Монгол хүний хөдөлмөрийн зах зээл дэлхий байна гэж боддог

Монгол Улсыг гадна дотнынхон үсрэнгүй хөгжлийн гараан дээр байна гэж тодорхойлдог болсон. Тиймээс улс орны хөгжилд түлхэц өгөх гол хүчин зүйлсийн нэг болох банк санхүү, хөрөнгийн зах зээлийн асуудлаар “Хас” банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой ярилцаж санаа бодлыг нь сонирхлоо.

-Уул уурхайгаас орж ирэх их мөнгөнд Монголын банк санхүүгийн салбар бэлэн байгаа юу?

-Уул уурхайн хөгжил тойрсон асуудлууд ялангуяа сүүлийн гурван жилд хүчтэй яригдаж байна. Манай Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 жилийн нүүр үзэж байна. Хүнээр бодвол дөнгөж 20 настай залуу л гэсэн үг. 20 настай залууд юу юу ч байхгүй л байдаг. Санхүүгийн зуучлалыг илүү мэргэжлийн түвшинд хийж байгаа нь өнөөдрийн байдлаар арилжааны банкууд л байна. Уул уурхайн хөгжлийг дагаад иргэдийн орлого ч нэмэгдэнэ. Тэр орлого санхүүгийн зуучлалаар дамжаад тодорхой хэсэг нь хэрэглээнд, тодорхой хэсэг нь хөрөнгө оруулалтад орж байхгүй бол буцаад эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх мөнгөний урсгал яваад ирлээ шүү дээ. Тэр утгаараа хариуцлага маш өндөр байгаа.

Банкууд үүнд бэлэн байна уу гэдэг дээр хүссэн хэмжээнд бэлэн байж чадахгүй байгаа гэж хэлнэ. Орж ирж байгаа мөнгөний урсгал, банкуудын өөрсдийн үүрэг, шаардлага, хариуцлагатай байдал, Монгол Улсын өөрийн орчин бэлэн биш байна. Эдгээр нь шийдэж болохгүй бэрхшээл бол биш гэж үзэж байгаа. Монголын арилжааны банкууд 1998 оноос хойш 2-3 дампуурлыг үзчихлээ. Олон нийт ч банкны талаар юуг нь анхаарах вэ? юу нь чухал, юу нь чухал биш вэ? гэдгийг мэддэг болсон. Хөрөнгө оруулагчид ч гэсэн банк гэдэг зүгээр мөнгө хүүлдэг, амархан бизнес биш юм байна гэдгийг ухамсарлаад эхэлсэн. Цаашдаа мэдээж эдийн засаг жижиг зээл дээр босох боломж байхгүй. Дунд зээл дээр нь бид ДНБ давхар оронтой тоогоор өснө гэж ярьж байгаа бол одоо байгаа 100 том аж ахуй нэгж ч тэрхүү өсөлтийг үйлдвэрлэж дийлэхгүй гэж бодож байгаа. Тэгэхээр дахиад 200, 300 дунд аж ахуйн нэгж бий болж байж энэ их орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг шингээнэ. Уул уурхайг дагасан үйлчилгээний салбарууд өргөжих ёстой. Тэдгээр хүмүүс рүү “Хас” банк үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлье гэсэн бодлоготой байгаа л даа.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой нэг хэсэг хүн арилжааны банкны хөгжил, хөрөнгийн зах зээлийн хөгжил тусдаа явах ёстой гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хамтдаа л хөгжих ёстой гэж зүтгэж байна. Таны хувьд мэргэжлийн хүний нүдээр харахад аль нь зөв бэ?

-Аль аль нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд оролцох ёстой. Гэхдээ тус тусынх нь хийдэг зүйл маш сайн тусгаарлагдсан байх хэрэгтэй. Арилжааны банк санхүүгийн зуучлалыг илүү консерватив байдлаар хийдэг. Хөрөнгийн бирж гэдэг арай өөр эрсдэлийн мэдрэмжтэй, өөр эрсдэл хүлээхэд бэлэн байгаа мөнгөний урсгалыг зуучилдаг зах зээл л дээ.

-Сүүлийн үед брокер диллерийн үйл ажиллагаа эрхлэх компанийн тоо эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ брокерийн үйлчилгээ эрхлэгчид ёс зүйн доголдолтой байгааг Та юу гэж үзэж байна вэ?

