжлийн загвартаа тулгуурлан хэрэгжүүлэх эрчим хүчний шинэ бодлого гаргах хэрэгтэй” гэв.

Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?

Өнөөдөр дэлхий нийт ногоон өнгөнд “хайр зарлаад” байна. Эгэл жирийн иргэнээсээ аваад төрийн тэргүүнээ хүртэл ярьдаг хамгийн чухал сэдэв боллоо. Тэр тусмаа дэлхий нийт эрчим хүчний салбарыг ногоон болгохыг зорьж, сэргээгдэх эрчим хүч түлхүү ашиглах зорилгыг өмнөө тавьж байна. Тухайлбал, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас гаргасан тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний 50 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авна гэжээ.

2008 оноос хойш дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчийг түлхүү ашиглах болж, нийт эрчим хүчний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан байна. Энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, Японы Фүкү-шимагийн ослын дараахан тавдугаар сард ХБНГУ цөмийн эрчим хүчнээс татгалзаж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээ илэрхийлсэн. Япончууд байгальд ээлтэй эх үүсвэрээс хангах том зорилго дэвшүүллээ. Энэ бүгдээс улбаалаад сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг салбарын болоод эдийн засгийн шинжээчид компьютерийн бизнесийн эрс өсөлттэй харьцуулан тайлбарлаж байна.

Манай улс ирээдүйн эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрэн бий. Нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог говьтой шүү дээ, Монгол орон. Мөн эрчим хүчний нөөц асар их бий. /Графикаас харна уу/ Эдгээр нөөцийг бага багаар ашиглаж эхлээд байна. Тухайлбал, “Ньюком” группын 50 мВт-ын анхны “Салхит” салхин станц, 2000 оноос хойш хэрэгжсэн “100.000 нарны гэрэл” төсөл зэргийг дурьдаж болох юм. Энэ бол ердөө эхлэл.

Монгол Улс эрчим хүчний диваажин орон болох боломж бидний өмнө нээлттэй. Гэхдээ юманд учир, суманд занги бий. Ганц талыг барьж туйлшралгүй бүх төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг өөр хооронд нь уялдуулж ашиглах ёстой. Уламжлалт аргаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний зөв зохистой уялдаа холбоог олох хэрэгтэй болов уу.

“Манайд нар, салхи гэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хангалттай бий, үүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээрээс усан цахилгаан станцыг түлхүү хөгжүүлэх нь бүр илүү чухал асуудал юм. Учир нь, том чадлын усан цахилгаан станц нь эрчим хүчний тогтвортой хөгжлийн зорилт болох хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах шалгарсан арга” хэмээн Т.Цэрэнпүрэв дарга онцолсон.

Улстөрждөг ус


Монгол Улс цахилгаан, дулааны долоон станцтай бөгөөд жилдээ дөр­вөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин оргил ачаал­лын үеэр тодорхой хэмжээний цахилгааныг ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортолсоор ирсэн билээ. Нэг л жишээ дурдахад, эрчим хүчний системийн оргил ачаалал 2010 онд 728 мВт-д хүрэхэд дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад дийлэхгүй байсан тул оргил ачааллыг хаахын тулд хойд хөршөөс 70 мВт эрчим хүч импортлоход хүрсэн аж.

Манай орны хэтийн хөгжлийн чиг хандлагаар 2020 оны түвшинд оргил ачаалал 1128 мВт-д хүрэх төлөвтэй гэнэ.Энэ хугацаанд ТЭЦV ашиглалтад орох хэдий ч хурдтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй юм байна. Тэгвэл яах вэ. Энэ талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Эрчим хүч төдийгүй бүх л зүйл даяаршиж байгаа энэ үед ОХУ-аас цахилгаан экспортлох нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ эрчим хүчний тогтвортой хөгжлийн үүднээс аваад үзэхэд бид эрчим хүчний уг хамаарлыг багасгах хэрэгтэй. Үүний тулд том чадлын усан цахилгаан станцын ажлыг яаравчлах ёстой” гэсэн юм.

Уг нь үе үеийн Засгийн газар 2000 оноос хойш л Орхон, Эгийн гол, Сэлэнгэ мөрний сав газарт их чадлын усан цахилгаан станц барих талаар ярьсаар ирсэн билээ. Харин энэ бүхэн ажил хэрэг болсон зүйлгүй улстөржөөд дуусдаг уламжлал тогтсон. Эхэн үед нутгийн иргэдийн дунд усан цахилгаан станц барих юм бол өнө эртний түүх домогтой гол мөрөн сүйдэж, тахиж ирсэн лус савдаг нь догширох гэх мэт олон жил бугшсан өрөөсгөл ойлголт энэ талын хөгжилд саад болж байсан. Харин Тайшир, Дөргөний усан цахилгаан станц ажиллаж, үр ашгаа өгч эхэлснээс хойш иргэдийн ойлголт өөрчлөгдсөн гэж хэлж болох.
Сүүлийн үед Сэлэнгэ мөрний сав газарт цуваа усан цахилгаан станц барих талаар идэвхтэй ярьж байна. Энэ удаа том чадлын усан цахилгаан станц барих бидний мөрөөдөл биелж магадгүй гэсэн горьдлого эрчим хүчний салбарынханд бий болжээ. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт улсад айлчлах үеэрээ Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих төсөл дээр харилцан хамтын ажиллагаа бий болгох талаар ярьсан нь найдлага дагуулаад буй хэрэг. Одоогоор уг ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТЭЗҮ-ийг боловсруулах техникийн даалгаврыг хийж байгаа аж. Хэрвээ техникийн даалгаврын ажил амжилттай, шуурхай дуусвал ТЭЗҮ боловсруулахад бэлэн болох юм.

ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван “Монгол Улс бараг хөндөгдөөгүй байгаа усны эрчим хүчний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар 100 жилийн хоцрогдлоосоо зургаан жилийн дотор гарах бүрэн боломжтой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Салбарын ажилтнуудын мөрөөдөл биелэх аваас Монгол Улсын эрчим хүчний тогтвортой байдал тодорхой хэмжээгээр баталгаажих юм. Нэгэнтээ эрчим хүчний тогтвортой хөгжлийн талаар тогтож ярьсных мэргэжилтнүүдийн зүгээс ярьсан зарим нэг асуудлыг энд хөндөх нь зүйтэй болов уу.

1. Хүний хэрэгцээг хангах эд материалын болоод бусад бүх зүйл эдийн засгийн эргэлтэд ордог болсон өнөө үед эрчим хүч ч ялгаагүй бизнесийн нэг томоохон салбар болсон. Энэ үүднээс нь аваад үзвэл манай орны эрчим хүчний салбарт гаднын болоод дотоодын хувийн хэвшлийнхнийг оруулж ирэх хэрэгтэй талаар салбарынхан саналаа хэлдэг. Хэдийгээр ТЭЦV, “Салхит”-ын салхин парк гээд эл салбарт ганц нэг хувийн хэвшлийнхний оролцоо бий болж байгаа ч тийм ч хангалттай бус байна. Угаас эдийн засгийн ухаанд хэдий чинээ олон өрсөлдөгч байна төдий чинээ хэрэглэгчид хождог гэх гаргалгаа бий. Энэ энгийн бөгөөд үр дүнтэй аргыг эрчим хүчний салбарт хэрэглэх цаг нь болсон гэдгийг бизнесийн салбарынхан сануулж байгаа.
2. Цэвэр эрчим хүчний экспорт­логч орон болох. Энэ нь хэтийн боловч хэрэгжих боломжтой ажил гэдгийг тус салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Саяхан Япон улсад “2012 оноос хойшхи эрчим хүчний шинэ прадигм” сэдвийн дор олон улсын чуулган болсон. Уг чуулганд манай улстай цэвэр эрчим хүч экспортлох чиглэлээр Япон тэргүүтэй орнууд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн аж.
3. Манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбар түүхий нүүрснээс хэт хараат гэдгийг дээр дурьдсан. Цаашдаа ч энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэй байна. Өдгөө дэлхий дахинаа түүхий нүүрснээс эрчим хүч гаргаж авдаг ихэнх цахилгаан станц байгальд ээлтэй технологийг хэдийнэ нэвтрүүлчихсэн гэнэ. Тиймээс эрчим хүчний салбарт технологийн “аустсорсинг” хийх хэрэгтэй аж.
4. Хэрэглэгчдийн эрчим хүч­ний зохистой хэрэглээ, энэ талын ойлголтыг өөрчлөх. Эрчим хүчний тогтвортой хөгжлийг эдийн засгийн болоод, төр, засгийн бодлогын хү­рээнд авч үзээд ярьж байна. Гэхдээ энэ салбарын эрэлтийг бий болгож, оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж байгаа зах зээл бол яах аргагүй энгийн иргэнээс аваад томоохон үйлдвэр гэх мэт эрчим хүч хэрэглэгчид. Тиймээс тэдний үзэл бодол, эрчим хүчинд хандах хандлагыг өөр шатанд аваачих хэрэгтэй ажээ.
Эдгээр асуудлыг шийдэж чадвал манай эрчим хүчний салбар хэр баргийн салхинд унахааргүй тогтвортой хүчирхэг болж чадах ажээ.

Төгсгөлийн оронд


Эрчим хүч ч бай, эдийн засгийн өсөлт ч бай хамгийн гол нь иргэддээ наалдацтай, ирээдүй хойчдоо балаг тарихааргүй байлгахыг л дэлхий нийт эрмэлзэж байна. Эл эрмэлзлэлээ тогтвортой хөгжил, ногоон ирээдүй гэж нэрлээд байгаа юм. Тогтвортой ч бай ногоон ч бай эдгээр хөгжлийн гол агуулга нь өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хэрэгцээг яаж илүү эрүүл, байгальд ээлтэй технологит тулгуурлан бүтээх вэ гэдэгт оршиж байна. Харин үүн дээр эрдэмтэд, эдийн засагчид толгойгоо өвтгөсөөр.

Өнөөдөр дэлхий дээр байгаа эрчим хүчний уламжлалт, бусад хэрэглээг хангах бүх төрлийн нөөц 10 тэрбум хүнийг л арай ядан тэжээж чадна гэдэг судалгаа бий. Тэгвэл 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум давах тэр үед бид яах вэ. Хариултын нэг нь сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй байгальд ээлтэй шавхагдашгүй нөөцүүдийг ашиглах. Харин манай оронд тэр бүх шавхагдашгүй нөөц байна. Тиймээс эдгээр нөөцөө бид ухаалгаар ашиглаж чадвал ирээдүйд Монгол Улс дэлхийн зүрх болох юм.