Наран улстай нөхөрлөөд 40 жил болчихжээ

Монгол Улс наран ургах зүгийн ард түмэнтэй найрсаг харилцаа тогтоосноос хойш даруй 40 жилийн хугацаа өнгөрчээ. Монгол Улсын шадар сайд М.Энхболд болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар дээрх ойн хүрээнд энэ онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өгч, хэвлэлийн бага хурал хийлээ.Үүнээс гадна 2012 он нь ЖАЙКА-гаас залуу сайн дурын ажилтнуудыг Монголд анх илгээсний 20 жил, Япон-Монгол төвийн 10 жил, ЖАЙКА Монголд төлөөлөгчийн газраа байгуулсаны 15 жил гээд тэмдэглэлт ой давхцаж байгаа юм байна. Мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламж хэрэгжиж эхэлснээс хойш 400 дэх төсөлдөө энэ сард гарын үсэг зурах аж.

Манай улс улиран өнгөрсөн он жилүүдэд Япон улсаас асар их хэмжээний зээл тусламж авч байснаас өгч үзээгүй. Харин өнгөрсөн онд Японы ард түмэнд тохиолдсон газар хөдлөлтийн гамшигт үйл явдлын үеэр бид анх удаа тусламжийн гараа сунгасан билээ. Японы Элчин сайд тус нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улс эрдэс баялгийн хөгжилд түшиглэсэн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараанд ирээд байна. Үүнд тулгуурлан нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсөн нэмэгдэнэ. Энэ хэвээрээ үргэлжлэх юм бол Монгол Улсын хөгжлийн албан ёсны тусламж, нэн ялангуяа буцалтгүй тусламжийн хөтөлбөр өндөрлөх шатандаа орох бөгөөд Япон Монголын харилцаа ч шинэ шатанд гарах болно” гэв.

Монголд хандивлагч орнуудын магнайд нь явдаг Наран улс манай хоёрын хувьд 2010 оноос стратегийн түншлэл хэмээх шинэ зарчмыг тодорхойлсоноор эдийн засгийн иж бүрэн түшлэлийн харилцаанд шилжих эхлэл тавигдсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, тусламжийн харилцаанаас эдийн засаг,гадаад худалдаанд суурилсан шинэ түншийн харилцаа үүсэж байгаа гэсэн үг юм. Гэхдээ энэ оны хувьд тус улсын манайд зориулах зээл тусламжийн хэмжээ үргэлжилсэн хэвээр байх нь. Үүний томоохон жишээ гэвэл, Нарны гүүрийг Наадмын өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байгаа, Хөшигтийн хөндийд барих шинэ онгоцны буудлын асуудал яригдаж байгаа зэрэг билээ.
Гадаад хэргийн яамны дэд сайд Г.Тэнгэр “Тавантолгойн хэлэлцээр дээр Япон-БНСУ-ын хамтарсан консерциум оролцох саналаа илэрхийлсэн байгаа бөгөөд үүнээс гадна Хятад, АНУ, Орос улс мөн оролцох юм. Үүнээс гадна япончуудын зүгээс сонирхож байгаа бас нэг салбар бол Монголын дэлхийд удаалах газрын ховор элементийн нөөц юм” гэдгийг хэллээ.