Мөнгөний бодлогын төгөлдөршил

Төсвийн төсөлтэй зэрэгцэн мөнгөний бодлогоо хэлэлцэх нь өдийд болдог чухал үйл явдлын нэг. Ирэх онд ямар мөнгөний бодлого хэрэгжих эсэхээс эдийн засгийн өнгө тодорхой болж, хэтийн ирээдүй эндээс үлэмж хамаарах нь дамжиггүй. Тиймээс Монголбанкны ирэх онд хэрэгжүүлэхээр зэхэж буй мөнгөний бодлого анхаарал татах нь зүйн хэрэг. Нөгөө талаасаа мөнгөний бодлого гэдэг та бидний талх, мах, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж чадахуйц хүчтэй арга хэрэгсэл. Ийм үед Төвбанкны мөнгөний бодлого аль зүгт хандаж байгааг анзаарах бус анхааралтай сонсох чухал. Сонсоод мартах бус сануулж байх нь илүү чухал. Гэхдээ хойтон жилийн мөнгөний бодлогоо түр азная. Харин өнөө жилийн мөнгөний бодлого эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэсэн гэдэгт “шүүх”-ийн тогтоол унших цаг болжээ. Энэ оны мөнгөний бодлого тэсгэл алдан тэмүүлж буй хөгжилд хүргэх “гүүр” болж чадсан уу.

Өдрөөс өдөрт өсөлтийн хурдаа хасаж байсан эдийн засагт мөнгөний бодлого нөлөө үзүүлж дөнгөв үү. Царцаад байсан зээлийн эргэлтэд нөлөөлсөн үү. Хадуурч мэдэх ханшийн савлагааг зөөллөж, инфляцийн дарамтаас салгасан уу. Зогсонги байсан барилгын салбарт бодиттой дэмжлэг үзүүлсэн үү. Жолоогүй үнийн өсөлтөд “хазаар” болж амжсан уу. Дундаж давхаргаа бодсон уу. Өрхийн амьдралд өөрчлөлт авчирсан уу. Гэр хороолол бага ч гэсэн шингэрхэд тусалсан уу. Орон сууцанд олон айл нүүхэд хүргэсэн үү. Асуулт бүр хариулт нэхнэ.

1.

Орон сууцтай болох нь олон монголчуудын хүсэл. Уг хүслийг биелүүлэхийн сацуу ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг Монголбанк хэрэгжүүлээд намартай золгов. Тус хөтөлбөр хэрэгжиж эхлээд 50 хоног хэдийнэ өнгөрсөн ч зээлийн санхүүжилт хүссэн өргөдөлд арилжааны банкууд дарагдсаар байна. Эрэлт хэтэрсэн ч нийлүүлэлт татарсангүй. Бодит эрсдэл байсан ч хөтөлбөр зогссонгүй. Эцэст нь банкууд 16222 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Ингэснээр сар тутам бүсээ чангалж, 800 мянган төгрөг тушаадаг байсан Доржийн амьдралд 300 мянган төгрөг бараг л гулсаад ирлээ. Иргэд 516.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 8654 иргэнд 497 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Моргейжийн тогтолцоо Монголын эдийн засагт шинэ алхам байлаа. Хэдий өмнө нь байсан ч одоогийнх шиг хүчтэй давлагаа байсангүй.

2.

Барилгын салбар өмнөх жилтэйгээ харьцуулахад 125 хувийн өсөлт үзүүлчихээд байна. Мэдээж амжилт. Нүдний өмнө бодиттой сүндэрлэх бүтээн байгуулалт энэ оны онцлох тусгал мөн. Хөрөнгө оруулалт саарсан /41 хувиар/, уул уурхай салбар уналтад орсон, Оюутолгойн асуудал удааширсан /улстөржилт/, Хятадын эдийн засаг алгуурласан энэ он урьд жилүүдийнхээс амаргүй байсан нь үнэн. Гэсэн ч Монгол Улсын ДНБ 11 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Унаж байсан эдийн засаг урьдын өсөлтөө хадгаллаа.

Германы “Ifo” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ханс-Вернер Зинн “Энэ бол тун сайн өсөлт. Гэхдээ БНХАУ-ын өсөлтийг дагадаг. Эдийн засгийн нөхцөлөөр аваад үзвэл Монгол Улсын нийт экспортын 90 хувь нь урд хөршөөсөө хамааралтай. Энэхүү үйл явц хүндхэн байгаа боловч илүү сайн зохион байгуулах боломжтой” хэмээн тэмдэглэсэн юм. Эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагаст 11.3 хувь байгаа нь өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад ойролцоо түвшинд байгаа нь энэ. Монголбанкны зорилт сорилт болж, ирэх жилийн мөнгөний бодлоготойгоо уулзлаа.

3.

Өсөлтөд нүүрснээс илүүтэй хөдөө аж ахуйн салбар “татаас” болсныг үгүйсгэх аргагүй. Угаас манай эдийн засгийн бүтэц хоёр суурьтай яваа. Нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуйн салбар гэдэгтэй уншигч та санал нийлнэ биз ээ. Эдийн засагт гарсан ээлжит эерэг үзүүлэлтээс иш татвал, Орон сууцны ипотекийн зээл нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл ил тод болж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээг бус хэмнэлтийг онцлох болжээ. Тэд ажилтай, орлоготой байхын зэрэгцээ илүү ажиллах, хөдөлмөрлөх ёстойг ойлгож, нийгмийн баялаг бүтээх идэвхи эрс сэргэсэн байна.

