“Насаа элээтэл малаа дагана”

Хаврын илч муутай наран өөдөөс мэлтийх талын энгэрт хунгарласан цасыг хайлуулна. Тэртээх талд адуу, хонь, үхэр бэлчиж, хааяа нэг морьтой хүн үзэгдэх. Өвс, шарилж цасанд дарагдаагүй нь энэ нутагт хур тунадас бага унасныг гэрчилнэ. Мал тарга тэвээрэг сайтай байгаа нь өнтэй өвөл болсныг илтгэнэ. Хэдийгээр өвлийн сар шувтарч хүйтний эрч суларсан ч хаврын хуйсгануур тэнгэр аашаа харуулж цаанаа л зэвэргэн. Өглөөхөн нартай цэлмэг байсан хангай дэлхий үдийн алдад салхилан, орой нь нойтон цас хаялж, нүүр нүдгүй шуурав. Монголын хөдөөд хавар ийм л байдаг. Хаврын араншин нь ийм болохоор малчид ч дасан зохицож, муухан цаг уурчаас илүү тэнгэр хангайгаа шинжиж, мэднэ. Налгар намар, өнтэй өвлийг давсан малчид маань хаварт эртнээс бэлддэг. Тиймээс манай сэтгүүл энэ удаа малчны хотноос сурвалжлага хийхээр нийслэлээс 100 гаруй км-ийн зайд орших Төв аймгийн Архуст сумыг зорилоо. Монгол ахуй, эгэл жирийн амьдрал хөдөөд л бий. Малчин өрхийн амьдрал ахуй, малч ухааныг бид сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан уншигчдадаа хүргэж байна.
Архуст сумын малчин Ч.Пүрэвжал 70 нас дөхөж яваа ч ануухнаараа. Аймгийнхаа сайн малчин хэмээх алдрыг хоёр гурвантаа хүртсэн энэ буурал шаггүй бизнес сэтгэлгээтэй нэгэн. Социализмын үед жолоо мушгиж явсан тэрбээр 1994 оноос хойш мал маллажээ. Мал дагасны хүчинд хүүхдүүдээ сургууль соёл төгсгөж, заримд нь мал тасалж өгсөн аж. Энэ тухайгаа тэрбээр “Сэтгэлээ гаргаж ажиллавал мал хурдан өсдөг юм шиг санагддаг.
Би 2006 онд мянгат малчин болж, 2008, 2009 онд 2000 гаруй мал тоолуулж байсан. Олон малтай болчихоор бэлчээр муудаж, хавь ойрын хүмүүс ч сайн ханддаггүй юм билээ. Ингээд хүүдээ мал тасалж өгсөн” хэмээн ярив. Малчид малынхаа мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг тушааж, амьдрал ахуйгаа залгуулдаг. Ч.Пүрэвжал гуай ч энэ жишгээс хазайсангүй. Мал өсгөхөд зардал их гарах. Мал эмнэлэг, тэжээл, хашаа хороогоо засч тохижуулахаас эхлээд мөнгө зарцуулах ажил мундахгүй. Байгаль цаг уурын нөхцөлөөс болж төл алдах, хээрийн амьтанд идүүлэх гээд бэрхшээл олон. Энэ бүхнийг үл ажран тууштай хөдөлмөрлөж чадвал мал ашиг шимээ өгдөг.
Төрөөс хөдөө аж ахуйн салбарт анхаарч, малчдад ноосны урамшуулал олгодог болоод буй. Өөрөөр хэлбэл, тэдний тушаасан кг ноос тутамд 2000 төгрөг өгч байгаа. Өмнө нь малчид ноос авах гэж ирсэн захын наймаачинд арилждаг байв. Харин урамшуулал бий болсноор малчдад ашиг тусаа өгч эхэлсэн. Үүнд хоёр мянгат малчин маань сэтгэл хангалуун явдгаа илэрхийлж, төрөөс мал аж ахуйн салбарт явуулж буй бодлого боломжийн санагддагаа хэлсэн. Харин тус сумынхан Хөдөө аж ахуйн биржийн талаар мэдээлэл муутай байгаа аж. Энэ талаар тэрбээр биржийн тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах юм. Бидэнд үйлчилгээ нь төдийлэн мэдрэгдэхгүй байна. Малчны хотонд орж ирээгүй. Ямар журмаар хэдэн төгрөгөөр ноос, ноолуураа өгөх нь ч тодорхойгүй. Малчдад хүртээмжтэй үйлчилж, ноос ноолуураа цуглуулж чадвал улс оронд хэрэгтэй байх гэж боддог тухайгаа ярьсан.
Малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал. Тогтмол орлогогүй учраас олсон хэдийгээ зөв зарцуулах шаардлага амьдралаас урган гарч ирдэг. Тиймээс тэднийг хамгийн тооцоотой хүмүүс гэж хэлж болох. Ч.Пүрэвжал гуайнх өнгөрсөн намар л гэхэд 200 гаруй мал амьдаар нь “Мах импэкс” компанид нийлүүлжээ. Жилд ойролцоогоор 20-30 орчим сая төгрөгийн орлого олдог аж. Эднийх олсноо оюутан хүүхэддээ хэдийг нь зарцуулах уу, өөрсдөө өрхийн амьжиргаандаа хэчнээнийг нь хэрэглэх үү гэдгээ бүгдийг нарийн төлөвлөдөг байна. Малынхаа тоо толгойг 2000-д хүргэж өсгөсөн тэрбээр өөрийгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй дундаж амьдралтай айл гэж тодорхойлсон.
