Нигерийн эдийн засаг тивдээ тэргүүлж эхэллээ

Нигер улс дотоодын нийт бүтээгдэхүүний талаарх мэдээллээ шинэчлэн тооцсон нь Өмнөд Африк улсын эдийн засгаас дээгүүр гарч ирж, тивийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болохыг нь баталлаа
Шинэ тооцооллоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд өмнө нь багтдаггүй байсан үүрэн телефон, мэдээллийн технологи, хөгжим, цахим худалдаа, агаарын тээвэр болон кино урлагийн бүтээмжийг оруулж, эдийн засгийн үзүүлэлтээ гаргадаг болсон байна.
Нигерийн Статистикийн газраас тус улсын ДНБ 2013 оны байдлаар 509.9 тэрбум ам.долларт хүрсэнийг зарласан байна. Харин Өмнөд Африкийн ДНБ 2013 оны эцсээр 370.3 тэрбум ам.доллар гэсэн үзүүлэлттэй байсан билээ.
Гэсэн ч зарим эдийн засагчийн зүгээс Өмнөд Африктай харьцуулахад гурав дахин их хүн амтай улсын хувьд дээрх эдийн засгийн бүтээмж нь чамлалттай гэдгийг онцолж байна. Нэг хүнд ногдох ДНБ-нээр нь тооцоод үзвэл Өмнөд Африк улс Нигерийн үзүүлэлтийг гурав нугалахаар өндөр.
Нигерийн санхүүгийн шинжээч Бишмарк Реван энэхүү ДНБ засаж тооцсон үйлдлийг “Хий хоосон илүүрхэл” хэмээн нэрийджээ.
Тэрбээр хэлэхдээ “Нигерийн иргэдийн амьдрал эрх баригчдын энэ мэдэгдлээс үүдэн маргааш сайжирчихгүй. Энэ том тоо тэдний гэдсэнд их хоол хийж, банкинд нь илүү мөнгө хийхгүй” гэсэн юм.
Ихэнх улс дээрх тооцооллыг хамгийн багадаа гурван жил тутам гаргадаг. Харин Нигер улсын хувьд 1990 оноос хойш ДНБ тооцоход оролцож буй бүрэлдэхүүн хэсгүүдээ шинэчлээгүй байна. Тухайн үед тус улсад ганцхан агаарын тээврийн компани, үүрэн телефоны компани байсан бол өнөөдөр салбарын хэмжээнд хөгжиж, зах зээлийн тоглогчид олширчихоод байгаа билээ.
Олон улсын тусламж үзүүлэгчид Африкийн бусад орныг ч Нигерийн адил эдийн засгаа үзүүлэлтээ шинэчлэхийг хүсэж байгаа бөгөөд ингэвэл тусламж өгөх шийдвэр бодитой гарна гэж тэд үзэж байна.