Нийгмийн хариуцлага “урт нас бэлэглэнэ”

Та нийгмийн хариуцлагаа (КНХ)ухамсар­ласан уу, ер нь нийгмийн хариуц­лага гэж юуг ойлгох ёстой вэ, тэгвэл компаниуд энэ чиглэлээр юу хийх ёстой, Засгийн газраас энэ ойлголтыг хэрхэн дэмжих ёстой юм, дэлхий дахинаа дээрх асуудал хэр хөгжиж байгаа гэх мэтчилэн цуварсан асуултад Та тодорхой ямар хариу өгөх вэ. Компанийн нийгмийн хариуцлага нь дэлхийд нэлээд өндөр түвшинд хөгжиж байгаа бол манай улсад дөнгөж эхлэлийн л шатандаа яваа аж.Тиймээс Монголын компаниуд нийгмийн хариуцлагаа ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй, бага зэрэг ойлголттой хэсэг нь урлаг соёлынхныг дэмждэг ажлаа нийгмийн хариуцлага гэж тайлагнадаг болж хувирчээ. Үнэндээ бол КНХ нь өнөө үед шал өөр ойлголт ажээ.

“Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага, хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгжүүд эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө юу хийх ёстой вэ?” сэдэвт олон улсын бага хурал болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өрнөсөн энэхүү хурлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд “Mongolian Economy” сэтгүүл мэдээллийн түншээр оролцов.

Намрын өнгө бүхий алтан шар навчис хөлд хөглөрөх нь тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолбор бүсийн байгалийн өнгийг улам тодосгож харагдуулна билээ. Намрын налгар өдрүүд их л урт үргэлжилдэг байсан сан гэж өнгөрсөн цаг дээр ярьдаг болсон нь эдүгээгийн он цагийн солигдлоор уур амьсгалд өөрчлөлт орж байгаатай холбоотой юм. Монголд компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх тухай ярилцсан есдүгээр сарын энэ хоёр өдөр ч уур амьсгалын өөрчлөлтийг мэдрүүлэх мэт сэрүүхэн байв. Энэхүү арга хэмжээнд оролцохоор компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа, мэргэжлийн хүмүүс тэртээ холоос манай орныг зорин иржээ.

Хурлын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Хамгийн гол нь өнөөдөр монголчууд бидний өрсөлдөх чадвар сайнгүй байна. Монголд хуулийн засаглал сул, төрийн оролцоо их байгаа нь асуудал юм. Нөгөө талаар ойр зуурын ашиг хөөцөлдсөн аж ахуйн нэгжүүдээс болж, хэрэглэгчид хохирч, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учирч байна. Тийм учраас эдийн засгаа хөгжүүлье гэж ярихын зэрэгцээ төр, засгаас барьж байгаа бодлого байгальд ээлтэй байх ёстой. Бид хойч үеийнхнийхээ уух усаар алтаа угаамааргүй байна. Өнөөдөр эдийн засгийн их ашиг амласан төслүүд байгаль орчинд ээлгүй байх аваас бид татгалзаж чаддаг байх ёстой. Тиймээс нэн тэргүүнд байгальд ээлтэй менежмент, техник технологийг оруулж ирэх нь Монгол Улсын тогтвортой байдлыг хангах түүнчлэн компанийн нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөржүүлж байгаа хэрэг юм. Өрсөлдөх чадвар гэдэг бол түр зуурын үзэгдэл биш. Энэ нь урт удаан хугацаанд компанийн оршин тогтнох эх үндэс, байгаль орчны эрүүл өсөлт гэж ойлгож байгаа” хэмээн ярьсан нь төлөөлөгчдөд нэгийг бодогдуулсан болов уу.

