М.Лхачинбал: Манайх экспортын махны доод хязгаарын үнээ нэмнэ

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбалтай ярилцлаа.

-Засгийн газраас шинээр нөөцийн мах бэлтгэхээр шийдвэр гаргасан. Манайд одоогоор хэчнээн тонн нөөцийн мах байна вэ?

-Улсын хэмжээнд 2011 оны мах бэлтгэлээр 16 мянган тонн мах нөөцөлж, гурван газар төвлөрүүлсэн. Улаанбаатар хотод 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000 тонн махны нөөц бий. Цагаан сарын өмнө 5000 тонн махыг зах зээлд гулуузаар нь нийлүүлсэн учраас нийслэлд 7000 тонн мах үлдсэн. Хонь мал тарга тэвээрэг сууж, нойтон мах гарах үе хол. Хаврын тарчиг цагаар нөөцийн мах бэлтгэх юу л бол. Долоон тонн мах гэдэг нийслэлчүүдийн ирэх хаврын 20 хувийг л чадан ядан хангана гэсэн үг. Манайд төрийн зохицуулалт алга. Төрийн байгууллага нь учраа олохгүй. Одоо мах бэлдэхээр гаргаж буй 40 тэрбум төгрөгөө өнгөрсөн оны зургаадугаар сард гаргаад махаа бэлдэх боломж байсан. Үүнийг олж хараагүй.

-Нөөцийн мах бэлтгэж буй компаниудад асуудал байна хэмээн зарим хүмүүс шүүмжилдэг. Үнэхээр махны компаниудад асуудал байна уу?

-Засгийн газраас гаргаж буй шинээр нөөцийн мах бэлдэх ажил бол өнгөрсөн борооны хойноос цув нөмрсөн хэрэг. Жил бүр нөөцийн мах бэлддэг, бэлдсэн хэдэн компани нь алдагдалд орж, муу нэр хүлээдэг. Тиймээс төрөөс нөөцийн мах бэлддэг энэ байдлаа халах цаг болжээ. Улаанбуудайн сан гэдэг шиг махны нөөцийн сан гэж төрд байх ёстой. Махны нөөцийн сан гэж бий болгоод сангаасаа жил бүр махны үйлдвэрийн компаниудад гэрээ байгуулж, урьдчилж мөнгөө өгөөд махаа бэлддэг байвал хэн хэндээ амар юм. Төр өөрийн гэсэн махандаа үнээ тогтоогоод зах зээлд нийлүүлж болно. Манай гишүүн компаниуд нөөцийн мах бэлтгэж, кг тутамд нь 500 төгрөгийн алдагдал хүлээсэн. Дахиад нөөцийн махны асуудалд компаниуд оролцохгүй болов уу. Махны үнийн өсөлтөөр дамжуулан бизнес хийж байгаа, ашиг хонжоо хайсан хүмүүст хэтэрхий их байна.

-Төрөөс нөөцийн мах бэлтгэгч компаниудад кг тутамд нь урамшуулал төлж байгаа шүү дээ. Эхнээсээ компаниуд алдагдалаа тооцож үзсэн баймаар юм. Урамшуулалаа аваад эхэлсэн үү?

-Нөөцийн мах бэлтгэж буй компаниуд төрөөс нэг ч төгрөг аваагүй. Цэвэр өөрсдийнхөө хүчээр 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Хувиасаа нийтдээ 40 гаруй тэрбум төгрөг гаргасан байна билээ. Өнөөдрийг хүртэл 5000 хүртэл тонн мах худалдсан боловч кг тутамд 800 төгрөгний урамшуулал аваагүй, 1300 төгрөгний алдагдал хүлээж байгаа. Төрөөс урамшуулалаа авсан ч 500 төгрөгийн алдагдал орно. Махаа хямд үнээр борлуул, бид кг тутамд 800 төгрөгний урамшуулал өгнө гэсэн боловч асуудал дорвитой шийдэгдсэнгүй. Олон тэрбум төгрөг төрөөс мах бэлтгэдэг компаниуд авчихаад ажлаа хийхгүй байгаа юм шиг л харагдаж байна. Махны үнийг намууд улстөржүүлж болохгүй. Мах бол нийгмийн хангалтын асуудал.

-Ер нь нөөцийн мах бэлтгэдэг энэ байдал хэр үр дүнтэй арга вэ?

-Манай нөхцөл байдалтай нөөцийн мах бэлтгэх нь 2006 оноос уялдаж, тохирч байсан. Харин одоогийн нөхцөл байдал өөр болж эхэллээ. 2006 оноос хойш мах, малын үнэ нь кг тутамдаа, хотондоо өссөн. Нийт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ ч дандаа өсөж явсан. Нөөцийн мах бэлтгэдэг энэ арга үеэ элээсэн, үүргээ ч гүйцэтгэсэн. Уг нь нөөцийн мах чинь зах зээлийн махны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүн амын орлого багатай хэсэгт зориулагдсан юм шүү дээ. Гэтэл зорилтод хэсэгтэй хүрч чадахгүй байна. -Экспортын махыг ирэх долоодугаар сарын 1 хүртэл зогсоосон. Дотоодын зах зээлийн махны үнийн өсөлтөд экспортын мах эерэг байдлаар нөлөөлж чадах болов уу? -Дотоодын зах зээлийн махны асуудалыг шийдэх гэж энэ арга хэмжээг авсан нь зөв. Манай махны зах зээлд хятадын зах зээл өнгөрсөн жилээс орж ирсэн. Тэд нэлээд хэмжээний мах нөөцөлж авсан. Түүнийг барьж авч дотооддоо үлдээх, зах зээлд нийлүүлэхэд дээрх шийдвэр шахалт болно. Манай махны экспортын гол түнш бол Орос. Дотоодын зах зээлд махны үнэ өссөнтэй холбогдуулан манайх экспортын махны доод хязгаарын үнээ нэмнэ.

-Кг махны үнэ дээд тал нь 10000 төгрөгт хүрэх болсон гол шалтгаан нь юу вэ?

- Малчны хотонд малын үнэ өнгөрсөн оны долоодугаар сараас хойш өсөлттэй явж байна. Гэхдээ малын өсөлт бол зүй ёсны өсөлт. Харин 7000-8000 төгрөгний өсөлт бол хамжааргагүй зүйл. Өнөөдөр хонь үхрийн мах кг нь 6000 төгрөг байвал болж байна. Махны үнээр ашиг хийж байгаа, ямар ч бүртгэлгүй далд эдийн засгийг хөгжүүлэгчид их байна. Тэдэнтэй төр татварын бодлогоор тэмцэж, нөлөөлөх хэрэгтэй. 2010 онд 11 тонн мах Монголын зах зээлээс хятадууд аваад явсан. Махны үнэ ийм байх ёстой гэсэн баримжаатай төрийн хатуухан бодлого алга.