Нислэгийн тийзийн эцэг

Сэтгүүлч Mongolian Economy

Эйр транс компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүүтэй ярилцлаа.

-Өдгөөгөөс 20 жилийн өмнө зах зээлийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Цөмөөрөө л мэдэж байгаа, 1990-ээд оны шилжилтийн дараах үеүдэд хүн бүр л яаж амьдрах тухайд толгойгоо ажиллуулж эхэлсэн. Бээжин дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад 1996 онд Улаанбаатарт ирлээ. Тэр үед Монголд МИАТ, Аэрофлот гэж хоёрхон компанийн билетийн касс байсан, эндээс өөр авиа компанийн тийз авахад их өндөр үнэтэй тул гуравдагч авиа компанийн тийзийг Бээжин, Вашингтон зэрэг газруудаас хямд билет зөөдөг цөөн хэдэн залуу байсан. Энэ утгаараа би анхдагч нь биш. Харин 1997 онд байгуулагдсан Эйр Транс нь “IATA”-гийн стандартын дагуу ном ёсоор нь онгоцны билетын агентыг байгуулсан анхны компани. 1998 онд “IATA”-гийн болон Галилео суудал захиалгын системийн анхдагч болж, олон авиа компанитай тус тусад нь гэрээ хийж, хямд үнэ авч, Монголд тийз бичиж эхэлж билээ.
Анх гурван хүнтэй, Залуучуудын холбооны байранд 12 ам.метр өрөөнд ажлаа эхлэхэд миний халаасанд ердөө 1000 ам.доллар байсан. Бээжингээс нэг л билет авах л мөнгө байлаа шүү дээ, тэр үед. Тэгээд баз нараасаа 13 мянган ам.доллар зээлж, бизнесийн эргэлтийн мөнгөтэй ажлаа эхлүүлснээ мартдаггүй юм.
Ийм бизнес хийх санааг Бээжинд МИАТ-ийн Төлөөлөгчийн газарт ажил­лаж байхдаа олсон л доо. Агентууд ирж уулзаад, МИАТ-ийн агент чинь болмоор байна, комисс хэд вэ гээд л. Тэгж л авиа компаниудын тийз борлуулагч хийж мөнгө олж болдог юм байна гэдгийг олж мэдсэн. "Эйр Транс"-ыг булган сүүлтэй, бидний туршлага, гаргасан зам маань олон агентыг амжилттай ажиллаж эхлэхэд тус дэм болсон гэж боддог.
-Өнөөдөр энэ зах зээл дээр хэчнээн компани өрсөлдөж байна вэ?
-Одоо Монголд ийм зөвшөө­рөлтэй 13 компани бий. “IATA”-гийн зөвшөөрөл гэдэг нь тийзийг алдаагүй бичиж, үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч чаддаг, авиа компани бүрийн дүрмийн ялгааг мэдэж, тайлбарлаж чаддаг стандарт юм. Хоёр жилийн өмнө Монголд билетийн кассууд нийлж “IATA агентлагуудын холбоо”-г байгуулсан. Зорилго нь нийтлэг эрх ашгаа хамгаалах, авиа компаниудын өмнө нэг дуутай байж, аль болох боломжтой нөхцөл авч үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх. Нөгөө талаас үйлчлүүлэгч нартаа нислэгийн соёл олгох чиглэлээр ажилладаг. Миний хувьд анхных нь ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Зөвшөөрөлгүйгээр энэ талбарт ажиллах боломжтой юу?
-Сайн дураараа ажиллаж үзсэн хүмүүс бий. Ихэнх нь орхисон. Нэгдүгээрт, нислэгийн компаниуд тэднийг хүлээн зөвшөөрдөггүй тул шууд харьцдаггүй. Бидний хэллэгээр “суб агент” буюу аль нэг билетийн кассын нөмөр нөөлөг дор билет дамжуулан зарж багахан ашиг олдог, гэхдээ энэ нь явцгүй нь ойлгомжтой. Одоо бараг байхгүй гэж хэлж болно.


-Анхлан "Эйр транс"-ыг байгуулж байх үеийн болон одоогийн тийзийн борлуулалтын хооронд хир ялгаа байгаа бол?
-1990-ээд онд гадаад явдаг хүмүүсийн тоо хэд байлаа даа. Тухайлбал, Бээжин рүү МИАТ-ийн онгоц долоо хоногт гурав нисэхэд тэр бүр суудал дүүрдэггүй байсан. Гэтэл одоо суудал олдохгүй, ялангуяа Сөүлийн нислэгийн тийз сарын өмнө ч олдохгүй болж. Кориан эйр, МИАТ-ийн онгоцууд зуны цагт өдөрт бараг 3-4 нисээд байхад л суудал дүүрэн, олдохгүй.
