Нийгмийн хариуцлага нь их ашгийг бий болгоно

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Компанийн нийгмийн хариуцлага, өрсөлдөх чадвар” сэдэвтэй хурлын үеэр Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдын тавьсан илтгэлийг хүргэж байна. АНУ-ын Бостон коллеж дахь Компанийн нийгмийн хариуцлагын захирал асан, Профессор Брэдли К.Гоогинс тус илтгэлийг “Миний олон оронд сонсож байсан илтгэлүүдээс хамгийн сонирхолтой нь байсан” гэж онцолж байсан.

Тэнгэр санхүүгийн нэгдлийн өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж компанийн жишээн дээр нийгмийн хариуцлагыг бид хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг та бүхэнд танилцуулахын зэрэгцээ санал бодлоо хуваалцъя. Миний ярих сэдэв "Эрдэнэт хүн, эх дэлхий, эрүүл ашиг". Мөн манай компанийн үзэл баримтлалаар нийгмийн хариуцлагыг юу гэж тодорхойлж байгааг товч танилцуулах болно. Энэ талаар ярихын тулд тухайн компанийн алсын хараанаас эхэлж ярих ёстой. Бид өөрөөр хэлбэл, өөрийн компанийн алсын хараанд нийгмийн хариуцлагыг суулгаж өгснөөр амжилтад хүрнэ.

Өнөөдөр манай группийн хэмжээнд 1500 хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагааг нэгэн зүгт чиглүүлэхийн тулд бид нийгмийн хариуцлагыг алсын хараатай хослуулан ажилладаг. Алсын хараа нь манай компанийн хувьд номлол гэж хэлж болох юм. Энэ номлолдоо гурвалсан зорилттой байхаар тусгасан. Эхлээд бидний үйл ажиллагаа нийгэмд ач тусаа өгч байх хэрэгтэй. Мөн бидний үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй. Эцэст нь эрүүл ашиг олно. Ийм үзэл баримтлалыг мөрдөж ажилладаг. Энэ бол хоосон зүйл огт биш, компанийн маань тулгын гурван чулуу юм. Эдгээр нь манай байгууллагын ажилтан бүрийн мах цусанд шингэсэн ойлголт.

"Форд" компанийг үүсгэн байгуулагч Хэнри Форд "Зөвхөн ашгийн төлөө явах аваас тухайн компани хэзээ нэгэн цагт сөнөнө" гэж хэлсэн байдаг. Би үүн дээр нэг зүйл нэмээд хэлэхэд явцуу эрх ашгийн төлөө явах нь биднийг хааш нь аваачих вэ? Хэрвээ бид энэ зүйлийн төлөө явах аваас биднийг ядуурал, гуйланчлал хүлээж байна. Зарим тохиолдолд бид энэ зүйлтэй дасал болчихсон байгаа нь харагддаг. Бид өнөөдөр нийтийн нийгмийн хариуцлагыг ярих хэрэгтэй. Нийт гэдэгт хууль тогтоогч, Засгийн газар, хот, аймаг, сумын засаг захиргаа гээд бүх л зүйл хамаарна. Нийтээрээ нийгмийн хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй байна. Улаанбаатар хотыг "Утаанбаатар", "Хогбаатар" ч гэж нэрлэж болж байна. Бид ийм л орчинд амьдарч байна. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулснаас болж олон мал, амьтан хортой ус ууж үхэж байна. Байгаль орчин сүйтгэгдэж байна.

Би өнгөрсөн жил Монгол Улсын баруун аймгуудаар 10 мянган километр явсан. Тэгэхэд нэг ч тарвага олж хараагүй. Бид өнөөдрийн ашгийн төлөө ан амьтдаа энэ мэтээр устгаж байгаа нь аюултай. Зөвхөн өөрийн ашгийн төлөө ан агнадаг хүмүүс бий. Эндээс хувь хүний нийгмийн хариуцлага ямар байгаа нь харагдаж байгаа байх. Ажиллах орчны талаар ярилтгүй боллоо. Эрүүл мэндэд хортой орчинд ажиллаж байгаа олон хүн бий. Хэрвээ бид ийм байдлаар цааш явах юм бол маргааш ой модгүй, нөгөөдөр амьсгалах агааргүй болно. Хөвсгөл далай дэлхийн хамгийн цэнгэг устай нуурын нэг. Гэтэл өнөөдөр тийм цэвэрхэн цэнгэг байж чадаж байна уу? Хэний нийгмийн хариуцлагагүйгээс болж ийм байдалд хүрэв. Шар айраг ууж дуусаад савыг нь энд тэндгүй хаячихдаг. Энэ бол гутамшиг. Энэ бүхний үр дүнд гол мөрөн ширгэж байна. Хөвсгөл далайд судалгаа хийж байгаа АНУ-ын нэг эрдэмтэн интернэтээр "Монгол Улс экологийн сүйрэлд өнөө маргаашгүй хүрнэ" гэж бичсэн байсан. Өнөөдөр Монголын нийт хүн амын гуравны нэг нь үгээгүй ядуу. Нийгмийн тогтворгүй байдал, өвчин, ядуурал, ажилгүйдэл энэ бүхэн биднийг хүрээлэн оршиж байна. Бид ч энэ бүхэнд дасчихаж. Энэ бол нийгмийн сүйрэл. Эдийн засгийн хямрал, сүйрлийг их ярьдаг гэтэл нийгмийн сүйрэл өдөр тутмын амьдралд энгийн нэг үзэгдэл болчихсон байгааг анзаарахгүй өнгөрч байна, хүмүүс.

