М.Чимэддорж: Хэт их савлагаатай эдийн засаг эрсдэлд ойрхон

Эдийн засагч М.Чимэддоржтой ярилцлаа.

-Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах томоохон төслүүд хэрэгжих гэж байна. Төсөлд ямар шалгуур тавих ёстой вэ?

-Хөрөнгө оруулах гэж буй төслийнхөө өгөөжийг харах хэрэгтэй. Мэдээж дэд бүтцийн төслийн үр дүн өнөөдөр, маргаашдаа гарахгүй. Дэд бүтцийн салбар өөрийн гэсэн бүтээн байгуулалтын хугацаатай. Үүний дараа өгөөжөө урт хугацаанд алгуур өгч эхэлдэг. Чингис бондоос дэд бүтцийн төслүүдэд зарцуулах гэж байгаа нь зөв. Үүнээс гадна урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хүний хөгжилд хандсан хөрөнгө оруулалт дутмаг байсан. Мөн богино хугацаанд үр шимийг нь хүртэх боломжит төсөлд хөрөнгө оруулахад буруудахгүй. Төсөл нь өнөөдрийн тулгамдсан олон асуудлын нэг байх хэрэгтэй. Энэ бүхний нэгдэл эдийн засгийн бодит өсөлтийн суурь болно.

- Ажиллах хүчний хомсдол эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна уу?

-Өнгөрсөн 10 жилд банк санхүү, уул уурхай, худалдааны салбарын өсөлт давамгайлж байсан. Энэ жилээс барилга, дэд бүтцийн өсөлт түүчээлнэ. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд ч өөрчлөлт гарч байна. Барилга, эрчим хүч, зам, инженерийн шугам сүлжээ, суурь дэд бүтцийн салбарт ажиллах хүчний хэрэгцээ огцом өсөх хандлагатай байна. Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж буй ажлын байрны 50 орчим хувь нь мэргэжлийн ажилтан гэсэн шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ зах зээлд үүсээд байна. Үүний 60 хүртэлх хувийг манайх хангах боломжтой.

-Цаана үлдэж буй 40 хувийг яах вэ. Ажиллах хүч импортолно гэсэн үг үү?

-Дотоодын ажлын байрыг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ 40 хувийг хангах ажиллах хүч бэлдэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манайд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 70 орчим төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвөөр дамжуулаад богино хугацаанд мэдлэг олгох сургалт явуулж байгаа ч эрэлтийг 100 хувь хангаж дийлэхгүй. Шалтгаан нь урт хугацаанд боловсролын тогтолцоог эргэж хараагүйтэй холбоотой.

ХҮЛЭЭЛТ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ИНФЛЯЦИ БУУРАХ ТОМ ХӨШҮҮРЭГ

-Монголбанкны Ерөнхийлөгч инфляцийг нэг оронтой тоонд аваачих зорилт тавьсан. Зорилт биелэх боломж байна уу?

-Инфляци эдийн засгийн нэг төрлийн хэмжигдэхүүн. Эдийн засагт юу болж байгаа хэмжиж байдаг индикатор. Бодит тооноос үзэхэд инфляци буурч байна. Цаашдаа ч дунд хугацаанд буурна гэж харж байгаа. Тиймээс Төвбанкны зорьж буй нэг оронтой инфляцийн зорилт биелэх найдвар байгаа. Гэхдээ инфляцийн бууралт хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь илүү сонин. Эдийн засаг тодорхой хэмжээний инфляцитай байж өөрийнхөө өсөлтийг урамшуулдаг. Тиймээс ямар ч эдийн засагт бага хэмжээний инфляци байна гэсэн үг. Хоёр оронтой инфляци бол хэт өндөр тоо. Өндөр инфляци ирээдүйн худалдан авагчдад мөнгө үнэ цэнэгүй болно гэсэн хүлээлтийг өдөөж байдаг. Хүлээлт сөрөг байх тусмаа үр дагавар нь таагүй байх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан мөнгөний бодлого мөнгийг хумихад чиглэж байсан. Нэг талд нь Засгийн газар асар их хэмжээний мөнгө тарааж байсан учраас үүнээс өөр сонголт үлдээгүй. Энэ удаад Монголбанк Засгийн газар хамтраад Үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай эдийн засагт буй инфляци бол нийлүүлэлтээс үүдсэн инфляци. Тиймээс нийлүүлэлтийн талын хүчин зүйлийг багасгаж байгаа нь инфляци буурахад эерэг байдлаар нөлөөлнө. Иргэдийн хүлээлт өөрчлөгдөх нь инфляци буурах том хөшүүрэг.

-Таны харж байгаагаар хөтөлбөр үр дүнгээ өгч байна уу?

