Монгол Улс худалдан авах ажиллагааны цахим системтэй боллоо

Дэлхийн хөгжингүй улс орнууд худалдан авах ажиллагааны цахим системийг хэдийнэ нэвтрүүлж, өргөн хүрээнд ашиглаж байна. Тэд өмнөх ажлаа ч , цаг хугацааг ч хөнгөвчилж, хэмнэж байгаа нь энэ. Худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлснээр тендерт оролцогч тендерийн баримт бичгийг илгээх, тендерийн баримт бичиг өгөх, баримт бичгийг татан авах, тендерийн цахим сүлжээ ашиглан үнэ төлбөргүйгээр тендерийг цахим хэлбэрээр үзэж харах боломжтой юм байна. Ийм тохиолдолд тендерийн сонгон шалгаруулалт, яриа хэлцэл нүдэнд ил тод байх нь. Үүний үр дүнд хоног хугацаа алдалгүй улс орны амьдрал, хөгжлийн хурд ч нэмэгддэг байна.

Мөн олон бичиг цаас бэлтгэх, төрийн олон байгууллагаас төрөл бүрийн тодорхойлолт авах, цуглуулах шаардлагагүй ажээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүссэн тендерийн нээлтийг цахим сүлжээгээр үзэж, ямар үнийн санал ирсэн болохыг ч харж болох гээд системийн хөрвөх чадвар нэгээр зогсохгүй нь. Монгол Улсын Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж, цахим худалдан авах ажиллагааны системийн нээлт өнөөдөр боллоо. Засгийн газрын худалдан авах ажиллагаа цахим болж байгааг Сангийн сайд С.Баярцогт тэмдэглээд, цаашид төсвийн мэдээ мэдээлэл, тендер, сонгон шалгаруулалт ил тод иргэний өмнө нээлттэй байхыг тэрбээр хэллээ. Ил тод, нээлттэйгээр мэдээлэл үзэх боломжийг худалдан авах ажиллагааны цахим систем бидэнд олгож байгаагаараа давуу болохыг онцлон тэмдэглэе. Зөв, бодит мэдээлэлд үндэслэж зөв шийдвэр гаргах болохоор цахим системийн үр өгөөж өндөр буй.

Худалдан аваx ажиллагааны нэгдсэн систем нь цахим дэлгүүр, цахим тендер шалгаруулалт гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд цахим дэлгүүр өөрөө төсвийн байгууллагын өдөр тутмын бараа, бүтээгдэхүүний хэрэглээг хянах, түүний худалдан авах ажиллагааг хялбаршуулахад туслах төдийгүй бараа, бүтээгдэхүүний нийлүүлэгч нарт том зах зээлийн үүд хаалгыг нээж байгааг хэлэхэд таатай. Системийн хувьд цаг хугацаа, зардлыг ч хэмнэх давуу талтай гэнэ.

Урьд өмнө нь тендер шалгаруулалтад оролцож өөрийн борлуулах бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагад нийлүүлж чаддагүй байсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нар цахим дэлгүүртэй харилцаж эхэлснээр энэхүү бэрхшээлээс ангижрах ажээ. Хардлага, сэрдлэг, таамаг, хууль бус үйлдлүүд нэг мөр алга болж байгаа нь тэмдэглүүштэй. Өөрөөр хэлбэл Засгийн газрын худалдан авах ажиллагаа цахим болсноор үр дүнд нь хүнд суртал, авилгал багасах байлгүй дээ. Үүнийг л худалдан авах ажиллагааны цахим систем гэж нэрлээд байгаа юм билээ.