Нар дэлхий хоёр

Өнөөдөр дэлхийн хөгжлийг хөдөлгөгч хамгийн томоохон хүчин зүйлийн нэг бол яах аргагүй эрчим хүч билээ. Эрчим хүч өдгөө хүн бүрийн идэх хоол, унтах нойр шиг өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон. Энэ утгаараа гаднын олон орон эрчим хүчний салбараа тэр дундаа байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг түлхүү дэмжиж, хурдтай хөгжүүлж байна. Манай сэтгүүл энэ удаа дэлхий нийтийн хошуурч байгаа сэргээгдэх эрчим хүчний нэг болох нарны тухай бичиж байна.

Дэлхий нийт байгальд ээлтэй эрчим хүчийг хэрхэн гаргаж авах талаар толгойгоо гашилгаж байсан цаг саяхан. Харин өнөөдөр олон улс сэргээгдэх, байгалийн гаралтай эрчим хүчийг хэдийнэ ашиглаж эхлээд байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 50-иас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан гаргах гэнэ. Үүний багагүй хувийг нарны дулааны станцыг ашиглан үйлдвэрлэнэ гэж үзэж буй.

Дэлхийн хэмжээнд одоогоор нарны эрчим хүчний хэрэгцээний 80 хувийг Герман, Чех, Итали, Япон, Америк гэсэн таван улс хангадаг байна. 2010 оны байдлаар гаргасан судалгаагаар нарны эрчим хүч ашигладаг дэлхийн шилдэг 10 орноор доорх улсууд шалгарчээ.
Харин сүүлийн хэдэн жилд БНХАУ энэ салбарт хүчээ зузаатгаж байна. Хятад улс нарны эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гаднын орнуудад экспортлох боломжтой. Судлаачдын үзэж байгаагаар ирэх таван жилд Хятад нарны эрчим хүчний томоохон өрсөлдөгч болох магадлал өндөр харагдаж байгаа аж. 2015 он гэхэд манай урд хөрш АНУ-г энэ төрлийн эрчим хүчний салбарт гүйцэж магадгүй гэсэн таамгийг салбарын шинжээчид дэвшүүлсэн. БНХАУ сэргээгдэх эрчим хүчний салбараа идэвхтэй дэмжиж байгаа нь үр дүнгээ өгч, энэ нь тэднийг дэлхийн хэмжээнд уг салбарт өрсөлдөхүйц чадвартай болгож байгаа гэж судлаачид дүгнэжээ.

Монгол Улс ч мөн адил нарны эрчим хүчийг ашиглаж эхлээд байгаа билээ. Төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын хувьд “100 000 нарны гэрэл” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар манай 100 мянга гаруй малчин өрх нарны эрчим хүч ашиглан цахилгаантай болсон. “100 000 нарны гэрэл” төслийн хэрэгжилтийн хүрээг ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт хоёр том үе шаттайгаар дүгнэн үзжээ. Үүнд “2000-2008 он. Энэ үед эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж, улс орныг цахилгаанжуулах төрийн бодлого хэрэгжиж, малчин айл өрхүүд бага оврын нарны эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангагдсан цахилгаанжуулалтын үе байсан”.

“2008-2011 оны үе. Энэ онуудад эрчим хүчний системийн найдваржилтыг хангах зорилгын үүднээс тоног төхөөрөмж технологийн өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлсэн үе” гэж тус тус авч үзжээ. 2004 оноос хойш хэрэгжиж эхлээд байгаа уг төсөл нь 2011-2012 оны хооронд 20 мянган нарны эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэгчдэд хүргэснээр бүрэн хэрэгжиж дуусах гэнэ. Энэ жилийн хувьд төсөлд хамрагдаагүй малчид 285 мянган төгрөгийн үнээр өндөр хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр худалдан авах боломжтой. Уг нарны цахилгаан үүсгүүрийг дэлхийд тухайн салбартаа хүчтэй өрсөлдөгчдийн нэг БНХАУ-ын “ Wu xi Sentech power” компаниас оруулан ирж байгаа бөгөөд энэ цахилгаан үүсгүүр нь нэг жилийн баталгаатай борлуулагдаж буй аж.

