Нгуен Ти Тует Мин: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бол өөрчлөлтийг бий болгогчид юм
“Эмэгтэй удирдлагатай бизнес нь ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, ДНБ-д ихээхэн хувь нэмэр оруулдаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нь эдийн засгийн нөөц боломжийн цоо шинэ хөдөлгүүрийг илрүүлэн гаргаж ирж буй хэрэг юм” гэж WeLead байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, AСEAН-ы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг үүсгэн байгуулагч, Нгуен Ти Тует Мин ярьж байна.
-Манай Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаарт ярилцлага өгч буй танд талархлаа. Та эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Нгуен Ти Тует Мин гэдэг. WeLead байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, AСEAН-ы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг үүсгэн байгуулагч, Global Summit of Women in Vietnam-ийн захирал. Мөн Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Вьетнамын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Би бизнесийн салбарт 42 жил ажилласан туршлагатай. Тэр дундаа бодлогын зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, худалдаа болон хөрөнгө оруулалтын дэмжлэг, стартап, энтрпренершипийн дэмжлэг, жижиг, дунд бизнес, эмэгтэй удирдлагатай байгууллагуудыг сурталчлах, хөдөлмөрийн уян хатан харилцаа, жендэрийн тэгш байдал, эдийн засагт эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулсан.
Эдгээр салбарт төрөл бүрийн албан тушаал хашихдаа хичээл зүтгэлтэй, идэвхтэй, хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд Вьетнамын болон АСEAН-ы орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хүрээлэлд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Вьетнамд гаргасан амжилтынхаа үр дүнд АCW Vietnam-ын даалгавраар Хөдөлмөр, Дайнд өртөгсөд, Нийгмийн хамгааллын яам болон Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж AСEAН-ы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг (AWEN) байгуулах, удирдах үйл ажиллагааны удирдамжийг зохиохоор сонгогдсон. Энэ нь миний хувьд тун хариуцлагатай ажил, эхлэлийн цаг байсан бөгөөд уг ажлынхаа үр дүнд 2023 онд нэр хүндтэй ASEAN Award-ын эзэн болж, энэхүү шагналыг хүртсэн анхны вьетнам хүн болсон.
-Та бизнесийн салбарт учрах сорилтыг хэрхэн даван туулсан тухайгаа хуваалцана уу?
-Тийм ээ, ихэнх энтрепренерийн адилаар хөрөнгө санхүүгийн гачигдлаас эхлээд өөрчлөлтөөс зайлсхийх, бизнесийн орчин дахь удирдлагын хүрээлэлд байдаг хүйсийн буруу ойлголтууд зэрэг асуудалтай тулгарч байсан. Хамгийн чухал сорилтын нэг нь эрчүүд давамгайлсан бизнесийн экосистемд нэр хүнд, нөлөөтэй болохын зэрэгцээ эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл хэргийг хэрэгжүүлэх байлаа.
Зөвхөн бизнесээ авч явахаас гадна хүмүүсийн сэтгэлгээ, бодлогын орчин, соёлын хүлээлтийг өөрчлөх явдал байсан гэж болно.
“Хэрэв хол явахыг хүсвэл хамтдаа яв” гэсэн уриан дор эмэгтэйчүүд бие биенээ дэмжсэн сүлжээг бий болгоход бид их анхаардаг байсан. Улмаар үйлдлээр дамжуулж нөлөөллөө харуулах, өөрсдийн үнэ цэндээ үнэнч үлдэхийг хичээдэг байлаа. Тууштай зан, ил тод байдал, хүрээлэлдээ үнэнч байсны үр дүнд би зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төдийгүй бодлого тодорхойлогчид, олон улсын хамтрагчдынхаа итгэлийг олж авсан.
-Та ирээдүйн энтрепренер болох хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ирээдүйн энтрепренерүүдэд доорх зөвлөгөөг өгье. Зорилготой эхэл. Хийж байгаа зүйлээ яагаад хийж байна вэ гэдгээ ойлго. Зорилго таныг хүнд хэцүү цагийг давж гарахад тусална.Хүчтэй дэмжлэгийн сүлжээг бий болго, эсвэл элс.
Та ганцаараа амжилтад хүрч чадахгүй. Таны алсын харааг дэмждэг, хуваалцдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Бууж өгдөггүй, мөн дасан зохицох чадвартай байгаарай. Алдаанаасаа суралцах, өөрчлөгдөх чадвар бол анх гаргасан санаанаас чинь дутахааргүй чухал. Шударга ажилла. Нэр хүнд бол хүний хамгийн чухал капитал. Үүнийгээ үнэнч зан, хариуцлагаар үргэлж хамгаалж байгаарай. Өсөж хөгжих тусмаа өглөгч бай. Жинхэнэ амжилтыг ашгаар бус бусдад үзүүлж буй эерэг нөлөөгөөр хэмждэг юм шүү. Энтрепренершип бол тогтмол суралцахын зэрэгцээ бусдад өгөх аялал юм. Эр зориг, даруу зан, дээшлэх тусмаа бусдыг өөртэйгээ цуг өргөх хүслээр энэ аяллаа үргэлжлүүлээрэй.
