Монгол хүүхдийн хөгжил ямар байна вэ?


Үндэсний статистикийн хорооноос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд хөгжил” судалгааг дөрөв дэх удаагаа улсын хэмжээнд явуулж өнөөдөр үр дүнгээ нийтэд танилцууллаа. Энэхүү судалгааг нийт 10500 өрхийн дунд явуулсан бөгөөд хүүхдийн эрүүл мэнд хооллолт, хөгжил ямар байна вэ, эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн анхаарал тавьдаг юм бол зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй судалгаа авчээ. Түүнчлэн энэхүү судалгаа нь дэлхийн олон оронд нэгдсэн нэг арга зүйгээр явагддаг учраас манай улсын хүүхэд эмэгтэйчүүдийн байдал бүс нутаг болон дэлхийн түвшинд хаана явна гэдгийг харьцуулж харах боломж олгодгоороо энэ төрлийн бусад судалгаанаас онцлог юм байна.

Хүүхдийн эрүүл мэнд

Тав хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн их эрсдэл дагуулдаг аюултай өвчнүүдийн тоонд уушигны хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог. Хүүхдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд зохих арга хэмжээг авч, зөв үр дүнтэй эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, улмаар эрүүл мэнд, өсөлт хөгжил, амь насанд нь учирч болох эрсдэлийг бууруулахад чухал хүчин зүйл болдог.

Энэхүү судалгаанд хамрагдсан тав хүртэлх насны нийт хүүхдийн хоёр хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд уушигны хатгалгаа өвчнөөр өвдсөн байж болзошгүй байсан бөгөөд тус өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 87 хувийнх нь эхчүүд мэргэжлийн эмчид хандсан бол 72 хувьд нь антибиотик эмчилгээ хийсэн байна. Эхчүүд аливаа өвчний шинж тэмдгийг мэддэг байх нь хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэхгүй түргэн шуурхай эрүүл мэндийн байгууллага эсвэл эмчид хандах нөхцөлийг бүрдүүлдэг. Гэтэл судалгаанд хамрагдсан тав хүртэлх насны хүүхэдтэй 15-49 насны нийт эмэгтэйчүүдийн ердөө ганцхан хувь нь уушигны хатгалгаа өвчний үндсэн хоёр шинж тэмдэг нь хүүхдийн амьсгал нь олшрох, эсвэл саадтай болохыг мэдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Хүүхдийн хоол тэжээл

Хүүхдийг хоёр нас хүртэл насанд нь тохирсон аюулгүй, тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөхийн зэрэгцээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй байдаг. Хоол хүнсээр шимт бодис, бичил тэжээлийг зохих хэмжээнд авснаар хүүхэд бие бялдар, өсөлт хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних эх суурь тавигддаг.

Хүүхдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд зохих арга хэмжээг авч, зөв үр дүнтэй эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, улмаар эрүүл мэнд, өсөлт хөгжил, амь насанд нь учирч болох эрсдэлийг бууруулахад чухал хүчин зүйл болдог.
Гэтэл судалгаагаар нойлоос таван сартай 10 хүүхэд тутмын ердөө зургаа нь эхийн сүүгээр дагнан хооллож, зургаагаас найман сартай 10 хүүхэд тутмын найм нь нэмэгдэл хоолонд зохих хугацаанд орсон, түүнчлэн 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь л насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн үр дүн гарчээ. Үүнээс гадна хүүхдэд өгч буй нэмэгдэл хоол нь зохих давтамжиндаа хүрэхгүй тохиолдол түгээмэл байгаа нь 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж гурав нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байгаагаас харагдсан байна.
Хүүхэд тав хүртэлх насандаа хоол тэжээлийн эмгэгийн нэг хэлбэр болох уураг илчлэгийн дуталд орох магадлал өндөр байдаг байна. Хүүхдийн хоол тэжээлийн байдал сайжирч байгаа хэдий ч энэ насны хүүхдүүд уураг илчлэгийн дуталд орох явдал манай оронд байсаар байгаа нь зургаан хүүхэд тутмын нэг нь өсөлт хоцролттой буюу насандаа тохирохгүй намхан байгаагийн шалтгаан юм.
Хүүхдийн хөгжил

Хүүхдийн амьдралын эхний гурав дөрвөн жил нь тэдний оюун ухааны хөгжлийн хамгийн оргил үе гэж үздэг. Тиймээс энэ үед аливаа зүйлийг танин мэдэхэд нь эцэг эх, гэр бүлийн гишүүд дэмжлэг үзүүлдэг байх нь хүүхдийн хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог байна.

Монгол улсад дээрх насны хүүхдийн хөгжлийн индексийг анх удаа олон улсын арга зүйн дагуу тооцож үзэхэд 88 гарсан бөгөөд үүнийг нарийвчлан авч үзвэл бие бялдрын хөгжил болон сурах чадвар нь зохих хэмжээнд байгаа хүүхдийн хувь хамгийн их буюу(100 ба 99 хувь) байгаа бол нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь 87 хувь гэж гарсан байна. Харин, цагаан толгойн үсэг, тоо нэрлэх, унших чадвар эзэмшсэн хүүхдийн хувь 15 байна. Энэ нь манай орны сургуулийн өмнөх боловсролын агуулга учир дутагдалтай байгааг харуулж буй юм. Нөгөө талаас, сургуулийн өмнөх боловсролоор олгодоггүй чадварыг эзэмшсэн хүүхдийн хувь дээрх хэмжээнд гарч байгаа нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш байх талтайг судалгааны багийнхан онцолжээ.
Энэхүү судалгааг зөвхөн төр, засгийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачдад зориулаагүй юм. Нийт олон түмнийг өөрсдийн амьдралдаа тусган авч үзэж анхаарал хандуулж,буруу хандлага дадлыг өөрчлөөсэй гэдэг үүднээс хийсэн аж.