Би энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг юм. Манай улс Засгийн газрын бодлогын төвшинд өөрчлөлт хийх хэрэгтэй. Зах зээл нь хэдхэн нислэгийн авиа компаниар хязгаарлагдчихаад байна. Хамгийн их эрэлттэй Сөүл гэхэд зарим хүмүүс арга ядаад Тяньжин рүү нисч, тэндээсээ усан онгоцоор Сөүл хүрч байна. Эдийн засаг хямралтай үед ийм байхад, эдийн засаг сэргээд, тэлээд ирэхээр яах вэ. Монголд ирэх жуулчдын тоо онгоцны суудлаар л хязгаарлагдчихдаг юм шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалаа хөгжүүлье гэж төлөвлөж байгаа бол ядахдаа зуны улиралд гадаадын нислэгийн компаниудад зөвшөөрлийг нь хангалттай өгөх ёстой санагддаг.
-Та энэ 20 жилд улс эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж боддог бэ?
-Би нэг түүх ярья. Насаараа төрд ажилласан эгч маань нэг удаа “Чи уг нь төрд ажиллах ёстой хүн” гэж загналаа. Тэгэхээр нь би “Харин ч билетийн кассыг бий болгосноороо төрд ажиллахаас илүү хүмүүст хэрэгтэй зүйл хийсэн, монголчууд хямд нисдэг болсон ” гэж хариулсан юм. Эйр Транс нээгдэхээс өмнө жишээ нь, манайхан Америк руу доод тал нь 2000 ам.доллараар нисдэг байсан бол Эйр Транс болон бусад агентууд ажиллаж эхэлснээс хойш Монгол Улс маш их хэмжээний валют хэмнэсэн байх. Одоо 300 орчим хүн ажилладаг, үйлчилгээний соёлоор дээгүүр ордог салбар болтлоо хөгжүүлжээ, манай билетийн кассууд.
Өнөөдөр олон сонголттой болсон. Анх жижигхэн оффистоо МИАТ-ийн тийзийг хэвлэж эхлэхэд хүмүүс маш бахархалтайгаар хардаг байлаа. Бараг л мөнгө хэвлэж байгаа юм шиг л “Ингэж болдог юм уу” гэж сонирхоно. Тэгвэл өнөөдөр цаасан тийз үеэ өнгөрөөж, цахим тасалбарт шилжлээ. Хүмүүс гар утсаараа тийзээ авчихдаг боллоо. Өөрчлөлт дэвшил их хурдтай явж байна.
-Монгол улсын танай салбарын хөгжлийг дэлхийтэй харьцуулбал хаана нь явна вэ? Ирэх 20 жилд ямар өөрчлөлт гарах бол?
-Тийз борлуулалтын үйлчилгээний хувьд бид дэлхийгээс нэг их хоцорсон зүйлгүй болчихлоо. Нэгдүгээрт, “IATA”-гийн стандарт гэж бий. Хоёрдугаарт, нислэг үйлддэг МИАТ, Кориан Эйр, Аэрофлот, Эйр Чайна, Туркиш Эйрлайнс бол дэлхийд өрсөлдөж байгаа, хатуу шаардлагатай компаниуд. Ер нь ирээдүйд бүх зүйл онлайн болно. Билетийн касс сонгодог утгаараа байгууллагуудад үйлчилж л үлдэх болов уу.
Дэлхий даяар тийзний үйлчилгээ явуулдаг хэдэн том агент бий. Манайхан төлбөрийн картаар нь мэддэг AMEX-ийн хоёр дахь том бизнес нь тийз борлуулалт байдаг, 140-өөд оронд үйл ажиллагаа явуулдгийн дотор Монгол багтдаг. Эйр транс нь Американ Експрессийн албан ёсны түнш, тэдний өмнөөс үйл ажиллагаа явуулж, гэрээ хийх эрхтэй. Түншлээд 13 жил болж байна.
Ер нь яваандаа хувь хүмүүс гар утсаараа билет авдаг болох боловч онлайн үйлчилгээний нэг дутагдал нь хүмүүст нислэгийн нарийн зөвлөгөө өгч чаддаггүй, мөн албан байгуулагуудын шаардлага зэргээс билетийн кассын хэрэгцээ тодорхой хэмжээгээр байсаар байх болно.
-Танай компани өнөөдөр хэдэн ажилтантай вэ?
-70 гаруй хүнтэй. Улаанбаатар хотод найм, Эрдэнэт, Дархан хотод нэг нэг оффистой. Хөдөө орон нутагт манайхаас өөр агент байхгүй. Аймгуудад хангалттай эрэлт хэрэг­цээ байхгүй учраас нэмж оффис нээж ажилуулах боломжгүй.
-Өнөөдөр өрсөлдөөн нэлээд ихэслээ. Эрүүл зөв өрсөлдөөн бий юү? Өрсөлдөөнөөс иргэд хожиж чадаж байна уу?
