Монгол хэмээх нүүрсний эх орон, ай савд тавтай морил


Уул уурхайн салбарынхан, тодруулбал нүүрснийхэн урин цагийг угтан шинэ оны анхны чуулга уулзалтаа зохион байгуулж байна. Хэдий нүүрс монголчуудын хэрэглээнээс хэдхэн сарын дараа холдох гэж байхад тэд зөвлөлдөх болсон шалтгаан нь газрын хэвлийд булаастай нүүрс хэмээх өнө эртний мод билээ. Шалтгаан нь зөвхөн нүүрс шүү дээ. Монголыг зорин халуун тивээс хүйтэн “тив”-д ирсэн тэр эрхмийг нүүрс л ингэж уруу татжээ. Нүүрс. Хар, хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг хөрөнгө оруулагчдыг “соронздож” Монголын нийслэлд уулзуулж байх юм. Монгол хэмээх нүүрсний эх орон, ай савд тавтай морил. Монголоос нүүрсний шинэ тив олохоор ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Гадаа харьж яваа цагийн идэрхэн жавар хайрна. Харин хурлын танхимд ирж яваа зах зээлийн мянга түмэн санаа бодол уралдана. Нүүрс хар өнгөтэй ч нүүрсний салбарынхан ногоон эдийн засгийн хөгжлийг эрэлхийлж байгаа нь үнэхээр шинэлэг санагдсан. “Нүүрс –Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриатай “Coal Mongolian-2012” Олон улсын чуулга уулзалт өнөөдөр албан ёсоор эхэлсэн юм. Хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулга уулзалтад 350 гаруй уул уурхайн хайгуул, олборлолт, ханган нийлүүлэгч компанийн 750 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь “Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” билээ. Зорилгынхоо төлөө алхам алхмаар ойртож байгаа нүүрсний салбарын талаар тэнд ингэж ярьсан юм.
Байгальд ээлтэй, шинэ технологи манайд илүү үр өгөөжтэй
“Гложекс” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатар
- Хятадын зах зээл манай нүүрсийг хүлээн авахад бэлэн. Гэтэл эрэлттэй тэнцэх нийлүүлэлт хийж чадах эсэх нь бидний хувьд эргэлзээтэй байна. Учир нь манай нүүрс тээвэрлэх авто зам хангалтгүй. Тиймээс нийлүүлэлтийг хангахын тулд төмөр замаа бид яаралтай шийдэх шаардлага үүсээд байна. 2011 оны чуулга уулзалтын үр дүн найман тонн нүүрс Монгол Улсын нөөцөд бүртгэгдлээ. Олборлолт 30 сая тонн-д хүрлээ. Цаашид нүүрс болон уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай компанийн үе эхэлж байна. Ногоон эдийн засгийн чиг баримжаатай компаниуд Орос, Канад, Америкт л байна. Тиймээс ногоон эдийн засгийн чиг баримжаатай уул уурхайн компаниуд олуулаа болох хэрэгтэй. Байгальд ээлтэй, шинэ технологи, арга туршлага манайд илүү үр өгөөжтэй. Энэ удаагийн чуулга уулзалт нүүрсний салбарын асуудал бус улс орны эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэж байгаад ач холбогдол нь оршиж байна.
Нүүрс экспортын татвартай байхаас аргагүй
Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав
- Өнөөдөр гадагшаа гарч байгаа манай байгалийн баялаг нэгд, бүртгэлгүй. Хоёрдугаарт, үнэлэгдээгүй баялаг. Нэг ёсондоо үнэ цэнээ алдаад байна. Уул уурхайн бүтээгдэхүүн бол нийтийн баялаг. Нийтийн баялгаас аваад гарч байгаа байгаа тохиолдолд тодорхой хэмжээний татвартай байхаас аргагүй. Түүхийгээр нь гаргаж буй бүтээгдэхүүнд татвар тавьснаар дахин боловсруулах, дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх онцгой үүрэгтэй. Боловсруулах үйлдвэр хөгжихөд экспортын татвар нөлөөлнө шүү дээ. Манайд ажиллах хөдөлмөрийн капитал маш хямдхан байна. Түүхий эд нь үүнээсээ ч хямд . Гэтэл хажууд нь Хятадын өлөн зах зээл тэнд хүлээж байна. Чуулга уулзалтаас манайхан харилцан суралцаж байна. Гэхдээ сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ.