-Хүнд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх гэж байгаа бол өөрсдөө ёс зүйтэй байх ёстой л доо. Хөрөнгөө оруулсан л бол би өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг асуудал манайд харамсалтай нь байхгүй. Биржийг тойроод ажилладаг хөрөнгө оруулалтын сан, брокерийн пүүсийн үүрэг хариуцлага нь тодорхой, тэгээд мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан байж гэмээнэ хөрөнгийн зах зээл хөгжинө. Монголын газрын хэвлийд асар их баялаг байна. Тэнд хөрөнгө оруулж ирэхийн тулд зуучлал хэрэгтэй. Зуучлал гэдэг дундаас нь нэг хувь, 0.5 хувь авна. Дээр нь хөрөнгө оруулаад өгөөж авна. Манайд брокерийн үйл ажиллагааны эрх зүйн орчин нь хатуу биш болохоор асуудалтай байна л даа. Уг нь бол асар сайхан зах зээл байгаа. Тэр болгонд банкаар дамжаад санхүүжилт авах гэхээр банк хүссэн хүсээгүй консерватив байх ёстой. Тэр утгаараа банк нэлээд найдвартай юманд зээл өгөхөөс өөр аргагүй болдог. Тэгэхээр хүмүүс банк хүнд сурталтай гэж бухимдах нь бий. Тиймээс Хөрөнгө оруулалтын сангууд байх ёстой. Жишээ авъя л даа. Энд нэг хүн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд алдахад ардаа алдсантайгаа адил хэмжээний мөнгөтэй хүн байх юм. Холбогдох санхүүгийн зуучлалын байгууллагууд өөрсдийн түвшинд үнэлгээ хийгээд Та ийм эрсдэл хүлээж байгаа шүү, ийм эрсдэл хүлээж авах уу? “тийм”, зурлаа. Тэгээд банкаар дамжихгүй, хөрөнгө оруулалтын сан, брокерийн пүүс, хөрөнгө оруулалтын компаниудаар дамжуулаад хөрөнгөө босгоод авна. Үүнийг манай зарим банк хийх гэж байгаа л даа. Хийсэн тохиолдолд хадгаламж төвлөрүүлээд зуучилдаг үйл ажиллагаанаасаа тусдаа л явах ёстой.

-Та нэг толгойтой байж болно, харин үйл ажиллагаа нь тусдаа байх ёстой гэж үзэж байна уу?

-Тийм ээ, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг толгой компанийн дор хийж болох авч “Хас” банк дотроо тийм эрсдэлтэй хөрөнгө оруулалтын зуучлалыг хийж болохгүй.

-Хөрөнгө оруулалтын банк, бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг компани зэрэг санхүүгийн шинэ байгууллага Монголд бий болох боломж нөхцөл нь хэр байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банк Монголд асар хэрэгцээтэй. Яагаад гэвэл олон сайхан санаатай залуучууд байгаа тухай та бид хоёр дээр ярилаа ш дээ. Банкин дээр очихоор тэдний сайхан санааг санхүүжүүлж чаддаггүй. Хэдийгээр би хувь хүнийхээ хувьд тэр сайхан санааг дэмжиж байсан ч банк гэдэг байгууллагын хийх ёстой чиглэл нь тэр биш гэдэг утгаараа. Банк юу санхүүжүүлдэг вэ? Шинэ сайн төслүүдийг юу санхүүжүүлдэг вэ гэхээр дараагийн санхүүгийн зуучлагчийн хэрэгцээ гараад байгаа юм л даа. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын банкны хэрэгцээ их байгаа.
Менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ манайд хэдийгээр шаардлагатай байгаа ч тийм чадвартай хүн одоогоор байхгүй байна. Монголд орчин нь шал өөр учраас гаднын зөвлөхүүд энд ирээд үр дүнтэй зөвлөж чаддаггүй. Монголчууд тэдэнд ам сайтай биш байдаг. Өндөр цалин авч байгаад, юу ч хийлгүй явчихлаа гээд. Тэр гаднын зөвлөхийн буруу биш, харин манайд тэдний үйлчилгээг хүлээн авах түвшин тэр хэмжээнд байхгүй. Зохицуулалтын орчин нь байхгүй байдаг.

-Та банкны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй байна гэж ярьсан. “Хас” банкны хувьд ойрын хугацаанд ямар ажил хийхийг зорьж байна вэ?

