Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарч чадах уу

Д.Бэхбаяр
2023-12-15 11:10:11

Тусгаар тогтносон Монгол Улс хойд хөршөөс 100 хувь хараат бус байж чадаж байна уу гэдэг асуултын хариуг бид саяхны хэдэн өдрийн үйл явдлаар харлаа. Эрчим хүч улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогддог салбар. Энэ утгаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадсан уу гэдэг асуултын хариуг ч бид авлаа.

Монгол Улс эрчим хүчний оргил цагийн ачааллаа ОХУ-аас импортын эрчим хүч авч байж хаадаг. Өөрөөр хэлбэл, оройны 17.00-22.00 цагийн оргил ачааллын үед бид хойд хөршөөс бүрэн хамааралд орж байна гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд манай хэрэглээ жилээс жилд өсөж буй учраас импортоор авах эрчим хүчний хэмжээ ч дагаад өссөөр байна. Гэхдээ хэрэглээ өсөөд байна гээд импортын эрчим хүчийг хязгааргүйгээр авна гэсэн ойлголт бас байж болохгүй. Оргил цагаар авдаг эрчим хүч хязгаартай. Хамгийн их хэмжээгээр авлаа гэхэд 310 Мвт-аас хэтрүүлж болохгүй. Шугамын дамжуулалтын хүчин чадал нь тийм юм. 2022 оны статистикаар ОХУ-аас оргил цагт 309 Мвт хүргэж, тулгаж авчээ. Гэтэл шугамын хүчин чадал 310 Мвт-аас хэтрэхгүй байх ёстой гэж байгаа. Тэгвэл Монголын хэрэглээ улам өсөөд байдаг. Эрчим хүчний өөр томоохон эх үүсвэр байхгүй. Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл тулчихсан, импортынх бас дээд цэгтээ хүрчихсэн. Одоо тэгээд яах вэ? Энэ бол аюулын том дохио.

ОХУ-аас эрчим хүчний оргил цагийн ачааллыг 150 орчим Мвт-аар бууруулна гэсэн мэдээлэл явангуут бүгд сандралд орцгоосон. Үлдэх 150 Мвт-ын хэрэглээг хаанаас, ямар эх үүсвэрээс хангах вэ гэдэг асуудал Засгийн газар, холбогдох яамны түвшинд босож ирэв. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана гэдэг нь тодорхой байсан. Дараагийнх нь эрчим хүчний хэмнэлт хийхийг аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах юм.

Ялангуяа оргил цагаар хэмнэж чадвал нэг жижиг цахилгаан станц барьсны хэмжээний эрчим хүчний хэмнэлт гардаг гэсэн олон улсын судалгаа, тооцоо байдаг. Тиймээс оргил цагийн хэцүү үеүдэд эрчим хүчийг хэмнэх нь хамгаас чухал, ач холбогдолтой юм байна гэдэг нь эндээс харагдана.

ОХУ-ын Засгийн газар биднийг ийн донсолгоонд оруулаад удалгүй тайвшрууллаа. “Эрчим хүчний импортын хэмжээгээ бууруулахгүй” гэсэн шийдвэрийг нь манай сайд дарга нар их л баяртайгаар сошиалд явуулав. Ард иргэдийн сэтгэхүйд хэмнэлт гэдэг үг бодогдож эхэлж байсан бол эргээд үнэгүй шахам эрчим хүчээ хэрэглэдгээрээ хэвэндээ үргэлжлүүллээ. Харин “бид тайвширч болохгүй шүү” гэж эрчим хүчний мэргэжилтнүүд л сошиал хуудсаараа бичсэн харагдав.

Бүх зүйл хоёр талтай. Оросын талын Сибирийн бүсийн цахилгаан дамжуулах шугамд эвдрэл гарснаас шалтгаалан эрчим хүчний экспортын хэмжээг бууруулна гэсэн шийдвэрийг нь улс төрчид “монголчууд та бүхэн манайхаас хараат шүү гэдгийг сануулсан оролдлого” гэж хүлээн аваасай. Тэгвэл тэд нэгийг бодож, хоёрыг тунгааж, эрчим хүчний салбарт шинэчлэл хийхээр хурдтай, зоригтой хөдөлж магадгүй юм. Харин энэ сануулгыг эерэг талаас нь харвал, эрчим хүчний салбар ямар байдалд орсон байгааг бага боловч ойлгуулж, эрчим хүч бол хамгийн чухал зүйл болохыг ард иргэдэд эргэн санууллаа гэж хэлж болох.

