Нийтийн тээвэр төлбөргүй болвол...


Замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн, нийтийн тээврийн үйлчилгээ сул, иргэдийн орлого өндөр биш Улаанбаатар хотын нийтийн тээвэр үнэ төлбөргүй болвол яах бол? Хүмүүс машинаа орхиод бүгд автобусанд суух уу, үүнийг дагаад түгжрэл буурах уу? Эсвэл санхүүжилтийн асуудлаас шалтгаалж төд удалгүй нийтийн тээврийн салбар дампуурах уу? Энэ мэт асуултын хариултыг Эстонийн Таллин хот бидэнд хэлж өгч чадна. Учир нь тус хотын иргэд 2013 оноос хойш нийтийн тээврийн автобус, трамвай, метрогоор үнэ төлбөргүй зорчиж буй.


Шугамын автобус цагтаа ирнэ, трамвай нь гялалзаж, гялтганаад цоо шинээрээ, зорчигчдод суух суудал хангалттай. Дэлхийн олон хотын хувьд энэ нь гайхалтай “амжилтад” тооцогдох юм. Эстонийн нийслэл Таллин хотын иргэд үүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо төлбөр төлдөггүйг нэмж дурдах хэрэгтэй. 2013 онд Таллин оршин суугчдадаа нийтийн тээврийн үнэ төлбөргүй үйлчилгээ санал болгосон дэлхийн анхны нийслэл болсон билээ. Түүнээс хойш Эстони энэ чиг хандлагаа өргөжүүлж, улс даяараа нийтийн тээврийн үйлчилгээг төлбөргүй болгосон анхны улс болгох том зорилтоо өнгөрсөн жил зарласан юм. Эдүгээ тус улсын 15 мужид автобус үнэ төлбөргүй үйлчилж байна.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгох саналыг Таллин хотын удирдлага гаргажээ. Хямралд тус улс тун их нэрвэгдэж, хэдий хотын төсвөөс нийтийн тээврийн зардлын 70 гаруй хувийг санхүүжүүлдэг байсан ч ядуу оршин суугчдын хувьд автобусны тасалбар өндөр үнэтэй хэвээр байж. Замын түгжрэл ч асуудал үүсгэж эхлэв. Эстони улс 1991 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш машин эзэмшигчдийн тоо эрс нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Хотын захиргааны эл түүхэн саналыг популист, боломжгүй гэж эсэргүүцэх хүмүүс мэдээж гарч ирэв. Тухайн үед Эстони хэмнэлтийн дэглэмд шилжсэн, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулаад байв. Нийтийн тээврийн үйлчилгээ хэт ачаалалтай болж, төсөв нь хүрэлцэхгүй гэж шүүмжлэгчид олон байлаа. Сонирхолтой нь, энэхүү маргааныг эрх баригчид олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэжээ.

Хачирхалтай нь нийтийн тээврийн үйлчилгээ сүйрсэнгүй. Тасалбар борлуулахаа зогсоосноор тус салбар 12 сая еврогийн санхүүжилтээ “алдсан” ч үйлчилгээ нь сайжирсан байна. Таллин хотын оршин суугчдын тоо нэмэгдсэнээр татварын орлого өсссөн, жуулчид болон тасалбар худалдаж авах ёстой Таллин хотын бус иргэдээс нэмэлт орлого орж ирэх болов. Түүнчлэн нийтийн тээврээр зорчигчдын тоо 10 хувиар нэмэгдэж, машины тоо буурснаар замын түгжрэл ч 10 хувиар багассан аж. Харин хөдөөд автобус үнэгүй үйлчлэх босон нь шилжилт хөдөлгөөнийг сайжруулах, ажилдаа үнэгүй явах боломжийг олгох замаар хөдөө, орон нутгаас дайжих үзэгдлийг бууруулах зорилготой байв.



Эдүгээ бусад улс Эстонийн жишээнээс суралцаж эхэллээ. Франц, Швед, Польш, Итали, Герман улсын зарим хотын эрх баригчид туршлага судлахаар хандаж эхэлснийг Таллин хотын захиргааныхан мэдээлсэн юм. Люксембург нь 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгохоо зарлаад буй. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг тодорхой бүлгийн хүмүүст эсвэл тодорхой хугацаанд үнэгүй болгосон туршлага бий. Тухайлбал, Англид автобусны үйлчилгээний гуравны нэг хувь нь үнэгүй (тухайлбал, тэтгэврийн хүмүүст), Уэльст харин жуулчлалыг дэмжих зорилгоор амралтын өдрүүдэд автобус төлбөр авдаггүй. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ нь үнэгүй хот тун цөөн. Бельгийн Хассель хот 16 жилийн турш нийтийн тээврийн үйлчилгээг төлбөргүй ажиллуулсан ч хэт их зардлын улмаас төлбөртэй болгож байв.
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй болсноор автомашинаар зорчигчдын тоог үлэмж хэмжээгээр бууруулахгүй боловч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нэгэнт батлагдсан. Түүнчлэн Таллин хотод автомашины зогсоолын төлбөр өндөр, зогсоолын талбай хангалтгүй байдаг нь түгжрэл буурахад нөлөөлсөн аж. Тодруулбал, гудамжинд машинаа байрлуулахад нэг цаг нь зургаан евро байдаг. Мөн машины зогсоол, машин зорчдог эгнээг автобусных болгож өөрчилсөн туршлага ч бий.

Гэвч автомашинаа орхиж, автобусыг сонгогчид хангалттай олон биш, явган явдаг хүмүүс нийтийн тээврээр зорчих нь ихэссэн, бийлэгжүү хүмүүс нэр хүндээ бодож мөн автобусанд чихэлдэхээс эмээж нийтийн тээврээс татгалздаг зэрэг асуудал бий юм.

Эцэст өгүүлэхэд Таллин хотын нийтийн тээврийн талаар Citiscope-ийн судалгаатай эндээс танилцаж болно.

Сонирхолтой баримтууд

- 2013 оны санал асуулгад оролцогчдын 75 хувь нь Таллин хотын нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгохыг дэмжсэн.
- Таллин хотын оршин суугчаар бүртгүүлж, хоёр евро төлснөөр нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх ногоон картны эзэн болдог. Зочид, жуулчид, Эстонийн бусад муж, хотын иргэд төлбөртэй үйлчлүүлэх ёстой.
- Бүртгэлтэй иргэн хэрэв татвар төлөгч бол улсад төлж буй нэг жилийн татвараас 1000 еврог нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж тусгайлан хурааж авдаг.
- Таллин хотын нийтийн тээврийн салбар сүүлчийн зургаан жилд жил бүр 20 сая еврогийн ашигтай ажиллаж байна.
- Харьцуулж үзвэл, Лондон хотод нийтийн тээврээр нэг сар зорчих картны үнэ 200 фунт, Данийн Копенхаген хотынх 160 фунт байдаг.