Монгол хүний эрхэм чанараа гээлгүй зөв амьдрахыг уриаллаа

Адуун сүргийн дэл дээр давхиж яваа эр хүнийг, саалийн хувингаа гартаа барьж гунхаж яваа бүсгүйг, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг гарган, ялалтыг авчрах баярын нулимстай тамирчныг, насаараа мал дагасан буянтай буурал өвөөгөө, монгол нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг хараад би өөрийн эрхгүй омогшдог. Хүн бүхэн л өөрийн гэсэн омогшиж, бахархах зүйлтэй байдаг. Тэгвэл гадаадад амьдарч буй монгол хүн бүхэн эцэг эхийнхээ нэрээр биш эх орноороо овоглодог учир улам илүү эх орноо гэсэн сэтгэлтэй, өмөөрч хамгаалах, тэмүүлэх зүйлтэй байдгийг “Эртэч Монгол” өглөөний уулзалтын зочин Бельги дэх Монголчуудын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Н.Мөнхнасан онцолсон юм.

Дэлхий дээр албан бус тоогоор 10 сая гаруй Монголчууд бий. Тэд бүгд л хүний нутагт суурьшиж, ажиллаж амьдарч буй. Гэхдээ хүний газар очихоороо эх орноо илүү ихээр хайрлаж, хөгжил, цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Үүний нэг нь Белги улсад 20-иод жилийн өмнөөс өөрийн нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч буй Н.Мөнхнасан юм. Тэрбээр амьдрал хүнд хэцүү байсан ч үндэсний өв уламжлал, ёс заншлаа дээдлэн, хүүхдүүддээ зааж сургаж, монголоо алдсан хүн болчихоос сэрэмжилдэг аж. Тиймээс Бельги дэх монголчууд нэгдэж Бельги дэх монголчуудын холбоо болон “Соёмбо” хөдөлгөөнийг бий санаачлан, бий болгожээ. Тэдний гол зорилго нь үндэсний өв уламжлалаа хүүхдүүдээ өвлүүлэхээс гадна шинээр ирж буй хүмүүсээ ажлын байранд зуучлах, хүмүүстэй танилцуулах зэргээр гаднын оронд хөлөө олоход нь тусалдаг юм байна. Түүнчлэн Үндэсний баяр наадам, Цагаан сарын баяраа хамтран хийж, шагайн наадам, спортын наадам, нум сум харвах зэргийг зохион байгуулдаг аж. Мөн монголчууддаа тусалж, хөрөнгө оруулалт хийх боломж олдлоо гэхэд төр засаг, бусад байгууллагын зүгээс хүлээж авах боломж тааруу байдгийг ч хэлсэн. Өөр нэг түүний илтгэлдээ дурдсан чухал санаа нь, гадаададад амьдарч буй монголчуудаа эх оронд нь эргүүлж авчрах, ялангуяа өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг залуучуудаа Монголдоо эргэн ирж, хөрөнгө оруулалт хийн ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон.

Монгол хүн хаана ч явсан нэгдэж чадвал тэнд хүч, оюун ухаан, эх орноо гэх чин сэтгэл цогцолдог. Эцэст нь, агуу Чингис хааны үр сад бид дэлхийн хаана ч байсан өв соёл, зан заншил, монгол хүний эрхэм чанараа гээлгүй зөв амьдрах хэрэгтэйг уулзалтын үеэр уриалсан юм.