Бид үнэхээр тайвширч болохгүй. Энэ бол аюулын дохио гэж хүлээн авч, холбогдох арга хэмжээг даруй хэрэгжүүлэн, аж ахуйн нэгж, ард иргэдийн сэтгэхүйтэй сайтар ажиллах хэрэгтэй байна. Бид эрчим хүчний хэмнэлтэд иргэдээ уриалан дуудсаар байх хэрэгтэй.

Монгол Улс нийт эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор авдаг. ОХУ-аас нэг квт.ц.цахилгааныг 250 төгрөгөөр худалдан авдаг. Жилдээ 330 сая квт.ц.цахилгаан авч, 90 орчим тэрбум төгрөг төлж байна. Импортын эрчим хүчний үнэ өссөөр байна, мөн ханшийн зөрүүнээс багагүй алдагдал хүлээсээр байна.

Бид хараат байдлаас хэрхэн гарах вэ?

Эрчим хүчний томоохон эх үүсвэр барьж байж хараат байдлаас гарна. Томоохон эх үүсвэрийг шийдээд барья гэхэд доод тал нь 4-5 жил болно. Өнөөдөр шийдээд, маргааш барьчихдаг асуудал биш. Ялангуяа манай улс төрийн нөхцөлд шийдлийг гаргахад 4-5 жил биш 30 жил болж байна шүү дээ. Гаргана, эргээд цуцална, дахиад нэг нам нь гарч ирээд өөр шийдвэрт хүрнэ, дараа нь дахин нэг нь гарч ирээд цуцална. Өнөөгийн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод Багануурын дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн станц, Тавантолгойн цахилгаан станцуудыг барина гэж заасан. Эдгээр станцыг барьж ашиглалтад оруулахад 4-5 жил болно. Энэ хооронд эрчим хүчний дутагдлыг яах вэ. Өсөн нэмэгдэх хэрэглээг хаанаас, хэрхэн хангах вэ гэдэг асуудал тулгамдаж байна.

Эрчим хүч бол урт хугацааны, тогтвортой бодлогоор хөгждөг, суурь салбар. Дөрвөн жилийн сонгуулийн цикл, богино настай Засгийн газрууд, хоёр жилийн томилгоотой сайдууд энэ салбарыг хүнд байдалд аваад ирлээ.

Эрчим хүчнийнхний хувьд бол хараат байдлаас гарахын тулд томоохон эх үүсвэр барих хэрэгтэй гэж их ярьсан. Бид нэг л өдөр эрчим хүчээ хязгаарлахад хүрнэ шүү гэж хэлж, сануулсаар ирсэн. Эрчим хүчний салбарын ажилтнуудад буруу байхгүй. Тэд харин ч өнөөг хүртэл бүх л хүч, сэтгэлээрээ зүтгэж, улс орноо гал алдуулахгүйн төлөө хуучирсан тоноглолуудтай улаан гараараа өдөр шөнөгүй үзэлцэж ирсэн. Тэд хичээсэн. Эрчим хүчний салбар өдий зэрэгтэй яваа нь тэдний гавьяа юм. Харин төр, засаг юу хийсэн бэ. Үлгэрийн төслүүд л ярьсаар ирсэн. Бодит байдал дээр Эгийн голын УЦС, Тавдугаар цахилгаан станц, Багануурын станц, Шивээ-Овоогийн станц баригдсангүй. Шулуухан хэлэхэд, улстөржсөн бодлогоос эрчим хүчний салбар ийм байдалд хүрснийг бид бүх л нийтлэлдээ бичиж байна.

Эрчмийнхний мөрөөдөл Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахыг харах. Энэхүү станцыг барьчихсан байсан бол бид өнөөдөр аль нэг улсаас хараат байдлыг яриад суухгүй байх байсан юм. Эрчим хүчээр хойд хөршийн хараа хяналтаас жинхнээсээ 100 хувь гарах байлаа. Толгой цэх, нуруу тэгш, бардам алхаж явах байсан юм. “Эгийн голын УЦС” үлгэр өнөөг хүртэл үргэлжилсээр. Үлгэр дуусаагүй. Өнөөгийн засаг ч үлгэрийг үргэлжлүүлэн ярьсаар.

Ганцхан л асуулт тавья. Улстөрчид Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хараат байдлаас гарахыг үнэхээр хүсэж байна уу. Эсвэл ОХУ энэхүү станцыг бариулахгүйн төлөө яваад байгаа юм уу.

 

 

 

Д.Бэхбаяр