Монгол улс Та эдийн засгаа төрөлжүүлээд бай !

Ази номхон Далайн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайланг өчигдөр бүсийн хэмжээнд буюу 30 гаруй оронд нэгэн зэрэг танилцууллаа. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг энэхүү тайланг манай улсад танилцуулах арга хэмжээг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, ҮХШХ болон ГХЯ зохион байгуулсан юм

Тус тайлангийн үндсэн мэдээлийг багцлан НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэргэжилтэн Миа Микич танилцуулав.
Тэрбээр 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын V хэлбэрийн сэргэлт богино настай байсан нь нотлогдож байна. Евро бүсийн өрийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн ирээдүйн дүр төрх тодорхой бус байгаатай уялдан дэлхийн эдийн засаг 2011 онд хямралын хоёр дахь шатандаа орсон гэдгийг хэлж байлаа. Харин үүнтэй холбогдуулан ҮХШХ-ны дарга Ч. Хашчулуун өөрийн илтгэлдээ “Нэг үе бид хүнд хямралтай тулж байсан бол үүнээс хойш хоёрхон жилийн хугацаанд асар өндөр өсөлтийг үзүүлчихсэн явж байна. Инфляцийн түвшин 2008 оноос гавьтай өөрчлөгдөөгүй боловч мөчлөгийн шинжтэй байгаа нь сайны дохио биш. Хэдийгээр нэг үеэ бодвол гурав, дөрвөн төрлийн экспортын бараатай болсон ч Евро бүсийн хямрал бидэнд бүрэн нөлөөлөх боломжтой. Үүнийг бид саяхан Францын томоохон банкууд Монголоос санхүүжилтээ татсан жишээнээс харж болохоор байна” гэж хэлсэн юм.
Дээрхи тайланд Ази, Номхон далайн орнууд хөгжил дэвшлээ өөр хоорондоо хуваалцаж, тогтвортой замаар замнах чухал хэрэгслүүдийг тодорхойлж байгаа хэдий ч капиталын өртөг нэмэгдэж, хөгжингүй орнуудын дотоод хямрал дордсонтой холбогдуулан Ази, Номхон далайн бүсийн өсөлт саарч байна. Энэ нь дахин нэг жил үргэлжлэхээр байгаа. Гэвч тус бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтөч хэвээр байх болно гэдгийг онцолжээ. Хэдийгээр өсөлтийн хүч саарах боловч бүс нутгаараа эдийн засгийн хувьд дэлхийд цойлсон манлайллаа хадгалсан хэвээр байх гэнэ. Тухайлбал Хятадын эдийн засгийн өсөлт түрүү онд 9.2 хувьтай байсан бол энэ жил ялимгүй буурч 8.6 хувьд хүрсэн. Харин Энэтхэг улсын хувьд 2011 оны 6.9 хувийн өсөлтөө ахиулж энэ онд 7.5 хувь болгох төлөвтэй байна. Бүсийн хэмжээнд авч үзбэл хөгжиж байгаа орнуудын өсөлт 2010 оны 8.9 хувиасаа өнгөрсөн онд долоон хувь болж буурсан бол энэ жил мөн 6.5 хувьд хүрч доошлох төлөвтэй байгаа аж. Ийнхүү өсөлт удааширч буй нь тус бүс нутгийн өнгөрсөн онд харуулсан 6,1 хувийн инфляцийг энэ онд 4.8 хувь болоход хүргэж магадгүй байна. Гэсэн ч энэ үеэр Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноэлин Хейзерд өөрийгөө төлөөлүүлэн илгээсэн видео бичлэгтээ “Ази Номхон далайн орнуудын өсөлт бусад бүс нутгийн оронтой харьцуулахад илүү сайн байх болно” гэжээ
Бодлогын зөвлөмж
Мөн үүний дараагаар энэхүү судалгаа нь Ази, Номхон далайн орнуудад тулгарч байгаа хэд хэдэн бодлогын сорилт болон зөвлөмжийг дэвшүүлжээ.
Үүнд:
Зөвхөн мөнгөний бодлогоор инфляцийг хазаарлах бус бусад арга хэмжээ авч өсөлт болон инфляцийн тогтвортой байдлыг хадгалах,
Хөрөнгийн урсгал болон ханшийн хэлбэлзлийг оновчтой зохицуулах,
Дотоодын хэрэглээг эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах нөхцөл, орлогын тэгш байдлыг урагш түрэх зүтгүүр болгон ашиглах замаар ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх,
Цаашид бүс нутгийн хэмжээнд үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд улс орнуудын огцом өсөлттэй холбогдуулан урт хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Иймд Ази, Номхон далайн бүс нутаг үнийн хэлбэлзлэлийг зохицуулах шаардлагатай. Гэвч нэг талаар энэхүү өсөлт нь сорилт нөгөө өнцгөөс харвал боломж юм. Буурай хөгжилтэй улс орнууд өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр дагнахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс үйлдвэржилт эдийн засгийн төрөлжилт чадавхийг бий болгох үйл явцыг хойш татахыг анхаарууллаа. Харин хүнсний үнийг тогтвортой урт хугацаанд бууруулах хамгийн зөв зам бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй зэрэгцэн хөдөөгийн хөгжил болон орчин үеийн технологид суурилсан “Ногоон хувьсгал”-ыг дэмжих, мөн шинэ сортын төрөл бүрийн бордоонд хөнгөлөлт үзүүлэх, фермерүүдэд зээл олгох замаар дэмжих хэрэгтэй хэмээн зөвлөв.
Өсөлтийг хүртээе
Мөн энэ үеэр хөндөгдөж байсан чухал сэдвийн нэг нь бүс нутгийн хэмжээнд өсөлтийг хүртээмжтэй болгох асуудал юм. 1990-ээд оноос хойш Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад орлогын тэгш бус байдал 15 хувь хүрч өсөөд байгаа нь сэтгэл түгшээж байна. Бүс нутгийн хэмжээнд нэг тэрбум гаруй хөдөлмөр эрхлэгчид ихээхэн эмзэг болоод байна. Залуусын хөдөлмөр эрхлэлтийг насанд хүрэгчидтэй харьцуулахад гурав дахин бага байгаа бөгөөд залуус ажилгүйдэлд өртөх магадлал тэр хэмжээнд өндөрсөж байгаа юм байна. Энэ онд ажилгүйдлийн түвшин 10.2 хувьтай байх таамаглал байгаа ч олон улс орнууд тус асуудлыг шийдвэрлэхээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорьж байгаа нь сайшаалтай байна гэв.
Харин манай улсад “Эдийн засгаа төрөлжүүлээд байгаарай” гэх түлхүүр зөвлөмжийг өгсөн юм. Үүнээс гадна дотооддоо ч байнга ярьдаг сангийн болон мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулж, тэнцвэрийг нь олох нэн шаардлагатай байгааг сануулсан юм.
Гадаад орчны нөхцөл байдал Ази, Номхон далайн бүсийн хувьд сорилт хэвээр байгаа учир 2012 оны судалгаа энэхүү тогтворгүй байдлыг гэтлэн туулахад туслах ерөнхий зураглал болж байгаагаараа онцлог болсныг төлөөлөгчид хэлж байлаа