-Хүмүүст сонголт байна гэдэг сайн хэрэг. Бидний хувьд ч өөрсдийгөө хөгжүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад хурцалж өгдөг. Энэ 13 агентууд нислэгийн компаниудаас нэг л ижил үнэ авдаг. Тиймээс тэдэнд төлдгөөсөө бага мөнгөөр үйлчлүүлэгчиддээ тийз борлуулж чадахгүй шүү дээ. Биднийг хаанаас мөнгө олдог вэ гэж их асуудаг.
Бид үйлчлүүлэгчээсээ нэмж мөнгө авах эрх байхгүй. Харин борлуулсан тийзнээсээ нислэгийн компаниудаас бага хэмжээний урамшуулал авдаг. Үүнийгээ оруулж хямдруулсан ч үнэд нэг их айхтар нөлөөлөхгүй. Хүмүүс зарим агент нь бусдаасаа хямд гэж ярьдаг. Энэ нь “нэг онгоцны энгийн суудал хүртэл дотроо 10 өөр ангилал, үнэтэй байдаг, эрт захиалбал, буцаавал торгуультай, хатуу нөхцөлтэй гэх мэтчилэн. Цаг нь ойртох тусмаа хямдаасаа эхлээд захиалга хаагдаад явчихдаг. Хэрэв хоёр, гуравхан суудал үлдвэл нислэгийн компани түүнийгээ хамгийн үнэтэйгээр зарна. Нэг агентад очоод тийз үнэтэй байна гэж орхиод нөгөө рүү нь очих хооронд тохиолдлоор зарим нэг хүн суудлаа цуцалбал та азтай байна гэсэн үг. Эсвэл огт суудалгүй үлдэж ч магадгүй. Ийм зүйлээс шалтгаалаад тэр нь үнэтэй, энэ нь хямд байдаг гэх яриа гардаг.
Хүмүүс талхтай адилхан бодоод байх шиг. Онгоцны суудлыг яагаад талх шиг зарж болдоггүй вэ. Учир нь нислэгийн компаниуд их эрсдэлтэй бизнес эрхэлдэг. Хэрэв онгоц тал хүнтэй нисвэл алдагдалд орно. Гэтэл зарим үед суудал нь дүүрэхгүй, заримдаа тийз нь олдохгүй. Тиймээс тэд жилийн ашиг, алдагдлаа тэнцүүлэхийн тулд суудлаа өөр өөр үнээр борлуулахад хүрдэг юм. Жишээлбэл, Сөүлийн нислэг суудал дүүрэхгүй бол нислэгийн компани нь 700-800 мянган төгрөгөөр сүлжээнд оруулчихна. Харин суудал олдохгүй хүмүүс булаацалдаад ирвэл 1.7 саяын суудал сүлжээнд үлдэнэ. Ингээд харахаар маш их ашиг хийгээд байгаа юм шиг боловч жилийнх нь тэнцлийг үзэхээр нислэгийн компаниуд ердөө 2-3 хувийн л ашигтай ажилладаг. Энэ утгаараа тийз борлуулалт нь их мөнгө эргэлддэг боловч ашиг тун багатай бизнес. Америкт “Та тэрбумтан бол саятан болох хоёрхон арга бий. Нэг нь казино тоглох, нөгөө нь нислэгийн компани байгуулах” гэсэн үг бий.




-Иргэний нисэхийн дэлхийн чиг хандлага хаашаа явж байна вэ. Хүмүүс онгоцоор нисэх нь улам нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг?
-Дэлхий даяар онгоцоор нисч буй хүмүүсийн тоо маш хурдтай өсч байгаа. Ялангуяа Хятадад. Нэгдүгээрт, хүмүүст онгоцоор нисэх хэрэгцээ, шаардлага их байна. Хоёрдугаарт, нислэг үйлдэгч компаниуд хоорондоо үнээрээ ширүүн өрсөлдөж байна. Өрсөлдөгчөөсөө түрүүлнэ гээд үнээ буулгаад байвал ашиггүй болоод дампуурна. Ашиггүй ажиллахгүй гээд үнээ бариад байвал зах зээлээс шахагдана. Тиймээс зардал багасгах чиглэл рүү орсон.
Тухайлбал, МИАТ-ийн хамгийн том зардал нь миний ойлгосноор түлш. Тэгэхээр хямд түлш олох эсвэл түлш бага зарцуулдаг онгоцтой болох гэдэг бодлого баримтална. Сүүлд Бойнг компани В787 буюу Дреем Лайнер гэж онгоц хийлээ. Энэ нь бусад онгоцтой харьцуулахад 20 хувиар бага түлш зарцуулна. Цаашлаад өрсөлдөгчдөөсөө давуу нь бүхээг дэх хүчилтөрөгчийн хангамж илүү их. Тийм учраас үйлчлүүлэгчид олон цаг нисэхэд ядрах нь бага байдаг гэх мэт давуу талтай. Чиг хандлага ингэж өөрчлөгдөж байна.
