МҮЭХ: Ханшийн зөрүүг барагдуул

УИХ-ын хаврын чуулганд хаягласан сонордуулгыг энэ сарын 4-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбооноос өргөн барьжээ. Үүнд иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой хөтөлбөр багтсан аж.
Дээрх хоёр байгууллага нь үндэсний түншлэгч болохын хувьд УИХ-д өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар саналаа илэрхийлэх эрхтэй гэж үзэж байгаагаа хэллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал, ажлын байрыг хадгалах тал дээр шинэчлэл хийж үр дүнтэй шийдэлд хүрэх.

Мөн 2013-2014 онд баталсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу үнэ бүрдэлтийн тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах мөнгөний бодлогын хэрэгжилт зэрэг асуудлыг УИХ-ын Хаврын чуулганаар авч хэлэлцэхийг хүсчээ.
Учир нь ханшийн зөрүүнээс болж хохирсон ард иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах талаар Хаврын чуулганы хэлэлцэх хөтөлбөрт байхгүй байна. Тиймээс МҮЭХ хуралдаж дээрх асуудлыг тусгасан сонордуулгыг маргааш дахин өргөн барьхаар болжээ.