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаарх бодлоосоо хуваалцана уу? Эмэгтэйчүүд улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
-Эмэгтэйчүүд бизнесийн сайн манлайлагчаас гадна өөрчлөлтийн хүчирхэг өдөөгчид юм. Вьетнам, ACEAН-ы орнуудад ажилласан туршлагаасаа харахад, эмэгтэйчүүд бизнест цогц, хүртээмжтэй, тогтвортой арга барилыг авчирдаг юм билээ. Тэд зөвхөн ашгаас гадна хүмүүстээ, зорилгодоо анхаарч, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ёс зүйтэй манлайлал, урт хугацаанд үнэ цэн бүтээхийг чухалчилдаг.
Тийм учраас эмэгтэйчүүд дараах байдлаар улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт. Эмэгтэй удирдлагатай бизнес нь ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, ДНБ-д ихээхэн хувь нэмэр оруулдаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нь эдийн засгийн нөөц боломжийн цоо шинэ хөдөлгүүрийг илрүүлэн гаргаж ирж буй хэрэг юм. Хоёрдугаарт, нийгмийн тогтвортой байдал. Эмэгтэйчүүд орлогоосоо гэр бүл, ойрын хүрээлэл, эрүүл мэнд, боловсрол, эрүүл амьдрахуйд илүүтэй зарцуулдаг. Тэдний амжилт нь ирээдүй үеийг бэлтгэдэг юм.
Гуравдугаарт, хүртээмжтэй манлайлал. Бодлого, компанийн засаглал, инновацид эмэгтэйчүүд олон талт байр суурийг авчирдаг. Тэдний оролцоо нь илүү тэнцвэртэй, ёс зүйтэй шийдвэр гаргахад хүргэдэг. Эцэст нь, тогтвортой хөгжил.
Эмэгтэйчүүд ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн чиглэлийн компани, коммюнити суурьтай шийдэл зэрэг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцдэг үйл хэргийн тэргүүн фронтод байдаг. Бизнесийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь зөвхөн шударга, тэгш эрхийн төлөөх үйлдэл бус харин тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох хүсэлтэй орон бүрийн хувьд стратегийн зайлшгүй үйлдэл мөн. Эмэгтэйчүүд амжилтад хүрэх юм бол бүгд хожих болно.

WeLead байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, AСEAН-ы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг үүсгэн байгуулагч, Нгуен Ти Тует Мин
-Жендэрийн бодлого, эмэгтэй бизнес эрхлэгчдийг улс орнууд хэрхэн дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулснаар бид мөн хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй эдийн засагт хөрөнгө оруулж байдаг юм. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжихийн тулд бодлого нь бэлгэдлийн шинжтэй байхаа больж, харин санхүүжилт, хөрөнгөтэй болох, энтрепренершипийн боловсрол, ур чадварын сургалт, зах зээл, дижитал хүртээмж, ажил, амьдралын тэнцвэр, манлайлал, төлөөлөлтэй болоход нь эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг арилгахад нь анхаарах ёстой юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагаа бүхий цогц, хүйсийн мэдрэмжтэй бодлогын экосистем л бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хөгжүүлнэ. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэйчүүд өөрсдөөсөө, гэр бүлээсээ, бизнесээсээ эхлээд өөрчлөгдөх ёстой.
-Ярилцлагын төгсгөлд та Монгол Улс, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар ямар бодол, төсөөлөлтэй байгаагаа сонирхуулна уу?
-Хүн ард болон байгаль нь хоорондоо хүйн холбоотой Монгол Улсыг би ихэд бишрэн хүндэлдэг. Монгол Улс бол уламжлал, хөгжлийн өвөрмөц нэгдэл юм. Танай ард түмний, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн халуун дулаан сэтгэл, сэтгэлийн тэнхээ, тууштай байдал нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бол өөрчлөлтийг бий болгогчид юм.
Тэд бол өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй эдийн засгийн орчинд нэн чухал болох тууштай зан, бие даасан байдал, дасан зохицох чадварыг эзэмшсэн хүмүүс. Аж үйлдвэр, үйлчилгээ, инновац, тогтвортой хөгжлийн салбарын компани удирдаж буйгаас үл хамаарч Монголын эмэгтэйчүүд эх орныхоо эдийн засгийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байна.
Зөв бодлоготой, олон улсын болон бүс нутгийн, тухайлбал, AСEAН зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа цагт Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бүс нутгийнхаа болон дэлхийн тавцанд нөлөөлж чадах бизнес эрхлэгчид болно гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улс болон AСEAН-ы орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоорондоо илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Би ийм утга учиртай харилцааг WeLead, AWEN зэрэг платформоороо дамжуулан дэмжихдээ бэлэн байна.
“Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч” дугаараас