-Нар, салхины эрчим хүчийг ашиглах тухайд?
-Онгоцны хувьд нэг хэсэгтээ л боломжгүй байх. Гэхдээ энэ чинь эцэстээ өнөөх үнэтэй түлшний хэрэглээг л багасгах зорилготой шүү дээ. Түлш их хэрэглэх нь өөрөө агаарт төдий чинээ их нүүрс хүчил ялгаруулж байна гэсэн үг. Үүнийг бууруулж чадвал байгаль орчны бохирдлыг давхар шийдэж байгаа юм. Цаашдаа нэг онгоцны нэг удаагийн нислэг үйлдэх зардал багасах тусам тийзний үнэ дагаад буурах ёстой.
-Та өмнө нь нислэгийн соёлын талаар цухас хөндсөн.
-Соёлын хувьд “IATA”-гаас тусгайлан зааж журамласан зүйл байхгүй. Тэдний өгдөг зөвлөгөө нь нислэг үйлдэгч компаниуд яаж аюулгүй нисэх вэ, агентууд хэрхэн стандарт хангасан үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт л чиглэдэг. Том ч бай, жижиг ч бай ямар нэг аж ахуйн нэгж өөр өөрийн соёлтой.
Зорчигчдын нислэгийн соёл гэж яривал аль болох эрт тасалбараа авчихдаг, өдрөө солиулбал тодорхой торгууль авиакомпанид төлдгөө ойлгосон, онгоцонд урд суугаа зорчигчийн суудлыг хөдөлгөөд байхгүй, онгоц бүрэн зогсохоос өмнө босч харайгаад байхгүй гээд энгийн соёл хэвшээгүй хүмүүс байсаар байгаа.
Юу ч хийхгүй, банкны хүүгээр амьдрах нь нийгмийн ялзрал
-Монголын энэ зах зээл дээр өрсөлдөөн хэр байна вэ?
-Өрсөлдөөн ширүүн. Бид үйлдвэрлэгч биш. Улаанбаатарын зах зээл жижиг. Аль болох олон үйлчлүүлэгч татахыг хичээж ажиллана шүү дээ. Банкуудаар жишээ авахад олон харилцагч татахын төлөө явсаар байгаад хадгаламжийн хүүг хөөргөчихсөн шүү дээ. Сэдвээсээ жаахан хадуурахад энэ өндөр хадгаламжийн хүүний төлөөсийг бизнес эрхлэгч бид үүрч байгаа. Мэдээж хадгаламжийн хүүг төлөхийн тулд түүнээс өндөр хүүтэй зээл гаргана. Тэр зээлийг нь бид авдаг. Монголын бизнес эрхлэгчид дэлхий дээр байхгүй өндөр хүүтэй зээл авдаг. Тэгэхээр банкууд бас соёлоо эргэж хараасай. Америкт бол мөнгөө аюулгүй хадгалуулсныхаа төлөө үйлчлүүлэгчид харин ч нэмж мөнгө төлдөг. Надад заримдаа “Олсон мөнгөө банкинд хадгалуулчихвал ингэж зовж бизнес хийхийн хэрэг байна уу” гэж бодогддог юм. Юу ч хийхгүй, банкны хүүгээр амьдрах нь нийгмийн ялзрал. Жилийн 15 хувь ч гэх шиг, тэгэхэд авиакомпаниуд шууд ба шууд бус өчнөөн ажлын байр бий болгоод, том эрсдэл үүрээд жилийн 2-5 хувь ашиг олж байна шүү дээ.
-Хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлсэн байгаа?
-Бид ажил хийгээд олсон мөнгөнөөсөө татвар төлж байхад ажил хийлгүй олсон мөнгөнөөсөө татвар төлөх нь зүйн хэрэг биз дээ. Цаашлаад хадгаламжийн хүүг ядаж гурван хувь болгочихвол бизнес эрхлэгчид бид илүү юм хийж, бүтээж чадна. Хамгийн муухай нь ажил хийхгүйгээр амьдарч болдог гэсэн сэтгэхүйг бий болгож байна. Заримдаа улстөрчид өөрсдөө авлигынхаа мөнгийг банкинд хадгалуулж орлого олдог гэж харддаг. Банкны холбоо гэж байсаар атал яагаад ярилцаад хүүгээ буулгаж болдоггүй юм бол оо? Хүү багаслаа гээд хүмүүс хадгаламжаа татаад гадаадын банкинд хийнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Тэртэй тэргүй мөнгөө аваад гадаадын банк руу очиход таны мөнгөнд хүү төлөхгүй, бараг та үйлчилгээний зардал төлнө.
