Намрын ногоон өдрүүд үргэлжилж байна

Анхны цас, сүүлчийн бороотой “Уяхан замба тивийн наран” эгшиглэж, бороотой өдрийн зөөлөн салхиар шинэхэн жимс ногооны үнэр ханхийх ажээ. Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах зорилгоор ҮХААЯ-наас жил бүр зохиодог “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ долоо дахь жилдээ нээлтээ хийж байгаа нь энэ. “Намрын ногоон өдрүүд”-ийг нээж Шадар сайд Д.Тэрбишдагва “Газар, дэлхийгээ аргадаж ирсэн Монголчууд биднийг тэнгэр, хангай эвээж энэ жил ургац арвин, сайхан намар болж байна. Тэр ч утгаараа энэ удаагийн үзэсгэлэн урд жилүүдийнхээс өргөн дэлгэр, өнгөлөг сайхан харагдаж байна” гэв. Үнэхээр л “Мишээл экспо”-ийн босгыг давах төдийд л уг үзэсгэлэн яармагт оролцож буй 800 орчим иргэн, аж ахуйн нэгж, 70-80 орчим хүнс үйлдвэрлэгч компанийн төрөл бүрийн хүнсний ногоо мөхөөлдөс, давсалсан загас, жимс жимсгэнэ гээд төрөл бүрийн амттан дэлгэсэн лангуу угтах нь намар аргагүй л баян улирал юм гэх бодлыг бадраах ажээ. Үзэсгэлэнг сонирхон яваа Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн иргэн Г.Цэнгүүн “Ийм том хэмжээний үзэсгэлэн, улирал бүр болдог бол гоё юм байна. Аль эсвэл хүнсний томоохон захууд өнөөдрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаад амталгаа болон товч тодорхой тайлбарыг худалдан авагчидадаа хүргэж байвал их зүгээр юм шигээ. Энэ нь нэг талаар үйлчилгээний соёл. Мөн монголчууд Хятадын чанаргүй бараа гэж “хараан” байж хэрэглэхийн оронд дотооддоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээ хэрэглэх нь сэтгэлд өег. Манай монголчууд хүнсний үйлдвэрлэлээ дотооддоо хангаж чадахаар болсон гэдэг нь бэлэхнээ харагдаж байна” гэв. Орчин үеийн амьдрал, эдийн засгийн байдлаас хамаарч хүмүүс органик хүнсийг өдөр тутам хэрэглэхийг зорих болсон. Харин Монголын хөрсөнд тарьж, химийн бодисоор бус сэтгэлээрээ бордож, хөдөлмөрөөрөө бий болгосон хүнсний бүтээгдэхүүн бүр органик гэх шалгуурт тэнцдэг гэдгийг холбогдох хүмүүс хэлдэг. ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Тунгалаг “Бид хэдийгээр дотоодын хүнсний ногоо сайн, цэвэр байгалийн гаралтай гэж байгаа ч үүнийгээ батлах хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын явуулын лабартори хүнсний чанар аюулгүйн байдлыг дор бүр нь шалгаж байгаа. Хэрвээ үйлчлүүлэгчид хүнсний чанар, аюулгүй байдалд эргэлзэж байвал газар дээр нь шалгуулж болох юм” гэлээ. Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Зөв хооллолт” гэх нэрийн дор зохион байгуулж байгаа аж. Тэр ч утгаараа Нийслэлийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзэсгэлэнд оролцохоор ирсэн зочдод эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд зогсохгүй, таны жин, өндөр, цусны даралт зэргийг үзэж хэр зөв хооллодог хүн болохийг тань хэлээд өгч байна.

Тус үзэсгэлэнд гаднын орнууд оролцож байгаагаараа нэлээд онцлогтой болж байгаа юм. Үзэсгэлэнд оролцохоор ОХУ-ын Буриад, Итали, Франц зэрэг орнууд саналаа ирүүлсэн аж. Одоогоор үзэсгэлэн Францийн дөрвөн том хүнсний компани өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, туршлага судлах зорилгоор оролцож байгаа юм байна. Францийн компаниуд эрчимжсэн мал аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг, усан үзэм, дарсны үйлдвэрлэл гээд өөрийн орны брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа гэнэ.

“Намрын ногоон өдрүүд”-д оролцогчид ч энэ удаагийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байлаа. Сэлэнгэ аймгаас оролцож байгаа хүлэмжийн аж ахуй эрхэлдэг Ц.Оюунгэрэл “Би тус арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэн илүү өргөн хүрээнд болж байна. Урд нь зөвхөн хүнсний ногооны үзэсгэлэн шиг болдог байсан бол өнөөдөр нийт хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байгаа нь сайшаалтай” гэв. Мөн үзэсгэлэнд оролцогчдийн зүгээс “Ногоочид бид өнөөдөр ажиллаж ажиллачихаад ченжүүдэд нэг килограмм төмсөө 250-300 төгрөгөөр зардаг. Гэтэл хотод нэг килограмм нь 1000 төгрөг байх юм. Тарьж ургжжлах гэж зовсон бид нар ашиггүй шахуу зарж байхад ченжүүд ингэж үнэ хөөрөгдөх нь зохимжгүй. Тиймээс энэ тал дээр төр засаг анхаарах хэрэгтэй байна” гэв. Энэ талаар “Намрын ногоон өдөр”-ийг сонирхохоор ирсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ер нь аливаа орны үндэсний аюулгүй байдлаа бататгах нэг гол асуудал бол дотоодынхоо хүнсний хэрэгцээг өөрсдөө хангах байдаг. Харамсалтай нь манайхан энэ тал дээр хангалттай дүн авч чаддагүй. Тухайлбал, 30-40 төрлийн хүнсний ногоогоор өөрийн орны хэрэгцээг бүрэн хангах боломж бидэнд байгаа. Төр засаг ч энэ тал дээр анхаарч ажиллана” гэв. Улаанбаатарчуудыг хүнсний ногоогоор хангах, танилцуулах, ногоочдоо дэмжих зорилготой зохиогдож байсан уг арга хэмжээ өдгөө Монголын брэнд болжээ гэдгийг оролцогчид онцолж байсан юм.

“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна.