Нийслэл өнтэй өвөлжих үү

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам аль хэдийн наашилж, малчин, тариаланчид хүн бүхэн л дор бүрнээ өвлийг өнтэй давах бэлтгэлээ базааж байна. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлд өвөлжилтөд бэлэн буйг эсэхийг холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо. Уулзалтад Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, Ус суваг, Орон сууцны удирдах газрынхан оролцсон юм. Манай хүн амын 40 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Тэгвэл тэдний ая тухтай, дулаахан өвөлжих нөхцлийг хангахаар айл өрхүүдэд өнгөрсөн сарын 15-наас, аж ахуйн нэгжүүдэд энэ сарын нэгнээс халаалт өгч, одоогоор жигдэрч буйг албанынхан хэлсэн.

Гэвч иргэдээс дулаан, цахилгаан, орон сууцтай холбоотой гомдол тасрахгүй байгаа аж. Тухайлбал, Шуурхай мэдээллийн төвийн мэдээлж буйгаар сүүлийн 10 хоногт 500 орчим дуудлага ирсэн байна. Үүнээс 23 хувь нь цахилгаан тасарсан, дулааны сүлжээтэй болон ус сувагтай холбоотой тус тус хоёр хувь, хувийн орон сууцтай холбоотой дуудлага 10 орчим хувийг эзэлж буй юм. Ирэх сарын 1-гэхэд дулааны байгууллагуудын ажиллах горимыг гаргах аж. Дулааны шугам сүлжээний Инженерийн хэлтсийн дарга Г.Баярсайхан “Одоогийн байдлаар дулаан хангамжийн бэлтгэлийг бүрэн хангаж, ихэнх албан байгууллага, орон сууц хэвийн ажиллаж байна. Манай дөрвөн станц ажиллах ёстой горимынхоо дагуу ажиллаж байгаа. Дээр нь зарим тоног төхөөрөмжөө тохируулж, урсгал засвар хийх чухал байна” гэв. Цаашдаа хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эх үүсвэрийн хүчин чадал 2014 оноос хойш доголдох нөхцөл үүсэх аж. Төв диспечерийн хэлтсийн дарга З.Энхбаатар “Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж буй учир станцуудад ачаалал үүсэх магадлал гарч байна. Тэгэхээр бид аль болох хязгаарлалт бага хийхээр зохицуулалт хийж байна” хэмээв. Мөн дээврийн засвар, инженерийн шугам сүлжээний засвараа түлхүү анхаарах шаардлагатай байгаа аж.