Москва санхүүгийн төв болно

Оросын хамгийн том үнэт цаасны зах зээл Хөрөнгийн бирж өөрийн хувьцаагаа олон нийтэд худалдаалахаар шийдвэрлэсэн тухай BBC мэдээллээ. Энэ нь тус хөрөнгийн бирж хувьд шилжинэ гэсэн үг аж. Тэдний зүгээс хувьцаагаа өөрийн бирж дээрээ арилжаалах гэнэ. Хувьцааг гадаад, дотоодын иргэн компани худалдан авах бүрэн боломжтой.

Хөрөнгийн биржийнхэн нийт 500 сая ам. долларын хөрөнгийг хувьцаагаараа дамжуулан босгоно хэмээн төлөвлөж байгаа аж. ОХУ-ын зах зээлд монополь эрхтэй “Газпром”, “Лүкойл” тэргүүтэй томоохон компаниуд тус хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг.

Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Александр Афанасев “Хувьцаа арилжаалах гэж буй нь олон улсын санхүүгийн зах зээлийн төв болохоор чармайж буй Москвагийн байр суурийг бэхжүүлэх зорилгын нэг. Түүнчлэн олон улсын болон Оросын хөрөнгө оруулагчид манай санхүүгийн зах зээлийг түлхүү сонирхох хүчин зүйл болно” хэмээн тайлбар өгчээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины ирэх жилүүдэд хийж гүйцэлдүүлэх томоохон зорилтуудын нэг нь Москваг голлох санхүүгийн төвүүдийн нэг болгох юм. Гэсэн ч тус улсын газрын тос, хийнээс бусад салбарт хөрөнгө оруулах боломжийг хээль хахууль, бизнесийн салбар дахь Засгийн газрын хэт оролцоо зэрэг сөрөг хүчин зүйлс хойш татсаар буйг олон улсын байгууллагууд тайландаа тусгасан байдаг.

2011 онд “Moscow Interbank Currency Exchange” буюу Москвагийн дотоод банкны валют, арилжаа болон “Russian Trading System” буюу Оросын худалдааны систем хоёрыг нэгтгэснээр Москвагийн хөрөнгийн биржийг байгуулж, одоогийн нэрийг нь дөнгөж өнгөрсөн жил өгсөн билээ. Тэр үеийн хэлцлийн дүнгээр хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 4.5 тэрбум ам.доллар байсан юм.

Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг орлож байсан өмнөх байгууллагууд нь Зөвлөлт Холбоот улс нуран унасны дараа буюу 1990-ээд оны Борис Ельциний шийдвэрээр байгуулагдаж байсан байна. Оросын Төвбанк Хөрөнгийн биржийн 24 хувийг эзэмшдэг бөгөөд тэдний зүгээс дээрх хувьцаа худалдах үйл ажиллагаанд өөрсдийн хувийг оролцуулахгүй аж.