- Инфляцийг бууруулах арга зам тодорхой байдаг. Зах зээл дээр буй мөнгө, барааг тэнцвэржүүлэх эсвэл мөнгө нь илүүдээд байвал багасгах, бараа нь хомсдоод байвал нэмэгдүүлэх. Хөтөлбөрийн гол зорилго бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх. Тиймээс хөтөлбөрийн үр дүнд инфляци буурна. Үүнээс гадна эдийн засагт буй үнийн өсөлт хэвийн түвшинд очих байх. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бодит үнийг худалдан авна гэсэн үг. Дунд хугацаанд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн гол оролцогчдын хүлээлтийг өөрчлөхөд маш дөхөм болно. Хөтөлбөрийн үр дүнг инфляци буурсан гэж хэмжиж болох ч өрөөсгөл. Иргэдийн хүлээлт хэрхэн өөрчлөгдсөн гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд хэрэглэгчдэд төгрөг үнэ цэнэтэй болно гэсэн итгэлийг авчрах хамгаас чухал. Одоогоор хөтөлбөрийн үр нөлөө бага багаар харагдаж эхэлж байна. Гэхдээ энэ бол богино хугацаанд гарч буй эерэг өөрчлөлт. Хэт их савлагаатай эдийн засаг эрсдэлд ойрхон. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдлыг манайх хангах хэрэгтэй.

ТӨВБАНК ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ

-Үнийг тогтворжуулах хөтөлбөрт эрсдэл бий юү?

-Өнөөдөр хөтөлбөр хэрэгжиж байх явцад эрсдэл ийм, тийм байна гэж хэлэхэд эрт байна. Зөвхөн хөтөлбөрийн хүрээнд эрсдэл байна уу гэж үзвэл өнгөц харсан хэрэг болно. Тиймээс эрсдэлийг олон талаас харах хэрэгтэй. Монголбанк, Засгийн газраас үл хамаарсан эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Мөн Засгийн газраас хамаарах улс төрийн эрсдэл ч бий. Уг нь Засгийн газар, Төвбанк бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шаардлагатай мөнгийг Төвбанкнаас зээлэх замаар нэмэгдүүлэх юм бол энэ өөрөө эрсдэл. Өөрөөр хэлбэл, мөнгөний бие даасан бодлого алдагдах суурь нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг. Татварын мөнгөнөөс гадна Төвбанкинд хуримтлагдсан валютын нөөцийг зарцуулах сонирхол Засгийн газарт байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газрын сонирхлыг Төвбанк өөгшүүлж болохгүй.

-Инфляци ямар түвшинд байвал эдийн засагт таатай вэ?

-Инфляци зөвхөн үйлдвэрлэлийг урамшуулах төдий хэмжээнд байх ёстой. Инфляци буурч байж мөнгөний нэрлэсэн үнэ, бодит үнийн хоорондын зөрүү багасна. Өнөөдөр дэлхий дээр буй хамгийн өндөр хүүг арилжааны банкинд бизнесийнхэн төлж байна. Үүнийг цаад шалтгаан нь инфляци. Инфляци тогтвортой байгаа нөхцөлд бизнес эрхлэгчид 5-6 хувийн хүүтэй зээл авах боломж байгаа. Монголбанк төгрөгийн үнэ цэнийг тогтвортой хадгалах нь бодлогын үнэ цэнэ. Тиймээс төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байх нь эдийн засгийн өсөлтийг хангах суурь хүчин зүйл. Тиймээс инфляци хэдий чинээ нам түвшинд байна эдийн засагт төдий чинээ таатай байдал бүрдэнэ.

-Иргэдийн хүлээлт эдийн засгийг удирдаж байна уу?

-Хүлээлт хэзээд эдийн засагт чухал оролцоотой байж ирсэн. Тэд хүлээлтэд үндэслэн шийдвэрээ гаргаж байдаг. Сүүлийн үед иргэд бэлэн мөнгөө банкинд бус үл хөдлөх хөрөнгөнд байршуулах сонирхолтой болж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байх нэг төрлийн бараа бүтээгдэхүүнд найдах замаар мөнгөө хөрвүүлж байна. Мэдээж тухайн иргэнд ашигтай боловч нийт эдийн засагт сөрөг үр дагавар авчрах талтай. Үүнийг аль аль талдаа анхаарах хэрэгтэй.

-Эдийн засгийн тогтвортой өсөлтөд мөнгөний бодлого хэрхэн нөлөөлөх вэ?

-Урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлт мөнгөний бодлогод үндэслэж байдаг. Татварын бодлого, сангийн бодлогын нөлөөлөл эдийн засгийг хөгжүүлдэг үндсэн гарц биш. Энэ бол хямралын үед эсвэл эдийн засгийн өсөлт удааширч буй нөхцөлд сангийн бодлогын үр нөлөө илүү байдаг. Урт хугацааны эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур багана бол мөнгөний бодлого гэдгийг дахин хэлье. Мөнгөний бодлогоор инфляцийг удирдах боломжтой. Гэхдээ сангийн бодлоготойгоо нийцэж байвал илүү үр дүнтэй. Манай эдийн засаг цоо шинэ боломжийн өмнө ирээд байна. Үүнийг давалгаа гэж хэлж болно. Тиймээс аль болох боломжийг зөв ашиглах хэрэгтэй.