Хэрэв банкны хүү бага байвал бизнес өргөжих боломж маш их байгаа. Монголд хөдөлмөрлөдөг хүний тоо их байх ёстой. Эсрэгээрээ улсаас тэтгэмж авдаг, хадгаламжийн хүүгээрээ амьдардаг хүн бага байх ёстой.
-Улс төр бизнестэй хутгалд­чихлаа. Энэ хоёр тусдаа байх ёстой юу, эсвэл үр ашигтай түншлэх ёстой юу?
-Би эдийн засгийн мэргэжилгүй. Гэхдээ төр, хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэдэг нь их муухай сонсогддог. Хувийн нэг компани төрийн компанитай шүүхдэлцэхэд шүүх нь хүртэл төрийнхөө талд илүү орчихдог гэж олон хүнээс ингэж сонсож байсан. Энэ нь дээрээс нь чиглүүлдэг гэдэгтээ биш шүүгч нь өөрөө төрөөс цалин авч, төрийн төлөө ажиллаж байгаа гэдэг сэтгэхүйтэй холбоотой байх.
Хэрэв ингэж чаддаг бол Эрдэнэт үйлдвэр заавал төрд байх албагүй. Төрд ажилладаг Дорж, хувийн хэвшилд ажилладаг Дорж хоёулаа л адилхан монгол хүн. Гэтэл хувийнх нь муу, төрийнх нь сайн хүн гэдэг буруу сэтгэлгээ Монголд социализмын үеэс үлдчихсэн.
Өнөөдөр Монголын төр намуудын төр болсон харагдаж байна. Намууд үнэнч зүтгэгчдээ шагнахын тулд төрийг бизнестэй байлгаж албан тушаалын томилгоо хийж байна. Батлан хамгаалах, цагдаа, боловсрол гээд үнэхээр төрд хэрэгтэй функцууд бий, үүнийг хэлээгүй юм шүү.
Уруудан доройтож байсан Англи Улсыг Тетчер хатагтай эргүүлж Их Гүрэн болгосон, яаж? Төрийн халамжийг багасгаж гол нь их хувьчлал хийж төрийг бизнесээс салгаж өгснөөр.
-Онгоцоор үйлчлүүлэгчийн соёл манайд төлөвшсөн үү?
-Нэг үеэ бодоход гайгүй болсон. Нисэх өдрөө солиход мөнгө төлөх ёстой, цуцлуулахад нислэг үйлдэгч компани торгууль авдгийг ойлгодоггүй байснаа бодоход. Бараг л ноён Чука аваад халааслаад байдаг гэж боддог байх.
Хэрэв та хямд тасалбар авсан бол өдөр солих, буцаах торгууль өндөр байдаг. Түүнийг билетийн касс биш нислэгийн компани л авна, бид дамжуулагч. Харин үнэтэй тасалбар авсан бол бараг торгууль байдаггүй. Энэ бол зах зээлийн энгийн л дүрэм.
-Билет бичихдээ үйлчлэгчийг төөрүүлж, нислэг зөрүүлсэн тохиолдол гарч байсан уу?
-Агентуудаас ганц нэг тохиолдол гарсан тухай дуулж байсан. Тийз олгосон хүн нь сайн ойлгуулж хэлээгүй, авч байгаа хүн нь хайхрамжгүй хандсан гээд аль аль талдаа буруу бий. Ийм алдаа Монголд төдийгүй дэлхийд хааяа нэг гардаг. Тухайлбал “Moscow” гэдэг хот дэлхийд 3-4 бий. Тэр газруудын нэрийг сайтар шалгах ёстой.
-Танай компани нийгмийн хариуцлагын чиглэлээр энэ хуга­цаанд ямар ажлууд хийж ирэв. Сүүлийн үед компаниуд нийгмийн хариуцлагыг юу гэж ойлгодог болсон бол?
-Бид байгаль дэлхийгээсээ авч хэрэглэж байгаа. Гэтэл байгаль дэлхийдээ эргээд юу өгдөг юм гэдгийг хүн бүр бодож үзэх хэрэгтэй.
Манай хамт олон Батсүмбэрт 10 га газарт мод тарьсан. Хойч үедээ ой үлдээнэ. Та бүхний манайхаас авсан тийз бүрийн ашгийн 1000 төгрөг үүнд зориулагдаж байгаа шүү. Эйр Трансаар үйлчлүүлж тийз худалдан авч байгаа та бүхэндээ баярлалаа.
Энэ жилийн ажил гэвэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын сургуулийн гадаа жорлонг манай компани өөрсдийн хөрөнгөөр боловсон, халуун устай болгосон.