Учир нь, манай ком­паниуд хэдэн төгрөг гаргаад ямар нэг урлаг, соёл, спортын арга хэмжээг ивээн тэтгэх, эсвэл нутагтаа сүм дугана барьж, суварга босгохыг компанийн нийгмийн хариуцлага гэж ухамсарладаг. Иргэд нь ч тухайн компаниас мөнгө гуйгаад өгөхгүй бол нийгмийн хариуцлагагүй гэх. Өнөөдөр бид энэ ойлголтоос салах хэрэгтэй болжээ. Монголын компаниудын дунд хийсэн нийгмийн хариуцлагын талаарх судалгаагаар 24,8 хувь нь сайн, 28 хувь нь муу, 4,8 хувь нь маш сайн, 14,9 хувь маш муу хэрэгжүүлж байна гэсэн мэдээлэл ирлээ. Мөн манайх жижиг компани учраас нийгмийн хариуцлага бидэнд хамаагүй, том компаниуд л хийдэг гэсэн төөрөгдөл байгааг хүмүүс дурдаж байсан. “Жижигхэн компани ч юм хийж болно. Гэхдээ үүнийг яаж хийх талаар хичээл зүтгэл дээр тулгуурласан зохицуулалт хийх хэрэгтэй. Бид дарамт шахалтаар биш сайн дураар нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Өөрсдийн шинэ бодлогоо боловсруулах нь чухал. Өнөөдөр нийг­мийн хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа төр, компаниудаас нийгмийн хариуцлага шаардах хэрэггүй” гэж МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл онцлон ярьсан.

Ер нь бол КНХ-ын тухай нэгдсэн томьёолол дэлхийд ч байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, улс орон, бүс нутаг, компани, байгууллагууд нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж, ямар эрх эдлэх ёстой болохоо өөрсдөө тодорхойлдог аж. Харин энэ асуудлын нийтлэг үндсэн элементүүдийн хүрээнд шударга хөдөлмөрийн стандарт, байгаль орчны нөлөөлөл, нийгмийн хөрөнгө оруулалт, салбар хоорондын хамтын ажиллагаа, авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл, тунгалаг байдал, хувьцаа эзэмшигчдийн хүлээх санхүүгийн хариуцлага зэрэг багтдаг хэмээн ойлгож болох нь. Эндээс Та КНХ нь маш өргөн хүрээг хамардаг асуудал болохыг харж байна. Зөвхөн компаниудын л хийх ажил биш аж.

Засгийн газраас КНХ-ыг хөгжүүлэх хөшүүрэг, эрх зүйн орчныг бий болгох замаар дэмжиж ажиллах нь хамгаас чухал гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, төр, засаг өөрөө хариуцлагаа ухамсарлаж, дорвитой ажил хийх ёстой аж. Засгийн газрын хийх гол ажил бол КНХ-тай холбоотой үндэсний стратегийг хамтран боловсруулж, хамтран хэрэгжүүлэх, хариуцлагатай компанийг урамшуулах, олон хувьцаа эзэмшигчдийн уулзалт, хэлэлцээрийг дэмжих, төрийн байгууллагуудын хариуцлагын бодлого хөтөлбөрийг боловсруулахад чиглэх аж. Харин бизнесийн байгууллагын үйл ажил­лагаа нь зөвхөн бизнес эрхлэхээс илүү өргөн хүрээг хамрах ёстой гэнэ.

“Компаниуд зөвхөн хууль дагаж, бусдыг ивээн тэтгэх байр сууриа өөрчилж, байгаль орчин болон нийгмийн асуудлуудыг идэвхтэй шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах цаг болсон. Нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэсэн ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэх, олон нийтэд стратегийн хөрөнгө оруулалт хийх, үндсэн үйл ажиллагаандаа хариуцлагатай болон ухамсартай зан үйлийг төлөвшүүлэх шаардлагатай” гэж Германы компанийн засаглалын төвийн удирдах зөвлөлийн гишүүн Михаел Бюрш тэмдэглэсэн билээ.

“Пийбоди” компанийг нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч гэж дэлхий дахинаа үздэг. Тус компанийн эрхэм зорилгод “Уурхайн олборлолт дуусахад бид тухайн газар нутгийг анх ямар байсан тэр хэмжээнд эсвэл түүнээс илүү нөхцөлд сэргээх” хэмээн тусгасан байдаг ажээ. Эдний эдийн засгийн үр өгөөж жилдээ 16 тэрбум ам.долларт хүрчээ. 2010 онд 6.9 гаруй тэрбум долларыг орон нутгийн байгууллага, үйл ажиллагааг дэмжих болон буяны үйл хэрэгт зарцуулсан байна. Компанийн шилдэг сайн засаглал бүхий арга ажиллагааны үндэс суурь нь үйл ажиллагаа ба ёс зүйн хатуу, чанд дүрэм журамтай нь холбоотой гэнэ. Санхүүгийн мэдээллийн хувьд шуурхай, зөв мэдээллийг түгээдэг туршлагатай аж.

