Мөнгөний бодлогын шинэ чиг хандлага

Улаанбаатар хот санхүүгийн төв болжээ. Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал, хурлын өмнөх дээд түвшний семинар есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. "Мөнгөний бодлогын шинэ хэв шинж болон санхүүгийн салбарын макро уялдаа" сэдвээр тэд ийн чуулсан юм. Уг хурлыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал даргалан хуралдуулсан бөгөөд хуралд БНХАУ, БНСУ, БНВУ зэрэг Зүүн Өмнөд Азийн нийт 16 орны Төв банкны дэд ерөнхийлөгч нар болон гүйцэтгэх зөвлөлийн удирдлагууд оролцсон юм. Тэд үсрэнгүй хөгжиж буй Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлогын үндсэн чиг хандлагыг авч хэлэлцлээ.

Мөн хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн савлагааны үед санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, Санхүүгийн мөчлөг, түүнд тохируулсан хариу бодлого, Хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын өөрчлөлтөд хөгжиж буй орнууд хэрхэн бэлтгэх вэ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн дэлхийн гол Төв банкууд эдийн засгийн өсөлтөд өмнөхөөс илүү анхаарал хандуулах болсноор мөнгөний бодлого хэрэгжүүлэх арга барилд шинэ орчин бүрдэж байгааг тэмдэглэсэн юм. Цаашид Зүүн Өмнөд Азийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх арга барилд зохих хэмжээний өөрчлөлт гарахын зэрэгцээ шилжилтийн үе ирж байгаа гэдэгт Азийн Төв банкуудын дэд ерөнхийлөгч нар санал нэгдлээ.