Шууд бус утгаар бид үлгэр жишээ, соёлтой байх ёстой. Миний аав, ээж хөдөөнөөс хотод нүүж ирсэн гэхээр би II үеийн оршин суугч гэсэн үг. Өнөөдөр I үеийн оршин суугчид маш их байна. Тэднийг хотын соёлд сургах тухайд тусгайлан хөтөлбөр боловсруулаасай. Нийгмийн сүл­жээгээр биесээ “орк” гэж дуудаад хол явахгүй. Тэд мэдэхгүйдээ хийж байгаа маш их алдаа байна. Ядаж шинээр ирж байгаа оюутнуудад Улаанбаатар хотод ийм соёлтой байх ёстой гэдэг 1-2 цагийн ч болов хичээл орох, эсвэл материал бэлдэж өгөх хэрэгтэй.
Эрүүл хотод, ааш зан сайтай, соёлтой амьдардаг болоход ажлын байр их байх, ядуурал бага байлгах нь төрийн төдийгүй та бидний хариуцлага.
УБ хотын захиргаа нэг зүйлийг л хийхэд амьдрал шал өөр болчихмоор нэг санаа байх юм. 50-100 метр тутам, хотоо хэрсэн нарийн ч хамаагүй гудмууд бий болгомоор байна. Тэгвэл тэр олон шинэ гудамжуудын хоёр талаар байрны I давхрууд жижиг бизнес эрхлэнэ, машинууд одоо байгаа цөөн төв замуудаараа түгжрэхээ ч болино. Одоо бүтэхгүй байгаа зүүн эргэнэ, эргэхгүй гэдэг хэрүүл ч байхгүй болчихоор харагдаад байна.
Ашиглах хугацаа нь дууссан, актлах болсон муудсан байр­нууд байгаа, тэднээсээ эхэл, оронд нь зам, зогсоол барь. Одоо­гийн эзэд болон өмчлөгч нарт нь өөр газар илүү сайн нөхцөл санал болго. Э.Бат-Үүл дарга 1-р сургуулийн зүүн талын замыг бий болгоо биз дээ. 100 зам ч гэдэг юм уу, нэг хөтөлбөр хийгээч ээ.

Компани удирдана гэдэг нь хүний эвийг олох чадвар

-Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой байна. Зарим нь залуусыг амар аргаар мөнгө олох гэж хүсдэг, улстөрчдийн цүнх барьж томордог гэж ярьдаг.
-Энэ чинь бизнес хийж мөнгө олох амар уу, улс төрөөр мөнгө олох амар уу гэдгийн хариулт. Зарим залуус улс төрд орчихвол дарга болж, ах дүү нартаа ажил олоод өгнө гэж харж байна. Явж явж ээж, аавын л хүмүүжил байх даа. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсний гай. Хонгконгт гэхэд л ямар ч тэтгэмж, халамж байхгүй.
Тухтай зоон ( орчин ) гэж ойлголт байдаг. Өлсөхгүй, даарахгүй болоод л байвал хүн хэзээ ч хөгжихгүй. Гэтэл төрөөс өгч ирсэн тэтгэмж бол зарим хүний хувьд тухтай орчин.
Хүүхдүүддээ их хөрөнгө үлдээх нь тэднийг энэ зөн дотор ялзруулдагийг хөгжингүй улсууд мэддэг юм байна. Япон 90, Герман 70 хувийн татварыг өвлүүлсэн хөрөнгөнөөс авдаг, залуучууд нь өөрөө амьдралаа босгох ёстойг ойлгочихсон байдаг. Бүх юм нь бэлэн, элбэг хангалуун байдлаас энэ хэт их зугаа цэнгэл, мансуурлын асуудал үүсдэг байх.



-Удирдагч гэж хэнийг хэлэх вэ. Таны бизнест баримталдаг зарчим юу байна. Залуучууд хурдхан шиг том компанийн захирал болох юмсан гэж хүсдэг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Компани байгуулж, бүртгүүлэх шиг амар юмгүй болж. Нэг, хоёр өдрийн дотор нэрээ бүртгүүлээд, тамгаа авчихаж байна. Харин юу хийх гэж компани байгуулж байгаа вэ гэдэг л хамгийн чухал. Ямар ч компанийн эцсийн зорилго нь мөнгө олох. Мөнгөө яаж зарцуулах нь дараагийн асуудал. Ганц хүнтэй компани мөнгө олоод байж болно. Ганцаараа ажиллаж дийлэхгүй бол хүн ажилд авч таарна. Тухайн хүнээс чадвар шаардана. Чадахгүй бол бүтэлгүйтнэ. Зөвхөн Монголд ч биш. Жишээлбэл, Америкт шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 80-90 хувь нь бүтэлгүйтдэг гэж байгаа. Би ч олон компани нээж үзсэн. Бүгдээрээ амжилт олоогүй. Нүдийг нь олно гэж үг бий. Тэгж ажилласан бизнес л амжилтад хүрдэг.
