Мянган жилийн ганцаардал

Сэтгүүлч Г. Даваадорж

Ереван хэдийгээр багахан хот ч маш баялаг түүхтэй. Энэ онд 2798 жилийн ойгоо тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, Ромоос 29 насаар ах юм. Домогт өгүүлснээр “Ереван” гэдэг нэр усан галавын үед бий болжээ. Усны түвшин доошлон хуурай газар харагдахад Ной “Ерева анд!” (“тэнд харагдаж байна”) гэж хашхирчээ.

Паспорт дээрх тамга харчихаад “Чи Азербайжан руу яах гэж явсан юм?” гэж хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтан асуув. Миний “Зүгээр л сургалтанд суусан юм” гэсэн хариулт хангалтгүй санагдсан бололтой, тэрхүү сургалтад ямар хүмүүс оролцсон, яагаад оролцох болсон, ямар ажил хийдэг зэргээр богинохон байцаалт авлаа. Паспорт дээрх бүх бичээс, тамга, тэмдэглэгээг нэгд нэггүй шалгав. Хоосон хуудсуудыг нь ч үлдээсэнгүй. Надтай хамт ирсэн орос голдуу зорчигчид хэдхэн секундын дотор нэвтэрч байхад би 10 орчим минут зогссоны эцэст тамгаа даруулж Бүгд Найрамдах Армен Улсын нутаг дэвсгэрт хөл тавилаа.

Онгоцны буудлын үүд орчмын дэлгэц дээр “Davaadorj Ganbaatar. Welcome to Armenia” гэж бичсэнийг харахад сайхан байлаа.

Монголын тал нутагт намрын сэрүү орж эхэлсэн ч Армений нийслэл Ереванд зуны нар төөнөж байна. Намайг зочид буудалд хүргэж өгсөн таксины жолоочийн хэлснээр наймдугаар сарын +40 давсан аагим халуун буурч харин ч сэрүүсээд байгаа нь энэ аж. Ер нь Армений уулархаг нутагт зундаа халуун, өвөлдөө хүйтэн, эрс тэс уур амьсгалтай.

Ереваны төв өргөн чөлөөгөөр зочид буудалдаа очих зуур таксины жолоочоос Армен улсын тухай анхны мэдээллээ авав.

Гайхалтай нь энэ улсад гурван сая гаруй хүн амьдардаг ч гадаадад амьдардаг арменчууд түүнээс хоёр дахин их аж.

Арменчууд хэдийгээр МЭӨ ХII зуунд бүрэлдсэн өнө эртний угсаатан ч геополитик, шашин шүтлэгээс үүдэж хамгийн адармаатай түүхэн хувь заяаг туулсан ард түмэн. Армен нь Ромын Эзэнт гүрнээс эхлээд Перс, Араб, Монгол, Турк, Оросын эрх мэдэл дор зовж зүдэрч байв. “Армений диаспор” буюу нутгаа орхин гарсан үндэсний цөөнхийн үзэгдэл 1375 онд Киликийн хаант улс мамлюкуудын дайралтаар мөхөж арменчууд төрт улсаа алдсан цагаас эхлэлтэй.

Гэхдээ арменчууд хэдэн зуун мянгаараа эх нутгаасаа дүрвэн гарахад хүргэсэн гол шалтгаан нь Османы эзэнт гүрний үед 1915 онд армен үндэстнийг аймаглан устгаж, албадан гаргаж, цөлж байсан явдал юм. Улс төр, цэрэг дайн, шашин шүтлэг, үзэл санаа зэрэг олон зүйлээс үүдэж Осман дахь турк, армен үндэстнүүдийн хооронд зөрчил, мөргөлдөөн хурцадсаар байсан юм. Энэ нь явсаар өнгөрсөн зууны эхээр Османы эрх баригчид Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан шалтгааныг арменчуудад тохож тэднийг аймаглан устгасан (“Genocide”) аймшигт он жилүүд өнгөрчээ. . Энэ асуудал орчин үед ч хурцадмал хэвээр байна. Чухам хэдэн армен хүн алагдсан талаар түүхч бүр өөр өөр байр суурьтай байх бөгөөд 0.2 – 1.5 саяын хооронд хэлбэлздэг.

Дөрөвдүгээр сарын 24-нд геноцидын үед амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэдэг. Эдүгээ 102 жилдээ энэ арга хэмжээг зохиож байнаӨнөөгийн Туркийн эрх баригчид 1915 онд олон зуун армен алагдсан гэдгийг үгүйсгэдэггүй ч “геноцид” буюу хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Нөгөө талаас арменчууд ингэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш их хөрөнгө, хүч зардаг. Википедиа нэвтэрхий толийн “Арменчуудын геноцид” гэсэн материал англи, орос хувилбарууд 500 гаруй удаа, турк хувилбар 100 гаруй удаа засагдсан байв. Англи хувилбарын сүүлчийн засвар энэ нийтлэлийг бичихээс гурав хоногийн өмнө, орос хувилбарын засвар нийтлэлийг бичсэн өдөр хийгдсэн байв.