-Цаашдаа бид үйл ажиллагаагаа нэлээд өргөжүүлэх зорилт тавьсан байгаа. Өргөжихийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой байдаг вэ гэхээр чадавхиа бүрдүүлэх ёстой. Тэр дотроо эрсдэлийн удирдлага дээрээ нэлээд анхаарал тавьж байгаа. Нөгөө талаар салбарын тоогоо нэмэгдүлээд, Монголын тархан суурьшсан иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэж зорих юм уу?, эсвэл тэртээ тэргүй хүн бүр гар утастай, интернэтэд холбогдож байна, тэр сувгаар нь банкны үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөлөөр хангах уу? гэдэг бодож үзэх асуудал болчихоод байна. Манай банкны хувьд хоёр дахь замаар явахыг зорино. Банк санхүүгийн үйлчилгээ цаашид мэдээллийн технологи дээр суурилж хүрэхээс өөр аргагүй байгаа. Тэр чиглэлд бид илүү эрчимтэй ажиллана даа. 400 салбарыг удирдаад санхүүгийн үйлчилгээг хүргэнэ гэж оролдвол эрсдэлтэй алхам. Нэгэнт хүн бүрийг төгс сайн хүн болгож чадахгүйгээс цааш ямар нэгэн алдаа гаргаж л таарна. Тэгээд ч яваандаа Монгол Улс маань хөгжөөд хүмүүс мэдлэгт тулгуурласан орлогыг чухалчлах болов уу. Дэлхийн хаана ч очоод ажилласан чадахаар чадавхитай болчихвол хөдөлмөрийн үнэ цэнэ харьцангуй өндөр болно. Гэхдээ монгол хүн бүр боловсролтой болчихвол теллерийн түвшинд ажил хийх хүн олдохгүй байлгүй/инээв/.

-Салбар нээхээс татгалзаж, банк санхүүгийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглаж хүргэх тухай Та ярьж байна. Гэтэл өнөөдөр манай малчид доод тал нь хоёр гар утас хэрэглэж байгаа ч дуудлага ирэхээр авдаг, буцаагаад залгадаг, зарим залуу малчид нь мессеж уншиж, бичихээс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, монголчуудын олонх нь банкны үйлчилгээг авах хэмжээнд хүртлээ гар утсаа эзэмшиж чадаагүй байгаа шүү дээ.

-Бэрхшээл тулгарна л даа. Утсаа ашиглаж чаддаг байсан ч гэсэн утсаар мөнгөө өгч, авалцана гэж юу байсан юм бэ? гээд итгэлцлийн асуудал юуны өмнө тавигдана. Үнэтэй цайтай юмаа өгчихөөд оронд нь утасны мессеж хүлээж авахаар малчид битгий хэл, хүнд сонин санагдана /инээв/. Аяндаа нийтээрээ хэрэглээд эхлэхээр хүмүүс хэрэглэхээс өөр аргагүй болдог зүйлүүд бий л дээ. Компьютер худалдаж авахаар хүссэн хүсээгүй хэрэглээний программ хэрэгтэй болдогтой адилхан.
Сүлжээгээ хийгээд эхлэхийн сацуу бүх нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулах талын ажлыг зэрэгцүүлээд л явах хэрэгтэй. “Энэ бол найдвартай санхүүгийн суваг шүү, энд эрсдэл байхгүй” гэдгийг таниулах ажлыг зөвхөн арилжааны банкуудаас гадна Монголбанк, бусад санхүүгийн салбарт санаа зовох хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Хэрэглэгчдийг боломжийн түвшинд очихыг хүлээгээд хэрэггүй, юмаа хийгээд л явж байх хэрэгтэй.

-Хөгжилд өрсөлдөх чадвар чухал. Монголын банк санхүүгийн салбарын өрсөлдөх чадвар өнөөдөр ямар түвшинд байгаа гэж Та бодож байна вэ?