Компани удирдана гэдэг нь хүний эвийг олох чадварыг хэлээд байх шиг байгаа юм. Монголд амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүсийн үүх түүхийг сонсоход багадаа эрх танхи өсөж, элбэг хангалуун явсан хүн бараг байдаггүй. Бас айлын ганц, дунд сургуульдаа айхтар онц сурч байсан хүүхдүүд ч байдаггүй. Хүүхэд багадаа заавал онц сурах шаардлагагүй. Харин хүмүүстэй харилцаж, хүмүүсийн эвийг олж сурах хэрэгтэй. Дэлхий дээр ерөнхий боловсролоор хамгийн сайн нь Финлянд. Финляндын дунд сургуульд дүн тавьдаггүй юм билээ. Хүн дүнгийн төлөө багаасаа үзэлцэж болохгүй. Тэр бүү хэл, чи сайн, чи муу ч гэхгүй. Японд бас бага сургууль нь дүн тавьдаггүй. Еврей ээж нар хүүхдээ сургуулиас ирэхээр “Өнөөдөр чи ямар дүн авсан” гэж хэзээ ч асуудаггүй юм байна. Харин “Өнөөдөр багшаасаа юу асуусан бэ?” гэж асуудаг гэнэ. Ер нь сониуч хүн илүү амжилтад хүрдэг юм байна гэж боддог шүү.
-Та өөрөө хэр сониуч байв?
Би багадаа Улаанбаатар хотын бүх дугуйланг дуусгасан. Зураг, нисэх загвар, урлагийн секц, радио хийц , буудлага гээд их сониуч хүүхэд байсан. Ингээд бодоод үзэхээр хүүхдээ онц сур гэж шахах биш, юманд сониуч, хүнтэй зөв харьцдаг, бусдад саад болдоггүй, хүмүүжил олгоход анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрэв надаас зөвлөгөө өгөөч гэвэл “Хүүхдийнхээ хүмүүжилд анхаар” гэж л хэлнэ.
-Та өөрийнхөө хүүхдүүдийн хүмүүжилд хэр анхаардаг вэ?
-Яг еврей, финляндчууд шиг байж чадаагүйдээ, үүнийг мэддэггүй, дуулаагүй байсандаа харамсдаг. Гэхдээ хүүхдүүд маань сайн хүмүүс болсон. Хүүхдэд орчин нь багш болохоос биш, чихэнд нь очиж ингэ, тэг гэж заасан нь биш. Одоо нэг харамсмаар зүйл бол Улаанбаатарт байгаа хүүхдүүд гадаа тоглохоо больчихож. Гэртээ гар утас, компьютерийн ард л байна. 20-30 жилийн дараа Монгол Улсыг авч явах улс нийтэч биш, аминч хүмүүс болж төлөвшиж байна. Одоо зусланг хар л даа. Айл болгон байшингаа тойруулаад жижиг, жижиг замбараагүй хашаа татчихсан. Бидний багад өдөржингөө гадаа сайртталаа тоглодог газар байсан.
-Та хотын хөгжлийн талаар нэлээд ярьдаг. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бид стрессгүй, эрүүл, энх тунх сайхан амьдрах хэрэгтэй. Бид бүгдээрээ л сайхан оронд амьдармаар байгаа. Уг нь Монгол сайхан орон. Бид эдийн засгийн гачаалаас ч гэдэг юм юм уу нэг жижигхэн газар нийтээрээ шавчихсан, нэгнийгээ замд тээг болж байна.
Хүний өглөөний эхний сэтгэгдэл их их чухал. Гэтэл бид гэрээсээ гараад л бухимдана. Ажил дээрээ, гэртээ, хаана ч бухимдана. Үүнийг багасгах боломж бидний гарт байгаа. Бид өөрсдөө Улаанбаатар хотыг замгүй болгосон улс. Үүнийг хүн байгуулсан юм чинь бас хүн засч чадна. Хэрвээ хангалттай мөнгө байдаг бол 100 метр тутамд туслах зам баймаар байгаа юм. Магадгүй хүмүүс асуух байх. Байшин байгаа газар яаж зам тавих юм бэ гэж. Байшинд чинь арк хийж болно шүү дээ. Эсвэл тэр байшинг бүр байхгүй болгож болно. Тэр байшинд байгаа хүмүүсийг хотын зах руу нүүлгээд хурдны зам, халуун хүйтэн ус, эрчим хүчийг нь шийдээд өгвөл магадгүй дуртай очих байх. Тэр газар нь зам бариад хажууд нь паркууд барих хэрэгтэй. Тэр нь хотын уушиг болж байдаг.