Армен загалмайтны шашинтай Кавказын улс. МЭ IV зуунд уг шашныг төрийн шашин болгосон нь энэ ард түмний түүхэнд эргэлтийн үе болжээ. Тиймээс лалын шашинт угсаатнуудаар хүрээлүүлсэн арменчууд олон зуун жилийн турш сүсэг бишрэлийн хувьд гадуурхагдаж иржээ.

Одоогийн байдлаар Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, Дундад Ази, Кавказ, Зүүн өмнөд Азийн орнууд болон ОХУ-д нийтдээ 7-8 сая армен угсаатан амьдарч байна.

Ереван хот. Эрх чөлөөний талбайЭдүгээ БНАУ нь Турк, Азербайжан улсуудтай дипломат харилцаагүй, хил нь хаалттай. Азербайжанчууд Арменд алдсан газар нутаг гэж үздэг Уулын Карабахад үе үе мөргөлдөөн гарна. 2016 оны дөрөвдүгээр сард Карабахын зөрчил хурцдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй Карабахын БНУ, Азербайжаны хооронд дөрвөн өдрийн дайн болж, хоёр сарын дараа ОХУ-ын санаачилгаар гал зогсжээ. “Ноднин жил Карабахад буун дуу гарахад Орост амьдардаг 1.5 сая арменчуудаас 500 мянга нь сайн дураараа байлдах хүслээ илэрхийлсэн” гэж таксины жолооч хэлэв.

Арарат хайрханы ар хормойд

Ереван хэдийгээр багахан хот ч маш баялаг түүхтэй. Энэ онд 2798 жилийн ойгоо тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, Ромоос 29 насаар ах юм. Домогт өгүүлснээр “Ереван” гэдэг нэр усан галавын үед бий болжээ. Усны түвшин доошлон хуурай газар харагдахад Ной “Ерева анд!” (“тэнд харагдаж байна”) гэж хашхирчээ.

Арарат уулын ар хормойд байрласан Ереван зүгээр нэг хот биш, архитектурын гайхамшиг гэж хэлж болно. Хотын ихэнх барилгыг “туф” буюу шохойн бөсөл чулуу буюу галт уулын чулуулгаар барьсан учир хот тэр чигээрээ бүдэг ягаан өнгөтэй харагддаг.

Хотын оршин суугчдын хэлснээр Месроп Маштоцын өргөн чөлөөний дагуу явахад эртний сүмээс эхлээд амтат шорлог хүртэл хотын амьдралтай танилцаж болох аж. Хуучны барилгууд орчин үеийн шилэн барилгуудтай хослон байрласан гудмуудаар зугаалж буй жуулчин армян коньяк амсаж, кавказ шорлог идэхгүй бол алдас болно.

Хамгийн их хөлтэй газар бол Дуурийн театрын орчим. Ялангуяа оройн цагаар театр болон, хотын хойд өндөрлөгт орших “Каскад”-ын эргэн тойронд Ереваны амьдрал буцалж байдаг. Каскад нь Ереваны хамгийн том архитектурын байгууламж. Нийт 572 гишгүүр, таван түвшин бүхий шаттай. Түвшин бүр дээр гоёмсог усан оргилуур, музейтэй. Каскадын бэлд орчин үеийн Ереваны ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан архитекторч Таманяны хөшөөтэй жижигхэн гудамж байна. Жуулчид энэ гудамжнаас шатаар өгсөн төрөл бүрийн усан оргилуур, уран баримал, музей, үзэсгэлэнгийн заалаар дамжсаар хамгийн дээд хэсэгт нь хүрэхэд Ялалтын талбайд хүрнэ. Ийм байдлаар Каскад нь уулын орой дээр болон уулын бэлд орших хоёр хэсгийг холбоно. Ялалтын талбайгаас Ереваныг бүхэлд нь харж болно. Уг талбайн ойролцоох Төв цэцэрлэгт хүрээлэнд “Армений эх” хэмээх сэлэм барьсан эмэгтэйн аварга хөшөө сүндэрлэжээ. Мөн тэнгэр цэлмэг байвал эндээс Их, Бага Араратын орой үзэгдэнэ.

Ереван хотын бас нэг сонирхолтой объект бол конъякийн үйлдвэр. Хотын дундуур урсдаг Раздан гол дээрх Ялалтын гүүрний хоёр талд “Ной” болон “Арарат” гэсэн хоёр том үйлдвэр байрладаг. Жуулчид ердөө таван ам.доллар төлөөд үйлдвэрээр орж армян коньяк амталдаг аж.

ОХУ болон Дундад Ази, Дорнод Европын сэтгүүлчидтэй хамт дөрөв хоногийг Ереванд өнгөрүүлэх боломжийг “Thomson Reuters Foundation” байгууллага олгосон юм. Есдүгээр сарын 18-ны өдөр “Звартноц” нисэх буудлаас Арменыг орхин гарахын өмнө мөн л хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтанд багахан байцаалт өглөө.

Энэ удаад шалган нэвтрүүлэх ажилтан надаас “Монгол тусгаар тогтносон улс уу?” хэмээн асууж гайхашруулав.