“Манайх Монгол Улсад анх удаа нүүрсний уурхайн талбайн нөхөн сэргээл­тийг чиглүүлж ажиллалаа. Мон­гол Улс нь нийгмийн хариуцлагын дэлхийн түвшинд боловсруулсан стандартыг буй болгоход тус дөхөм болохуйц хосгүй байршилтай. Ком­пани болон нийгмийн хариуцлагын загварыг боловсруулахад “Пийбоди”, түүнтэй ижил төстэй компаниуд дэлхийн хэмжээнд загвар болохуйц туршлагаасаа хуваалцах боломжтой. Аюулгүй ажиллагаа, сургалт, технологи, хүрээлэн буй орчин ба орон нутаг, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд шилдэг, тэргүүний стандартыг буй болгох нь зүйтэй” хэмээн “Пийбоди” группийн Монгол Энэтхэгийг хариуцсан захирал Аршаед Сайед хэлсэн билээ. Хэлэлцүүлгийн үеэр хуралд оролцогчдоос авууштай олон санал гарсан. Олон төлөөлөгч КНХ чиглэлээр сургалт, семинар хийх нь чухал юм байна гэсэн бол зарим нь нийгмийн хариуцлагын талаарх зөв ойлголтыг хүүхдүүддээ өгөх замаар хөгжүүлж эхэлье хэмээн санал бодлоо хуваалцаж байсан юм.

Нийгмийн хариуцлагын зөв хөгжил үнэхээрийн танаас, таны үр хүүхдээс эхэлнэ. Бизнес эрхлэх нь дэлхий дахинаа улам л үнэ цэнэтэй болж байна” гэхэд “Монголын компаниуд КНХ-д илүүчлэх мөнгө алга байна. Тийм хэмжээнд хүртэл мөнгөтэй болоогүй байна шүү дээ” гэх оролцогчид ч байв.

КНХ-ыг хөгжүүлэхэд олон асуудалтай тулгарна. Гэхдээ та энэ нэр томьёог зөвхөн мөнгөний нүдээр бус өөр өнцгөөс нь хараад нэг үзээрэй. КНХ нь тухайн байгууллагад, компанид яагаад хэрэгтэй вэ гэвэл ерөнхийдөө урт хугацаанд компани ашигтай, тогтвортой ажиллая гэвэл хэрэглэгч, оршин суугч, хүрээлэн байгаа орчин, орон нутаг, улс үндэстний эрх ашгийг ямарваа нэгэн хэмжээгээр хүндэтгэж ажиллаж байж ашиг олох нь хамгийн чухал юм байна. Ингэж ажилладаг компанийн нэр хүнд дээшилнэ, нэр хүнд дээшлэхээр нийгэмд байр сууриа олж, өсөлт хөгжил нь ирээдүйд хангагдах боломж бүрдэх үр дүнд хүрдэг ажээ. Ийнхүү тус хурлын үеэр ярьсан асуудлуудын гол утгыг базаж хэлэхэд ийм байна.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түү­хий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс КНХ-ын чиглэлээр энэхүү хурал дээр тавьсан олон сонирхолтой илтгэл болон хүмүүсийн яриаг эмхэт­гэн компаниудад, олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа бол манай сэтгүүлийн хувьд ч “Компанийн нийгмийн хариуцлага” булан нээж, энэ чиглэлээр туршлага, мэдлэгтэй хүмүүсийн үгийг хүргэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй компани, байгууллага, хувь хүмүүсийг сурвалжлах, олон нийтэд танилцуулах юм. Та өөрийгөө, байгууллагаа ком­паниа нийгмийн хариуцлагаа ухамсар­лан ажиллаж байгаа гэж үзвэл манай сэтгүүлд хандаарай. Энэхүү хурлын үеэр зарим төлөөлөгчийн бодлыг сонссон юм.

Та компанийн нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг юу гэж үздэг вэ?