Өнгөрсөн оны төгсгөлд хумигдаад байсан зээл энэ онд жолоогоо тавьжээ. Эдийн засгийн суурь нөхцөл таагүй байсан ч банкны сектор найман хувийн импотекийн зээл олгохын сацуу “хөлдөөд” байсан хөрөнгө оруулалтыг орлосон бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд түгээж, салбарын нийт муу зээл гурван хувьтай тэнцэж байна. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт энэ оны эхний хагаст 15.9 хувьд хүрч өнгөрсөн гурван жилийн дунджаас 3.1 нэгж хувиар сайжирчээ. Түүнчлэн банкуудын олгосон зээлийн өрийн үлдэгдлийн жилийн өсөлт энэ оны наймдугаар сарын байдлаар 46 хувь байгаа нь өнгөрсөн гурван жилийн дундажтай ойролцоо түвшинд байна.

Нийт М2 мөнгө энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаа жилийн 20 хувийн өсөлттэй байгаа нь өнгөрсөн гурван жилийн дунджаас хоёр дахин бага өсөлттэй гарсан нь ирэх оны эдийн засгийн “зурхай” өөдрөг байх нь гэсэн горьдлого төрүүлсээр. Монголбанкнаас нийт дүнгээрээ 2.8 их наяд төгрөгийг эдийн засагт хийсэн нь инфляцийг тогтворжуулах анхны тохиолдол юм. Уг мөнгө нь ажлын байраа хадгалах, эдийн засгийн бодит өсөлтийг хамгаалах зорилготой байсан. Үр дүнд нь 170 мянган ажлын байр зах зээлд тогтож үлдэв.

4.

Эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлж байдаг суурь инфляци өнгөрсөн гурван жилийн дунджаас 5.9 хувиар буурч, өрхийн эзэгтэй нарт гэнэтийн бэлэг боллоо. Улсын хэмжээнд инфляцийн түвшин энэ оны наймдугаар сарын байдлаар жилийн 9.4 хувь болж, өнгөрсөн гурван жилийн дунджаас гурван нэгжээр буурчээ. Тэгвэл махны үнийн өсөлт өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.1 дахин бага байгаагийн зэрэгцээ гурилын үнэ хөдөлсөнгүй. Өмнө нь бид давхар оронтой инфляцийн дарамтыг үүрч явсан. Өдгөө дан дугуйтай жирийлгэж яваа нь энэ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон очих хугацаа өнгөрсөн гурван жилийн дунджаас харгалзан 3.1 болон 2.2 дахин түргэсжээ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдээс замдаа үнэ нь өсөөд ирдэг байсан бараа, бүтээгдэхүүн цаг хугацаа алдахгүйгээр хэрэглэгчдэд төвөггүй хүрдэг болсныг тод гэрчилнэ.

Хэзээд асуудал үүсгэж байдаг шатахууны үнэ энэ онд харьцангуй томоотой байлаа. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлж байдаг шатахууны үнэ тогтворжиж, өсөлтийн шалтаг болсонгүй. Өглөө сэрэхэд шинэ үнэ тогтоох хуучны арга ард хоцорлоо. Газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц энэ онд 95 мянган тоннд хүрч, өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.2 дахин өсөөд байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар АИ-92 шатахууны үнэ литр тутамд 75 төгрөгөөр, дизелийн түлшний үнэ 145 төгрөгөөр өсөж байсан бол энэ онд өсөөгүй нь эдийн засгаа тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарсных биз ээ.

5.

Инфляцитай тэмцэхийн тулд, төлбөрийн тэнцэлийн алдагдлаас гарахын тулд, улсын төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд аль ч талаас нь “улстөржиж” харсан Монголын эдийн засагт дотоодын үйлдвэрлэл чухал байгааг дахин сануулъя. Импортоос хэт хамаарах Монгол Улс цаашаа хэр хол зам туулах вэ. Хэрвээ манай дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй бол нөхцөл байдал даамжирсаар л байх болно. Импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь биелэх боломжтой мөрөөдөл. Тиймээс ч ирэх жилийн мөнгөний бодлого энэ зүг залж байгаа нь сайн хэрэг. Товчхондоо, экспортын чадамжтай болж байж инфляцийг сөрөн зогсох бус уу. Тэгэж гэмээнэ Монголын бодит өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засаг дархлаа сууна. Хэр баргийн ханшийн хөдөлгөөн, металлын уналтад донслоод байхгүйгээр оршин тогтноно. Цаашилбал, урт хугацаатай мөнгөний эх үүсвэр бий болж, тэтгэвэрийн сан орлогожих үүд нээгдэнэ. 20 орчим сар үргэлжилж байгаа гадаад худалдааны шок, хоёр сонгууль дамжсан төсвийн том тэлэлт, алдагдал гаарсан нь энэ оныг улам ч эвгүй байдалд оруулсан. Гэсэн ч хямрал ард үлдэх шиг боллоо. Хойтон жилийн мөнгөний бодлого өнөө жилийнхээс илүү төгөлдөрших болтугай.