Нүүрсний салбарт квот тогтоох шаардлагатай
“Монгол 999 үндэсний нэгдэл” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд
-Монголын уул уурхайн компаниуд зөвхөн нүүрс ухдаг компани биш. Нүүрс дагасан асар том зах зээл бий болж байна. Ханган нийлүүлэлтийн салбарт оёдлын үйлдвэр, хүнс, барилга хөгжих шинэ зах зээлийн үүд хаалга нээгдсээр байна. Аливаа бизнес гэдэг итгэлцэл, яриа хэлэлцээрт оршдог. Бие биенийхээ хийж буй ажилтай танилцах боломжийг “Coal Mongolia-2012” олгож байгаа юм. Монголын хөгжилд уул уурхай түлхэц болох суурь болохоос биш Монголын улс төр, эдийн засгийнхан хошуураад байх ажил биш. Харин хүн амынхаа дундаж орлогыг нэмэгдүүлэх, иргэдээ ая таатай амьдрах орчинг бүрдүүлэхэд нь уул уурхай, нүүрсний салбарыг ашиглах учиртай. Нэг үгээр хэлбэл уул уурхай, нүүрсний салбарын Монголын хөгжилд оруулах хувь нэмрийг л бодлого болгож тодорхойлох нь бидэн ашигтай.
Нүүрсний салбарт ажиллаж байгаа уул уурхайн компаниудын менежментийг сайжруулах хэрэгтэй. Зардлыг өндөр хэмжээнд бууруулж, сүүлийн үеийн техник технологийн нэвтрүүлэх нь нүүрсний салбарт шинэ шатанд гарах дэвшил гэж хувьдаа ойлгож байна. Үр өгөөжтэй байх хэрэгтэй. Эдийн засгийн үр ашигтайгаа тэнцвэржүүлж, дэд бүтцээ төмөр зам, авто замаар уу гэдгээ шийдэх шаардлагатай. Нүүрсний салбарт квот тавих нь илүү оновчтой. Зарим нэг компани зардал өндөртэй, байгаль орчинд сөрөг, болхи технологи оруулж ирж байна. Бидэнд нүүрсээ уралдаж зараад байх шаардлагагүй.
Чуулга уулзалтаас чухал үр дүн хүлээж байна
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун
-Уул уурхайн тэргүүлэх салбарын цаашдын хөгжлийн чиг хандлыг хэлэлцэж байна. Нүүрс бол эрчим хүч, экспорт, цаашлаад улс орны аюулгүй байдлын талаасаа нефть, бензинийг дотооддоо үйлдвэрлэх чухал салбарын нэг. Чуулга уулзалтаас чухал үр дүн хүлээж байна.
Өндөр технологи нүүрсний салбарт нэвтэрнэ
ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү
-Манай улс импортлогчоос экспортлогч орон болохоор тэмүүлж байна. Дөрвөн жилийн өмнө бид жилд дөрвөн сая тонн нүүрс олборлож гадаад зах зээлд гаргадаг байсан бол одоо 22 сая тонныг олборлож байна. Ирэх 2020 он гэхэд 70 сая тонн нүүрсийг экспортлох таамаг бий. Гол нь үүнийхээ 60, 70 хувийг боловсруулж гаргахад хувийн компаниуд технологийн шинэчлэл хийх шаардлагатай.
1300 км төмөр замыг энд онд барина
ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн үр дүнд төмөр зам барих асуудал эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн жил 1200 гаруй км зам барьсан. Үүний 400 гаруй км-ыг нь улсын төсвөөс санхүүжүүлж, бусдыг нь хувийн хэвшлийнхэн барьсан. Тэгэхээр 5700 км замыг бид зургаан жилийн хугацаанд барих ёстой. Үүний дагуу төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ жил 1300 орчим км замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гол нь хөрөнгө мөнгөний асуудал туйлаас хүнд. Төмөр зам тавих ажилд таван тэрбум ам.доллар шаардлагатай байгаа.
Хүрэн болон чулуун нүүрснийхээ баялгийг түшиглээд кокс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
ЭБЭХЯ-ны дэд сайд Ц.Гарамжав
-Манай улс нүүрсний нөөц баялгаараа дэлхийн эхний 15 оронд багтаж байна. Нийтдээ нүүрсний нөөцийг 175 тэрбум тонн хэмээн тооцогддог. Өнгөрсөн онд манай улс нийтдээ 22 сая тонн нүүрс экспортлосон байна. Эсрэг талдаа 7.8 тэрбум орчим тонн нөөц шинээр бэлтгэсэн байгаа юм. Цаашдаа бид хүрэн болон чулуун нүүрснийхээ баялгийг түшиглээд кокс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас хамгийн түрүүнд гарах боломж энүүхэнд байна.