“Найрамдал” төсөл Дархан хотыг Европтой ойртуулав

Монгол Улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг Дархан хот өдгөө ид хөгжин цэцэглэж байна. Хүмүүсийн хүсдэг цэвэрхэн, амар амгалан, монгол хүний уужуу тайван занг энэ хотоос олж харна. Наад зах нь зам дээр уралдаж давхилдах, хэн нэгнийхээ урдуур орж бачимдаж түрэмгийлэх нь үгүй. Хүлээцтэй, тайван байх нь биширмээр. Ийм хотод хир халдаамгүй. Энэ хот Улаанбаатарын алдааг давтах ёсгүй гэх бодол төрнө Дархан хот нь Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтэц сайтай гээд олон давуу талтай. Түүгээр зогсохгүй энэ хотод олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хамгийн том нь “Найрамдал” төсөл. Европын Холбооны хамтарсан 3 сая еврогийн санхүүжилтийг Дархан хот Төв Азийн бүсээс ганцаараа авч чадсан гээд боддоо. Үүнийг дагаад Улаанбаатарт ч ховорхон болдог томоохон хэмжээний туршлага солилцох олон улсын томоохон форумуудыг Дархан хотдоо төдийгүй Европын Холбооны хотуудад “Найрамдал” төслийн багийнхан хийгээд амжжээ. Дархан хотыг анх 1961 онд хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Зүүн Герман зэрэг улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн түүхтэй.
“Найрамдал” төсөл хэрэгжсэнээр Европын Холбоо, Монгол Улс, Дархан-Уул аймгийн хамтын ажиллагаа, хөгжлийн цар хүрээ тэлэв
Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдаж байв. Тус хотод аж үйлдвэр ид хөгжиж, залуус газар бүрээс ирж суурьшин, тэдний итгэл сэтгэл, хөдөлмөрөөр энэ гоё хот бий болсон байдаг. Тиймээс Дарханыг залуусын, найрамдлын хот гэж нэрлэдэг. Тэгвэл Найрамдлын гэх тодотголтой Дархан хот өнөөдөр дэлхийн 14 улсын 9000 хоттой нэгдээд байна. Тодруулбал, “Найрамдал” төслийн буянаар Европын томоохон хотуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах болжээ. Ийнхүү хамтран ажиллах үүд хаалгыг “Найрамдал” төсөл нээж өгсөн байна. Дархан бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготойгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС ийн Дархан дахь салбар сургууль болон Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум хамтран 2022 оноос эхлэн гурван жилийн хугацаанд “Найрамдал” төслийг хэрэгжүүлж байна.
“Дархан ХААИС”-ийн профессоруудын санаачлан боловсруулж, аймаг орон нутгийн удирдлагын баг дэмжин хэрэгжүүлж байгаа тус төсөл нь Европ Монголын олон талт харилцааг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, инновацад суурилсан бизнес эрхлэлтийг дэмжих, тэгш хүртээмжтэй, тогтвортой ногоон эдийн засгийн экосистемийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, тодорхой салбаруудад зорилтот төслүүд хэрэгжүүлжээ. Тухайлбал, Дархан-Европын бүс нутгийн форум, Европ-Дарханы инновац, энтрепренершип төвийг байгуулж, ус, хог хаягдал, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хотын ногоон хөгжил болон нийгэм, мэдээллийн технологийн энтрепренершипийг дэмжсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах уг томоохон хэмжээний төсөл нь Засгийн газар хоорондын хэлэлцээний замаар бус нийгмийн институциудын санаачилгаар орон нутагт анх удаа хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Төслийн үр дүнд Дархан-Уул аймагт цахим засаглал хөгжиж, засаглалын бодлого боловсруулалтад иргэдийн оролцоо нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар хүртээмж дээшилсэн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. Төслийн хүрээнд төрийн албан хаагчид, удирдлагуудыг чадавхжуулах олон сургалт, форумыг зохион байгуулжээ. Мөн ухаалаг, ногоон хөгжлийг дэмжсэн зорилтот төслүүдийг дэмжиж, арван аж ахуйн нэгж тус бүрд 20 мянган еврогийн санхүүжилт олгосон байна. Хамгийн том ололт гэвэл, Дархан-Уул аймаг Европын Холбооны гурван хоттой найрамдалт хамтын ажиллагааг үзэглэж, олон улсын байгууллагуудад гишүүнээр элсээд амжжээ. Дархан хот “Найрамдал” төслийн үр шимээр дэлхийн хот болох эхлэлээ ийнхүү тавьсан гэхэд болно. Европын Холбооны Тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудын төвлөрлийг сааруулах, Европын хотуудтай олон талаар хамтран ажиллах санал санаачилгыг дэмжих чиглэлээр хэрэгждэг аж.
Европын Холбоо төвлөрлийг сааруулах чиглэлээр бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэл рүү илүү их анхаарч буй. Хотууд хамтрах, бие биеэсээ суралцах нь хамгийн зөв гарц гэж үздэг бөгөөд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг хүчтэй байх нь улс орон хөгжих суурь болдог тул Европын Холбооноос хэрэгжүүлдэг аль ч төсөл хөтөлбөрт хамрагдах олон боломж бий болсоор байна. Ийнхүү Дархан хотын гадаад харилцааг шинэ шатанд гаргахыг бэлгэдэн, Европын хотуудтай урт хугацааны түншлэл бий болгохыг зорьж төслөө “Найрамдал” гэж нэрлэсэн нь ч учиртай. “Орон нутаг хүчтэй байж улс орон хөгжинө” гэсэн Европын хотуудын үзэл санаа Дарханд аль хэдийн биеллээ олсон байна.
“Найрамдал” төслийн Дархан-Уул аймагт оруулах хувь нэмэр
Хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Дархан-Европын бүс нутгийн форум байгуулах /ДЕФ/-хамтын ажиллагааны уулзалт
- Тэргүүн туршлага солилцох форум
- Туршлага судлах айлчлал, солилцооны хөтөлбөр
Иргэдийн оролцоот засаглалыг дэмжих
- Төрийн албан хаагчдыг чадавхжуулах
- Дархан форум байгуулах, Дархан-Уул аймгийн удирдах ажилтан, иргэдийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулах
- Ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих цахим засаглалын нэгдсэн платформ бий болгох
- Дархан форумыг сурталчлан таниулах, иргэд олон нийтэд чиглэсэн арга хэмжээ болон нөлөөллийн аян зохион байгуулах
Европ-Дарханы инновац, энтрепренершип төвийг байгуулах
- Нийгэм, технологийн салбарын энтрепренерүүдэд зориулсан ерөнхий болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
- Энтрепренерүүдэд гарааны хөрөнгө оруулалт, техникийн дэмжлэг үзүүлэх
- Шилдэг энтрепренерийг шалгаруулах
- Вэбсайт болон маркетинг хөгжүүлэлтийн платформ бий болгох
- Европын холбооны улсад энтрепренерүүдийн албан айлчлал зохион байгуулах
Зорилтод төслүүд хэрэгжүүлэх
- Ус, хог хаягдал, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хотын ногоон хөгжлийг дэмжсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх
- Нийгмийн хөгжил болон мэдээллийн технологид суурилсан энтрепренершипийг дэмжсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх
/”Найрамдал” төсөл тусгай дугаараас 2025.06 сар/