Нар буцах нь наадам ирж буйн шинж

Маргааш наран авхай буцна. Намайг үдэж өгөөрэй гэсэн. Хавар дахиад уулзна гээд хачин ихээр санаа алдсан. Үрчлээ нэмсэн дэлхийн үйлийн үр гээд уйлсан. Аргадаж би чадаагүй, асгарах нулимс нь бороо юм байлгүй гэж бодсон. Хоргодоод байгаа сэтгэлийг нь мэдсэн. Дараа хавар ирнэ гээд даруухан мишээсэн. Хойтон жил хол байна даа гэж ирээд хоолой нь зангирсан. Чи надад дэндүү дасч шүү гэсэн шиг тэр намжирдаад, харцаа буруулсан. Хайраа бас олноос нуусан. Үүдээр гарахад нь гэгээ тасарчих шиг л болсон. Хожим, хэзээ гэх үгс хаалга мөргөөд хоцорсон. Зуны гурван сараа зургаа юм шиг эндүүрч явжээ, би.

Маргааш наран авхай буцна. Буцах л гэж буй нарны уй гуниг анхил цагаан бороотой сүжрээд одно. Хэлтэрхий цацраг бүхнийг чи түгээх аваас надад илч гэрлээ шингээн ууссан мэт болно. Зун болсонгүй дээ гэж муу амлах даан ч эрт байна. Дэмий бодлыг минь бурхан мэдвэл гомдоно. Голдоо ортол шархална. Дотуур автана, долоон бурхан шиг шөнөөр гийж мэднэ. Цэцэг сөгнөсөн хээр тал, ус, өвс нь тэгширсэн өртөө холын нутаг нарны даллагатай үлдлээ. Намрын сар хүртэл тэд алзахгүй. Бэлчээртээ буй унаган хүлэг минь барааны газраас үүрсэх адил содон. Чулуу дэлгээд нааддаг байсан бүжин нүдтэй хот айлын түүнийг санах шиг гэгэлгэн.

Маргааш наран авхай буцна. Нараа угааж найм хоног манай нутагт бороо орно. Олон хоногийн бороонд найрлаж суумаар санагдана. Зунтай жилийн бороонд зутарсан хэмээн дуулаагүй. Дуулаагүй болохоор зуу насална гэж буурлууд хоймор дүүргэнэ. Нараа угаасан бороонд балчир үрс наадна. Наадаж байгаа дүү нар минь нарны хишигтэй үрсээ. Сүү шиг цагаан гэрийн гурван бүс чивхэрнэ. Чивхэрсэн бүснээс чимх чимх усан дусал ойчно. Бүтэн өдрийн бороонд орчлон бас ариусна. Алаг солонго авдар дээр мэт ойртож ирээд тасарна. Тасарсан солонго тэртээ уулын энүүхэнд татаад эхэлнэ.

Маргааш наран авхай буцна. Шаргын шарга өнгөөр уулсаа чимээд алсарна. Тогтож нэг харвал Шарга азаргын зүс шиг. Зэрвэс тэсгээд ажвал зэс адил тэнгэрийн хаяаг эмжинэ. Нар буцах нь наадам ирж буйн шинж ээ.