-Манай банк санүүгийн салбарын өрсөлдөх чадвар харин ч харьцангуй хурдацтай явж байгаа гэж боддог. Яагаад гэвэл нүүрс ухаад зарна гэдэг шиг тодорхой зүйл биш. Хүнд үйлчлээд, үйлчилгээнийхээ орлогоор амьдардаг. Нэг талаас хадгаламж татах гэж том ажил болно. Дараа нь зээл гаргах гэж энэ хүн яах бол ийх бол гэж бөөн юм бодно. Энэ талаас нэлээд өндөр хүү өгч байж хадгаламж татна, нөгөө талд зээл хүсэгч бага хүү төлнө гэж зүтгэнэ. Тэр хоёрын зөрүүгээр явдаг. Нэлээд хэцүү орчинд үйл ажиллагаа явуулдаг болохоороо 10, 20 жил үйл ажиллагаа явуулсан манай арилжааны банкуудын хувьд орчинтойгоо зохицож сурч байгаа гэж хэлж болно. Тэгээд ч банкууд л мэдээлэл холбооны технологийг түрүүлж ашиглаж байна. Бид хүсэхгүй байлаа ч Төвбанк болон зохицуулах газруудаас үүнийг хий, хийхгүй бол үйл ажиллагаагаа хаа гэдэг хүртэл түвшинд шаардлагууд тавигдаад ирж байна шүү дээ. Нэгдүгээрт, сайн болохоос аргагүй гадаад хүчин зүйл байна. Хоёрдугаарт, манай банкуудын явсан түүх нь эрсдэлээ зөв удирдах аргыг номноос бус ёстой жинхэнэ амьдралаараа туулж өнгөрүүлсэн гэж хэлж болно.

-Гадаадад орнуудад арилжааны банкууд барьцаа хөрөнгө гэхээсээ илүүтэй сайхан төслийг нь илүүд үзэх нь байдаг гэсэн. Үүнийг манайд нэвтрүүлэхэд хэцүү юү?

-Тэр бол бүрэн боломжтой. Нэвтрэхээс ч өөр аргагүй. Тэгж л сурахгүй бол арилжааны банк эрхлэнэ гэж явахын ч хэрэг байхгүй л дээ. Тэгэхгүй бол эсвэл үл хөдлөх хөрөнгийн компани, эсвэл барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулаад явсан нь дээр байлгүй. Арилжааны банк бол илүү амьдрах чадвартай бизнесээс мөнгө олно. Дампуурчих юм бол барьцаа хөрөнгийг нь аваад зарчих юм даа гэсэн байдлаар суугаад байх юм бол байгаа газраа эргэлдэж байгаад удалгүй алга болно. Тэр утгаараа бид хичээгээд л байгаа. Гэхдээ манай банкны систем бүрэлдэж байгаа түүх маань бас нэлээд хүнд замаар явчихсан. Зээлдэгчдийн зүгээс ч банкны ажилтнууд, банкны удирдлагын зүгээс ч тохиолдож болох муу үлгэр жишээ бүхнийг үзээд, харчихсан.

-Монголын банкуудыг өөрийн хөрөнгөөр өсөж томрох боломжгүй гэдэг. Тэгвэл томрох боломж нь юу байх вэ?

-Өөрийн хөрөнгө гэдэг бол хувь хүний л хөрөнгө шүү дээ. Тэгэхээр Монголд уул уурхай биш юмаа гэхэд уул уурхайг дагасан 10 том аж ахуйн нэгжид нэлээд ахиу зээл олгочих дайны хөрөнгийг бүрдүүлэх хувь хүн байна уу, үгүй юү гэдэг өөрөө асуудал л даа. Ихэнх нь орлогоосоо илүүчлээд хадгаламж хийж байгаа хүмүүс байгаа ш дээ. Тийм болохоор дотоодоосоо хангалттай өөрийн хөрөнгийг бий болгоод банкуудыг томруулна гэхэд нэлээд хугацаа шаардана. Тэгэхээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаас гадна IPO гэж ярьдаг нийтэд хувьцаагаа гаргаж зарах ажил байж болно. Дотоодын болон гадаадын зах зээл дээр IPO хийж байж хангалттай өөрийн хөрөнгийн хүрэлцээ бий болж, тэр хэмжээгээрээ банкууд том төслүүдэд удаан хугацаагаар санхүүжилт олгох боломжтой болно л доо.

-“Хас” банкинд IPO хийх төлөвлөгөө байна уу?

-Бид төлөвлөснөөрөө томроод ирэх юм бол хийнэ. Одоо банкны актив 600-гаад орчим тэрбум төгрөг байна. Нэг их наядад хүрэхэд тун ойрхон байгаа. Үүнийг 4-5 дахин өсгөе гэж бодох юм бол IPO хийж л таарна. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжих нь томрох зүй ёсны зам.
Дэлхийн хэм­жээний ХХК гэж би сонсоогүй /ин­ээв/. Тэгэхээр бид хэр амжилттай явна, манай эдийн засгийн орчин аль хэр тааламжтай байна тэр тусмаа IPO гаргахаас аргагүй болох байх гэж бодож байна.