Билл Горман /Монголын хөрөнгийн биржийн ерөнхийлөгч/:

-Уул уурхайд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалт орох тусам тухайн улс улам баян чинээлэг бус харин ядуурал нэмэгдэх дүр зураг байдаг. Энэ нь байгалийн эрдэс баялгаар арвин хэрнээ эдийн засгийн гүйцэтгэл нь тааруу байгаа орнуудад ажиглагдсаар байна. 2002 оны Дэлхийн банкны судалгаагаар1990-ээд оны үед экспортод эзлэх уул уурхайн хувь хэмжээ нь 50 хувиас их улсуудын нэг хүнд ногдох ДНБ-ий хувь хэмжээ жилд 2,3 хувиар уруудаж байсан байна. Ийм баялгийн хараалаас Монгол Улсыг зайлж гарахад компанийн нийгмийн хариуцлага л тусална. КНХ-ыг хөгжүүлэхийн тулд бизнес үйл ажиллагааны болон ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдүүлэх хэрэгтэй. Мөн ажиллагсдын аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, ажиллах орчин болон боловсролын асуудалд анхаарах, уурхайн олборлолт явуулж буй газар нутгийн ард иргэдтэй нягт харилцаа холбоо тогтоох, үйл ажиллагаанаас үүдэж хүрээлэн буй орчинд үзүүлж болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх, тэдгээрийг арилгах ёстой. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлснээр амжилтад хүрэх боломжтой.

Б.Мандалбаяр: /“Дарханы дулааны цахилгаан станц”-ын гүйцэтгэх захирал/

-Дарханы цахилгаан станц нь Монгол Улсын гуравдагч том цахилгаан станц. Цахилгаан станцын өмнө хүлээж байгаа нийгмийн хариуцлага бол асар их. Ард түмнээ цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах түүхэн үүргийг 46 дахь жилдээ бид гүйцэтгэж байна. Манай ажилтнууд үүргээ бүрэн ухамсарлаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Компани бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлээд дөрвөн жил боллоо. Энэ хөтөлбөрийн үр шимээр бид Японы бүтээмжийн байгууллагатай хамтран ажиллаж, өөрийн үйл ажиллагааны түвшинг дээшлүүлсэн. Нийгмийн хариуцлага гэдэг нь бол манай станцын хувьд тогтвортой найдвартай ажиллах шүү дээ. Тиймээс чанарын удирдлагын иж бүрэн тогтолцоо болон Европын стандартыг нэвтрүүлэх асуудлыг компанийнхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

А.Оюунчимэг: /Инкомнэт компанийн ерөнхийлөгч/

-Би өөрийгөө энэ хуралд ирсэн жижиг компанийн төлөөлөгч гэж бодож байна. Манайх сансрын холбооны чиглэлээр 10 жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй. Жижиг компани гэхлээр л нийгмийн хариуцлагагүй байна гэж байхгүй. Нийгмийн хариуцлагын тухайд хамгийн эхний ойлголт мэдээж татвараа төлөх тухай асуудал. Манай компани татвараа бүрэн гүйцэд төлдөг. Тухайн компанийг нийгмийн хариуцлагатай байхад нь манай хууль тогтоох дээд байгууллагууд бас тодорхой үүрэгтэй гэж боддог. Германы байгууллагаас хийж байгаа дээрх хурлаас олон сайхан мэдээлэл, олон санаа олж авлаа. Компанийнхаа хувьд бид бүх үйл ажиллагааныхаа стандартыг хийх гээд оролдож эхлээд байна. Үйл ажиллагааны бүх процессыг стандартчилах юм бол ерөнхийдөө ажлын чанар сайжирна. Хэрэглэгчдэд хүрч байгаа үйлчилгээ тогтвортой байвал манай үйл ажиллагаа тогтвортой байна гэсэн үг. Тогтвортой байдал бол өрсөлдөх чадварын гол асуудал болж таарч байна. Зөв бизнес явуулах, зөв бизнесээ хөгжүүлэх, хүмүүсийнхээ нийгмийн байдлыг сайжруулах энэ бүхэн нийгмийн хариуцлагатай холбоотой.