Биднийг сурвалжлага бэлтгэхээр хоёрдугаар сарын 25-ны 14.00 цагийн үед очиход тэдний мал бэлчээрт гарсан байв. Энд түр өвөлжиж буй учир сайн төвхнөж амжаагүй гэх. Гэхдээ чулуугаар хашаа барьж, дотор нь саравч хийн тусгаарлажээ. Хашаанд ороход өтөг бууц үнэртэж, малын дулаан хэвтэр угтав. Нийслэлчүүд бид өдөр тутмын амьдралын хэмнэлдээ орж, хөдөө эрүүл агаарт гарах нь ховор болоод буй. Ялангуяа өвөл цэвэр агаараар дутагдаж байдаг бидний хувьд малчны хотноос сурвалжлага хийх сайхан байлаа. Хэдийгээр мал төллөж эхлээгүй ч талд адуу янцгааж, ойролцоох хотны зайд хонь ямаа майлалдана. Хөдөө тал малаар дүүрэн, хүн ард нь сэтгэлээр баян амьдарч байна.
Малчин хүний амьдрал цаг наргүй. Үүр хэдэн цагт хаяарна тэр үед ажилдаа гарч, орой нар жаргахад гэртээ орон хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажилладаг. Зарим шөнө амгалан тайван унтахгүй ч үе гарна. Ядаж л чоно, нохойноос малаа хамгаалах хэрэгтэй. Энэ талаар тэрбээр “Ганц хүний хөдөлмөрөөр мал өсгөнө гэдэг хэцүү. Гэр бүлийнхэнтэйгээ хөдөлмөрлөсний хүчинд ийм тооны малтай болсон. Манайх хонь голдуу маллана. Сүүлийн жилүүдэд ямааны тоо толгойд анхаарлаа. Нас ахиад ирэхээр амрыг нь бодож бог мал маллах гээд байх юм. Би малыг өөрийнх нь төлөөр өсгөдөг. Үүлдэр угсааг нь сайжруулах үүднээс эцэг мал хааяа худалдаж авна. Хамгийн гол нь төлөө сайн бойжуулах хэрэгтэй байдаг юм. 2009-2010 онд зуд болоход манай бог хорогдоогүй. Цөөн тооны үхэр хорогдсон. Үхрийн хэвтэр, тэжээл хоёроос тарга тэвээрэг нь шалтгаалдаг. Жилд 30 орчим тонн өвс хадлан бэлтгэдэг юм” гэлээ.
Сүүлийн жилүүдэд бэлчээр хувьчлах асуудал яригдах болсон. Зарим нь хувьчлах ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь монгол хүн малаа хаана бэлчээхээ заалгах ёсгүй хэмээх. Харин энэ асуудалд малчин маань арай өөр байр суурьтай байдаг юм билээ. Зарим аймаг, суманд хувьчилж болмоор бэлчээрийн газар байна. Харин ус, бэлчээр багатай газрыг хувьчлах нь буруу. Гэхдээ аль ч газар малын өвөлжих газрыг маш сайн хамгаалж байх ёстой. Манай нутагт Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд малчдад өвс хадах нэг га газрыг дөрвөн айлын дунд хашиж өгсөн. Хур ихтэй байвал өвс ногоо сайн ургана, гантай жил хэцүү. Гэхдээ амьд хүн аргатай болгодог л юм хэмээн хуучлав.
Пүрэвжал гуайнх найман хүүхэдтэй. Зургаа нь дээд боловсрол эзэмшиж, хоёр нь мал дагаж буй. Хүүхдүүддээ мал маллах ухааны талаар зааж сургадаг гэсэн. Малчид нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болжээ. Нийслэлчүүдтэй адил телевизийн 70 гаруй суваг үзэж байна. Тэд улс орны амьдралд болж буй мэдээллээс хоцордоггүй аж. Малчдыг найман хувийн зээлд хамруулна, тэтгэврийн насыг урагшуулахаар ярьж буйг хэдийнэ сонсоод амжчихаж. Энэ тухайд тэрбээр “Олон малтай иргэд хамрагдаж болмоор юм шиг санагдсан. Улирлаас шалтгаалан орлоготой байдаг бидний хувьд хавар, намарт төлбөрөө өгдөг байвал илүү хүртээмжтэй болно. Малчид тэтгэвэрт гарлаа гээд мал маллахаа болихгүй шүү дээ. Энэ насаа элээтэл малаа эргүүлнэ. Хөдөөд худаг, ус нэн тулгамдсан асуудал байдаг. Төв аймгийн Архуст суманд ч ийм зовлон бий аж. Худаг гаргавал олон талын ач холбогдолтой. Усгүй бол амьдралгүйтэй адил. Ус элбэг байвал малын тарга тэвээрэг, өвс ногооны гарц ч сайн байна хэмээн тэрбээр өгүүлэх.
Эднийх энэ хавар 1000 орчим төл хүлээж авахаар бэлтгэлээ хэдийнэ базаачихаж. Малчны хотонд нялх төлийн дуу цангинах тун дөхжээ. Хавар анхны яргуй цухуйна. Хавар цөн түрж, голын урсгал ширүүснэ. Хавар нүүдлийн шувууд ирж, нялх ногоо ургана. Ай хавар цаг юутай сайхан.