Монполимет компани цементийн үйлдвэр байгуулна

Туркийн нийслэл Истанбул хотноо болсон “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны жил бүрийн уулзалт”-ын хүрээнд ЕСБХБ болон Монгол Улсын Монполимет группын төлөөлөгчид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтын эхний шатны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цемент үйлдвэрлэх "Монцемент" төслийг Монполимет группын охин компани болох “Сэнж Сант” компани хэрэгжүүлэх юм.

Энэ үеэр ЕСБХБ-ы Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннет “Сэнж Сант компанид оруулж буй энэхүү хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь авч үзвэл хөрөнгийн хэмжээгээрээ төдийгүй тус улсын эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэхэд маш чухал, томоохон алхам болоод зогсохгүй манай банкны Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааны хувьд түүхэн чухал үйл явдал болж байна” хэмээжээ.

Мөн Монполимет группыг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “ЕСБХБ-ны оруулж буй энэ санхүүжилт нь улсын маань хөгжлийг тууштай дэмжиж байгаагийн баталгаа юм. ЕСБХБ-ны оролцоотойгоор шинэ ноу-хау нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн шилдэг арга туршлага, технологи, байгаль орчинд хамгийн ээлтэй стандартуудыг хэрэгжүүлж, хүйсийн тэгш байдлыг ханган ажиллах болно” гэв.

“Сэнж Сант” компанийн "Монцемент" төслийн цементийн үйлдвэр нь 2015 онд бүрэн ашиглалтад орох бөгөөд нийтдээ 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож, дотооддоо европ стандартын, олон төрлийн цемент үйлдвэрлэх юм.