Б.Солонго: /MSC-ийн Маркетингийн захирал/

-КНХ гэдэг нь нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэдэг шиг тодорхой биш, маш өргөн ойлголт. Манай хувьд татвараа төлөх, ажлын байр бий болгох, нийгмийн томоохон асуудлыг шийдэхэд оролцох зэргээр нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг MCS групп хамтран хэрэгжүүлж байна. Төр, засаг, хандивлагч байгууллага, хувийн хэвшил, худалдаж авч байгаа иргэд гээд бүгдээрээ дөрвөн талаасаа нийлээд агаарын бохирдлыг шийдэхээр тал талаас нь ажиллаж байна. Паалан гадаргуутай, байгальд ээлтэй зуухыг үнэгүй тараахгүй, иргэд хямдралтай үнээр худалдаж авах юм. Иргэн ч гэсэн өөрийнхөө хариуцлагыг хэрэгжүүлээд утаагүй хот болоход хувь нэмрээ оруулах ёстой. Энэ бол нийгмийн хариуцлага гэж ойлгож байна.

Ц.Мөнхжин: /“Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төв” ТББ-ын захирал/

-КНХ-ийн талаар энэ бага хуралд оролцоод арай өөр ойлголттой боллоо. Өмнө нь компаниуд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа юм уу, эсвэл бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийнхээ төлөө ямар нэгэн сайн зүйлсийг хийх ёстой. Тэр нь нэг удаагийн тусламж байж болно, эсвэл удаан хугацааны хөгжлийн хөтөлбөр байж болно гэж ойлгож байсан. Энд ирээд ер нь компаниудын хувьд нийгмийн хариуцлага гэдэг нь нэг үйл ажиллагаа, нэг хэлтэс тасгийн ажил биш юм байна, тухайн компани нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байж компанийн ашиг орлого ихсэж, өргөждөг юм байна. Тэгэхгүйгээр орчин үеийн нийгэмд бизнес хийхэд хэцүү болсон юм байна гэдгийг сайн ойлгож авлаа. Тэр утгаараа тухайн компани нь нийгмийн харицлагын бүх шатандаа төлөвлөгөө, стратеги боловсруулаад, тэрнийхээ дагуу нэг хэсэг хүмүүс бус компаниараа л ажиллаж байх ёстой юм байна. Гаднын байгууллагын хүмүүсийн ярьж байгаагаар КНХ гэдэг бол компанийн соёл, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эхний шатнаас авахуулаад, тэр бүтээгдэхүүн хог болоод дахин ашиглагдах хүртэлх бүх процесс гэж ойлголоо.

Б.Гантулга: /“Багануур” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал/


-“Багануур” ХК үүсгэн байгуулагдаад 33 жил болж байна. Энэ хугацаанд улс орны болоод нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээж ирсэн. КНХ гэдэг ойлголт сүүлийн үед маш хүчтэй яригдаж байгаа. Манай уурхай 1998 онд Монголд нөхөн сэргээлт гэсэн ойлголт байхгүй байх үед анх удаа нөхөн сэргээлт хийж байсан. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах ёстойг ухамсарладаг. Манай эрхэм зорилгод ч энэ талаар тусгагдсан байгаа. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөгөө талаас байгаль орчин гэх мэт ийм нийгмийнхээ тал руу чиглэсэн асуудлыг эрхэм зорилгодоо оруулахыг чухалчилж ирсэн. Энэ чиглэлээр болдог сургалт бүрийг ажилтнууддаа хүргэхийг хичээдэг. 1100 орчим ажилтантай. КНХ-ын ойлголтыг бүрэн ойлгож байна. Хэрэгжүүлмээр, анхаармаар зүйл байна. Хууль эрх зүйн хүрээнд ч гэсэн бодмоор юм харагдлаа. Илтгэлүүдээс сонсоход, гадаадынхны туршлага өндөр байгаа нь харагдаж байна л даа. Манай Монголын нөхцөлд төр, засаг анхаараад, компанийн нийгмийн хариуцлагын стандарт тогтоож өгвөл компаниуд үүнд нэгдэж ороод, нийгмийн хариуцлагаа гүн гүнзгийгээр утга төгөлдөр хэрэгжүүлбэл үр дүнтэй байх болов уу. Өмнө нь оюутнуудад тэтгэлэг өгөх, урлаг соёлынхонд туслах, тэмцээн уралдаанд явж байгаа тамирчдыг ивээн тэтгэх гэх мэт иймэрхүү явцуу хүрээнд ойлгодог байсан бол өнөөдөр глобал ойлголт авч чадлаа.