-Монголд компанийн засаглал гэдэг үгнээс цаашгүй байна л даа. Танай банкны хувьд үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Засаглалыг бид юу гэж ойлгодог вэ гэхээр шийдвэрүүд хэн нэгэн хүнээс хэт хамааралтай гарах ёсгүй гэж үздэг. Тийм орчин нөхцөл бизнесийн байгууллагад бүрдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал нь бүх юмыг мэдээд шийдээд байх ёсгүй. Аливаа шийдвэр олон өнцгөөс шүүгдэж байж гардаг тийм орчныг бүрдүүлэх нь чухал л даа. Түүнийг бүрдүүлэхийн тулд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн үүрэг асар өндөр. Манайд хуучин Компанийн тухай хуульд тусгасан байдаг болохоор бэлгэдлийн чанартай ТУЗ байгуулчихдаг. Гэтэл бодит утгаараа ТУЗ гүйцэтгэх захиралд ажил олгогч шүү дээ. Гүйцэтгэх захирал нэгдүгээр хүн, бусад нь бэлгэдлийнх гэдэг байдлаар хандаж болохгүй.

-Та банкир хүний хувьд Монгол Улсынхаа хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ. Хөгжих боломжтой хэрнээ хөгжихгүй байгаа нь юутай холбоотой санагддаг вэ?

-Хөгжихгүй байгаа гол шалтгаан хуучин юмандаа хэт баригдаад ч юм уу байна л даа. Хүний амьдралын мөчлөг 12 жил байдаг ш дээ. Тэгэхээр 12 жил дотроо янз янзын хүмүүс солигдоод, хуучны туршлага дээр үндэслэж шийдвэр гаргадаг биш, ирээдүйд юу хэрэгтэй байна вэ гэдэг бодит байдалд үндэслэж шийдвэр гаргадаг үе гарч ирэх ёстой байх. Тэгж байж зоригтой шийдвэр гаргана. Мэдээж алдана. Гэхдээ буруу саналгүй гаргасан алдаа, муу юм бодож хийсэн алдаа хоёрын үр дагавар өөр шүү дээ. Ойрын 12 жилд манай хөгжил очих цэгтээ нэлээд дөхсөн байх болов уу гэж бодож байна.
Нөгөө талаар Монгол Улс цөөхөн хүн амтай. Хуучин цөөхөн хүн амыг сул тал гэж үздэг байсан бол одоо давуу тал болчихлоо. Яагаад гэвэл ихэнх баялаг мэдлэгт суурилж бүтээгддэг болсон. Техник технологи хөгжөөд олон хүн ажиллуулаад байх ч хэрэггүй болчихлоо. Хөдөлмөр түлхүү зарцуулдаг эдийн засгаас мэдлэг зарцуулдаг эдийн засаг руу дэлхий нийт шилжиж байна. Манай Монгол Улс цөөн хүнийхээ боловсролд анхаараад, дэлхийн ажилтан болгох хэрэгтэй. Миний хувьд монгол хүний хөдөлмөрийн зах зээл дэлхий байх ёстой л гэж боддог.

-“Хас” банкны шинэхэн гүйцэтгэх захирал Бат-Очирыг хүмүүс ажил, мэргэжлийн туршлага талаас нь сонирхох нь мэдээж. Та өөрийнхөө түүхийг тэр талаас нь товчхон сонирхуулахгүй юу?