Өөр нэг зүйл нь замын хажууд байгаа зүлэг надад зай эзлээд илүү санагддаг. Монголын утаатай улирал нь өвөл. Өвөл нь тэр зүлэг хагдраад хэрэгцээгүй. Зун нь тэртэй тэргүй агаар сайхан болдог. Тиймээс аваад замаа өргөтгөх боломжтой. Мод заавал зүлгэн дээр байх албагүй. Явган хүний зам дээр байж болно. Харин оронд нь ашиглалтын хугацаа нь дууссан барилгуудыг нурааж газар дээр нь парк байгуулах хэрэгтэй. Цаашлаад салхины дээд талдаа, Долоон буудал орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ахиад байгуулах хэрэгтэй. Тэндхийн оршин суугчдыг хурдны замаар явж болдог, тээвэр сайтай хотын зах руу нүүлгэвэл үгүй гээд байхгүй байх. Хотоо тэлэх ёстой. Долоон буудлаас хотын төв рүү ортол 20 минут явдаг бол шинэ газраасаа 10 минут явдаг тийм дэд бүтцийг нь шийдээд өгчихье л дөө.

-Улаанбаатарын хүмүүс ер нь сүүлийн жилүүдэд утаат агаараас болоод хотоос гарч амьдрах сонирхолтой болж байгаа гэсэн?

-Яг тийм. Манай хотын удирдлагууд гэр хорооллыг буулгаад буурин дээр нь байр барьж оруулна гэж яриад байдаг. Тэрний дор байгаа хичнээн жорлон, ямар байгаа билээ. Тэр нь бүр тэжээл болоод мод сайхан ургаж магадгүй. Тиймээс ч илүү сайн хувилбар гэвэл салхиныхаа дээр эрүүл сайн парктай болъё, хотоо тэлье. Өнөөдөр Улаанбаатарт байгалийн гамшиг болбол зам дээрээ бүгдээрээ түгжирч чад хийхээр. Хотоос гарах замаа олон, өргөн болгох хэрэгтэй. Тэгвэл түгжрэлгүй, дэлхийн хамгийн сайхан агаартай, ногоон хот болмоор. Уг нь Улаанбаатар хойд зүгээсээ Сибирийн цэнгэг агаар орж ирдэг сайхан агаартай газар. Гэтэл тэр замд нь гэр хороолол нь байж байдаг. Энэ бол төрийн мэдлийн асуудал. Яагаад бусад хүмүүсийн эрүүл мэндийн төлөө яагаад "Та нүү" гэж хэлж чаддаггүй юм. Яагаад нэг Доржийнх гал түлэхэд 100 Дорж хордох ёстой юм. Өнөөх 100 Дорж нь утааны эсрэг гэж нэг жагсаал хийсэн нь ямар үр дүнтэй юм. Ийм шийдэл, шийдвэр хэрэгтэй байна.
Хэрэв надад мөнгө байдаг бол Долоон буудалд 100 айлын газар худалдаж аваад парк болгочихмоор л байна.
Өнөөдөр зун болсон ч Улаанбаатар бохир хэвээрээ байгаа. Яагаад гэвэл газрынхаа өндөрлөгт гэр хороолол нь байдаг. Борооны устай бохир нь урсаад ороод ирдэг. Хатсан бохир салхи дэгдэхээр хаачих вэ. Уг нь баруунд хамгийн өндөр, агаарын бохирдолгүй газар баячууд нь амьдардаг. Улаан­баатар эсрэгээрээ, боломжийн амьд­ралтай хүмүүс нь утаанаасаа зугтаад бүр газрын нам дор руугаа суурьшсан. Зайсанд байгаа хүмүүсийн буруу биш. Хэрвээ Долоон буудалд утаа гардаггүй, паркуудтай байсан бол хамгийн үнэтэй газар. Одоо өөрс­дийнхөө бохироос болоод эсрэгээрээ. Хот гол төлөв баруун хойноосоо салхитай, Сибирь, Хэн­тийн нуруунаас сайхан агаар ирдэг шүү дээ уг нь.
-Та "Эйр транс" компанийн ирэх 20 жилийг хэрхэн харж байна вэ?
-Нислэгийн компаниудын хөгж­лийг л дагана. Ер нь гадаадад жуулчны компаниудын дэргэд билетын касс нь байдаг. Харин манайд бол биеэ даачихсан. Ерөнхийдөө жуулчны компани болох болов уу гэж бодож байна. Миний бодлоор гадаадаас олон жуулчин авдаг компани болох байх. Дэлхийд бизнесийн салбаруудаас байгаль орчинд ээлтэй, өгөөж сайтай нь аялал жуулчлал гэж үздэг. Өнөөдөр Монголд жуулчны компани олон бий ч Монгол өөрөө гадаадын жуулчдын хувьд хагас хаалттай орон. Жуулчин хүлээж авах багтаамж багатай. Онгоцны суудлын хүрэлцээ муу, зун богино гээд сөрөг үзүүлэлт ихтэй. Яг өөрөө жуулчин хүлээж авч үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хийвэл хийсэн шиг л хийнээ гэж бодож байгаа.