Нөгөөтэйгүүр манай оронд уур амьсгалын өөрчлөлт газар авсан. Дэлхийд 0,75 хэмээр дулаан болоход Монголд 2,4 хэмээр халж байна. Манай орны нийт усны нөөцийн гуравны хоёр нь газрын хөрснөөс арчигдаж байна гэсэн үг. Эдгээр нь бидний ярьж байгаа сэдэвтэй шууд холбоотой. Гэхдээ зарим нэг нь байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой нь ойлгомжтой юм. Гэвч бид эдгээрийг бууруулах, удаашруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Бид нийгмийн хариуцлагыг яриад л байгаа. Харин хэрэгжүүлэх нь чухал. Мөн амжилтад хүрэхийн тулд нийгмийн хариуцлагыг хэмжих ёстой. Мөн ямар түвшинд очих талаар зорилтод ажлыг хийх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг хэмжих тодорхой хэмжүүрүүд байгаа. Бизнесийн болоод байгаль орчны хувьд хэмжиж болдог. Үүнийг бид мэддэг билээ. Тухайлбал, өнөөдөр хэр хэмжээний хог хаяж байна вэ. Манай компани жилд хэдэн тонн хог хаяж байгаа вэ гэдгээ хэмжиж болох зүйл. Үүний үндсэн дээр дараа жил хэр хэмжээний хог хаях вэ гэдгээ зорилт болгох хэрэгтэй. 10 эсвэл 20 хувиар багасгана гэдэг ч юм уу.

Нийгмийн хувьд бид ажилд хэн нэгнийг авахдаа арьс өнгө, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх нь нийгмийн хариуцлага. Хэчнээн хүнийг гадуурхсан гэдгээ тогтоох нь ач холбогдол ихтэй. Түүнийгээ дараа дахин давтахгүй байх тал дээр анхаарах нь өөрөө нийгмийн хариуцлага юм. Хүний эрх манай байгууллагад хэр байгааг хэмжиж болно. Энэ мэт үйл ажиллагааг явуулж байж л амжилтад хүрнэ. Нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөг бид хэрхэн хэмжих талаар хэдэн жишээ хэлье. Тухайлбал, манай компаниас зээл авч байгаа иргэдийн хэдэн хувь нь орон нутгийн иргэд байна вэ? Манайд 56 хувь нь байна. Эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлж байгааг хэмжиж болно. Өнөөдөр манайд 70 мянган хүүхэд хадгаламжтай байна. Бид 8-10 настай хүүхдүүдэд үнэ төлбөргүй санхүүгийн талаар хичээл заасан. Үүнд 356 хүүхэд хамрагдсан гэсэн тоо гарчээ. Өнөө жил үүнээс илүү олон хүүхдэд хичээл заана. Энэ нь нийгмийн хариуцлага юм.

Бидний энэ ажлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны удирдлагууд дэмжиж байгаа. Гэтэл тус яамны дунд шатны түшмэдүүдийн нийгмийн хариуцлагын талаарх ойлголт муугаас бидний ажлыг ойлгохгүй байгаа юм. Мөн манай байгууллагаас 14-18 насны охид, хөвгүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна. Уг хичээлд 110 сургуулийн 10 мянган хүүхэд хамрагдсанаар нийт улсыг хамарч чадсан. Бүх зардал компаниас гарч байгаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн таван мянга нь хадгаламжийн данс нээсэн байсан. Энэ бол нийгмийн хариуцлага хэрэгжиж байгаагийн нэг жишээ. Дахин давтаж хэлэхэд, нийгмийн хариуцлага гэдэг нь бидний өдөр тутам авч байгаа арга хэмжээ юм. Нөгөө нэг жишээ нь санхүүгийн үйлчилгээг алслагдсан орон нутагт сууж байгаа иргэдэд хурдан шуурхай, хямд хүргэх. Үүнийг шийдэхийн тулд гар утасны үйлчилгээгээр мөнгөн гуйвуулга хийх харилцааг нэвтрүүлсэн. Энэ нь өөрөө иргэдийн төлөө хийсэн үйлдэл боловч компанид бас хямд аргаар гүйлгээ хийх боломжийг бий болгож байгаа. Өнөөдөр бид олон улсын хэмжээнд нийгмийн хариуцлагын зэрэглэл тогтоолгох хэрэгтэй болжээ. Энэ бүхний эцэст бид эрүүл ашиг хүртэх болно.

Нийгмийн хариуцлагаа хэрэг­жүүлснээр зардлаасаа илүү их ашиг бий болгож чадна гэдгийг онцлох хэрэгтэй юм. Энэ асуудлаар хүндрэл бэрхшээл байгаа гэхдээ үүнийг шийдэх ёстой. Нийгмийн хариуцлагыг бид зөв ойлгож чадвал үр ашиг нэмэгдэнэ. Мөн хөрөнгө оруулагчид ч нэмэгддэг. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал бидэнд зээл өгөх компани захаасаа аваад олдоно. Хариуцлагаа ухамсарласан байгууллагад харил­цагчдын итгэх итгэл сайжирч, давуу тал мөн бий болдог. Энэ бүгдийн эцэст тогтвортой хөгжил аяндаа бий болох юм.