-Миний хувьд “Хас” банктай үүсэн байгуулагдахаас нь холбоотой хүн л дээ. Анх төслөөр үйл ажиллагаагаа эхлэх үеэс л ажилласан. Өв хөрөнгө өвлөж аваагүй, энд тэнд лиценз зарж баяжаагүй мэргэжлийн менежер хүн /инээв/.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1998 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөн даруйдаа Монголын хөрөнгийн биржид ажилд орсон. Тэр үедээ “НҮБ-аас хэрэгжүүлэх төсөлд монгол ажилтан сонгон шалгаруулна” гэсэн зарын дагуу шалгуулахаар очсон. Ганц би ч биш манай Хөрөнгийн биржийн дөрөв, таван залуу хамт очиж, шалгуулсан л даа. Тэнд одоогийн Сангийн яамны дэд сайд Ч. Ганхуяг надаас долоо хоногийн өмнө сонгогдоод орчихсон байсан. Тэгээд уг төслийн Техник туслалцааны баг гэж сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг нэгжид нь сургагч-нябо гэдгээр ажлаа эхэлсэн. Дараа нь санхүүгийн зөвлөх, санхүү эрхэлсэн захирал гээд ер нь хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага талаа түлхүү хариуцаж байсан. Тэгээд 2006 онд Fulbright-ийн тэтгэлгээр АНУ-д Бизнес­ийн удирдлагын магисрт яваад, Олон улсын санхүүч гэдгээр мэргэшиж төгссөн. 2008-2009 оныг хүртэл банк­ны эрсдэл, хөрөнгө олох, бүртгэл талыг хариуцаж байгаад мөн оноос борлуулалт, бизнесийн үйлчилгээ тал руугаа орсон л доо. Тэгээд 2010 оны нэгдүгээр сард одоогийн Сангийн дэд сайд Ч.Ганхуяаг “Надад төрийн хариуцлагатай албанд ажиллах санал ирж байгаа. Би ч гэсэн банкны ажлыг арав гаруй жил хийчихлээ. Өөр сорилт үзэж, даван туулмаар байна” гэдэг хүсэлтээ танилцуулаад, түүнийг нь манай ТУЗ зөвшөөрсөн. Тэгээд “Хас” банкны М.Болд захирал Ганхуягийн оронд “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод, би 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ ажлыг хийж байна даа.

-Монголын шинэ залуу топ менежерүүдийн төлөөллийн хувьд Та бизнесээ дөнгөж эхлээд байгаа, эсвэл шинэ санаатай яваа залуучуудад зөвлөгөө өгөхгүй юу?

-Битгий шантраарай л гэж хэлэх байна. Яагаад гэвэл манайх хөгжөөгүй улс. Хөгжсөн улсад гоё санааг дэмждэг сангууд ч юм уу, хөрөнгө оруулалт нь байж байдаг. Монголд тэр бол байхгүй. Сайн дээд боловсрол эзэмшье гэхэд ч гадаадад бол болно. Манайд бол нэлээд урт удаан зам туулж байж гадагшаа гарна. Тэглээ гээд бууж өгөөд, нам сууж болохгүй. Зүтгээд яваад байвал амьдрал бараан байгаа талаар бодох ч завгүй, урагшлаад л байна.

-Залуу хүний хувьд өөрийн ажил мэргэжлийн туршлагаасаа нэмж зөвлөхгүй юү?

-Гол нь багаараа зөв ажиллаж сурах. Тэгээд мэдээж оролцоотой шийдвэр гаргаж байх ёстой. Өөрөө бүхнийг мэддэг юм шиг явна гэвэл гүйцэтгэх захирлын хувьд тийм боломж нь ч байхгүй. Гүйцэтгэх захирал гэдэг бол байгууллага зөв чиглэлд явж байна уу гэдэг том зургийг харж, хянах ёстой албан тушаал. Хэчнээн мэддэг чаддаг байсан ч гэсэн мэргэжлийн түвшний ажлыг хүнд зааж явж байтал чинь маш сайн хөлөг онгоц хадан хясаа мөргөчих магадлалтай. Хүн бүр өөр өөрийн ажлыг хийж байх ёстой. Мэргэжлийн түвшний шийдвэрийг би гаргаад утгагүй. Би чиглэлээ өгөөд, хүмүүс маань боловсруулаад, тэд шийдвэрээ гаргана. Тэгж түвшин түвшний хүмүүст ажлаа хийх боломжийг нь олгож байж зөв явна уу гэхээс “миний хэлснээр хий” гээд газар дээр бууж чаддаггүй хүн чинь газар дээр хэрэгжих шийдвэрийг гаргах гээд дайраад байвал байгууллагад эмгэнэлтэй л дээ.

-За цаг зав гаргаж, манай сэтгүүлд ярилцлага өгсөн танд талархлаа.

-“Mongolian Economy” сэтгүүлийг цаашдаа орон даяар тархсан, мэргэжлийн гэж үнэлэгдсэн сэтгүүл байгаарай гэж ерөөе.