Манай орны хувьд хөгжингүй орнуудаас нарнаас эрчим хүч гаргаж авах тал дээр хоцрогдолтой байгаа ч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-ийн (СЭХҮТ) ерөнхий инженер А.Эрдэнэбаатарын хэлснээр хөгжиж буй орны хувьд боломжийн түвшинд байдаг гэнэ. Ахуйн жижиг хэрэглээний түвшинд манай орон 170 мянган малчин өрхийн 140 гаруй мянга нь нарны гэрлийн цахилгаан үүсгүүр ашиглаж байна. Арай томхон 0.5-10 кВт-ын нарны цахилгаан үүсгүүрийг Монгол орны газар нутгийг үндсэнд нь хамарсан үүрэн холбооны оператор компаниудын тэжээл, холбооны салбарууд, цэргийн анги, застав, телевизийн дахин дамжуулах станцууд, баг, сум суурин газруудын цахилгаанд өргөн ашигладаг. Үүнээс дээш хүчин чадалтай станцуудыг алслагдсан сумдын цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд ашигладаг байна.

Одоогоор манай улсад найман нарны цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг. Нарнаас цахилгаан эрчим хүч гаргаж авах тал дээр манай улс тийм ч хангалттай биш ч багагүй арга хэмжээ аваад байгаа аж. Харин нарнаас дулаан гаргаж авах талд маш бага анхаарч байна. А.Эрдэнэбаатар хэлэхдээ “Энэ чиглэлээр манай орон бараг анхаардаггүй. Үнэндээ нарны нөөцийг олон хувилбараар дулааны эх үүсвэрт ашиглаж болно. Тухайлбал, нарны халуун ус, нарны хатаагуур, нарны тогоо гэх мэтээр олон хэрэглээ байна. Тэгвэл ахуйн дулаан хангамжид нарны эрчим хүчийг яаж ашиглах вэ. Энэ бол ойрын жилүүдэд Монгол оронд хамгийн их хөгжих ёстой чиглэл байх болно” гэсэн юм.

Өнөөдөр төрөөс ямар ч төлөвлөлтгүй суурьшсан гэр хороололд иймэрхүү арга хэмжээ авахад ихээхэн хүндрэл учрах нь дамжиггүй. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар аргын нэг бол нарны энергиэс дулаан гаргаж авах юм. Нарнаас маш энгийн, авсаархан, ашиглахад хялбар төхөөрөмжөөр дулаан гаргаж авах боломжтой бөгөөд томоохон давуу талуудтай. Жишээ нь: харьцангуй хямд, цаг уурын ямар ч нөхцөлд найдвартай ажиллаж болдог
-Түлшний зардал байхгүй
-Дуу чимээ багатай, хэрэглэхэд авсаархан
-Бие даасан байдаг. Маш олон хэрэглэгч тодорхой сүлжээнээс хараат бус байдлаар дулааныг гаргаж авах боломжтой болно.
-Байгаль экологид хор хөнөөлгүй зэрэг нарны эрчим хүчний техник технологи нь давуу талыг бий болгодог. Сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон байр суурь эзэлдэг нарыг ашигласнаар манай орны хувьд тулгамдаад байгаа олон асуудлаа шийдэж чадна.

Хүн амын өсөлт, бүтээн байгуулалтын эрчим хүчний нэмэлт хэрэгцээ, уул уурхайн эрчим хүчний хангамжийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх зэрэг эрчим хүч тойрсон цөөнгүй асуудал тулгамдаад байна. Бид дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг хангаж чадахгүй хойд хөршөөсөө импортоор эрчим хүч оруулж ирэхэд хүрдэг. Хэдийгээр шинэ эх үүсвэр байгуулах тухай яригдаж байгаа ч манайх эрчим хүчний ноцтой дутагдалд орж болзошгүй. Хэрвээ бид эрчим хүчнийхээ тодорхой хувийг хот, хөдөө гэлтгүй нарнаас авдаг болчихвол үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Ийм үед сэргээгдэх эрчим хүчний талаар төрийн түшээд маань гойд анхаар ч үзээсэй. Цаана чинь дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний салбарын зүг хошуурч байна.