Нисэгсэд

Улаанбаатараас Ханбогд чиглэлийн нислэг хөөрөхөд бэлэн болж, онгоц зурвас даган алгуур хөдлөв. Үүр хаяарах хүртэл нэг цаг дутуу байна. Бүх суудал дүүрчээ. Бүхээгт 100 орчим хүн багтах бөгөөд тэд бүгд “Оюу Толгой” ХХК-ийн ажилчид, албандаа мордож буй нь энэ. Өдөр бүр ийн Ханбогдоос Улаанбаатар, Улаанбаатараас Ханбогдыг зорин 100, 100-гаараа нисцгээдэг юм. Зөвхөн Оюутолгой ч бус дэлхий даяар уул уурхайн компаниуд ажилчдаа агаараар зөөж байна.

Бизнес олон улсын шинж чанартай болж ирэх тусам дагуул хот байгуулах утга учир бүдгэрч, FIFO (fly-in fly-out) нисэн ирж буцах зам руу шилжээд байна.
Дээр үед онгоц хөлөглөх нь маш өндөр өртөгтэй байснаас уул уурхайн компаниуд ажилчдаа аль болох ажлын байртай нь ойр оршин суулгах сонирхолтой байсан. Харин өнөөдөр дэлхий даяар иргэний агаарын тээврийн компаниуд замаа булаацалдахдаа хүрч, агаарын аяллын үнэ буурч байна. Энэ тохиолдолд нисэж ирээд нисээд буцах нь компанид илүү үр ашигтай, ажилчдад таатай сонголт болдог. Учир нь ажилчид баасан гарагийн оройг найз нөхөдтэйгээ шар айраг залгилж, дуртай хөл бөмбөгийн тоглолтоо үзэж өнгөрөөхийг хүсдэг. Мөн гэр бүлийнх нь хүн ажлаа орхиж, хүүхэд нь сургуулиасаа шилжих шаардлагагүй. Түүнчлэн даяаршихын хэрээр компаниуд ховор тохиох ур чадвартай, сүүлийн үеийн нарийн технологи эзэмшсэн мэргэ­жилтнүүдийг хил хязгаар үл харгалзан өндөр хөлсөөр авч ажиллуулдаг болсон. Ингээд бизнес олон улсын шинж чанартай болж ирэх тусам дагуул хот байгуулах утга учир бүдгэрч, FIFO (fly-in fly-out) нисэн ирж буцах зам руу шилжээд байна.

Гэхдээ нөгөө талд нийгмийн бас нэг том асуудал араасаа дагуулж байгааг зарим хүн хүчтэй эсэргүүцдэг. Гэр бүл салалт. Нисэгсэд өдөр бүр гэр бүлтэйгээ оройн зоог бариад байж чаддаггүй. Сарын хагас, түүнээс ч илүүг нь гэрээсээ хол, уурхайн дэргэдэх түр амьдрах газарт өнгөрөөх тул гэр бүлдээ зарцуулах цаг нь маш хязгаарлагдмал. Энэ нь хүмүүсийн хайр сэтгэл бөхөхөд нөлөөлдөг гэж тэд үздэг юм. Мөн ажилчид удаан хугацаанд гэр бүлээсээ хол байснаар ганцаарддаг, стресст ордог. Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлдөг гэж үзэх нь ч бий.

Мөн нисэгсдийн нэг сул тал нь уурхайн талбайгаас гадагш хүрээнд үр шим багатай байдал. Тэд орон нутгийн дэлгүүр, хоршоогоор үйлчлүүлдэггүй, үзвэр үйлчилгээг хүртдэггүй. Австралийн Квийнслэнд мужийн Моранба гэх тосгонд 22 жил ажилласан эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр Boalywood 2012 онд үүдээ барьжээ. Учир нь тосгоны ойролцоо шинээр нээгдсэн уурхай нь ажилчдын кэмп нээснээр тосгоны амьдралын хэв маяг алдагдсан аж. “Би 200 гаруй үйлчлүүлэгчээ алдсан” гэж дэлгүүрийн эзэн Рүүт Бөэл ярьжээ. Уурхайчид кэмп дээр ихэнх цагийг өнгөрүүлдэг учир бизнесийн эргэлт муудсан байна. Хүнсний зах, КFC-гийн салбар хүртэл үйлчлүүлэгч цөөрснөөс ажлын цагаа богиносгожээ. Энэ нөхцөл байдлаас үүдэн иргэд “Засгийн газар компаниудын эрх ашгийн төлөө иргэдийнхээ эрх ашгийг орхигдуулж байна” гэж буруутгах болсон юм.
Нисэгсдийн нэг сул тал нь уурхайн талбайгаас гадагш хүрээнд үр шим багатай байдал. Тэд орон нутгийн дэлгүүр, хоршоогоор үйлчлүүлдэггүй, үзвэр үйлчилгээг хүртдэггүй.
Гэвч хот байгуулах асуудалд нухацтай хандах шаардлагатай. Австралид нэг алдсан түүх бий. 1970 оны үед Квийнслэнд мужийн төв хэсэгт нүүрсний орд газрууд ашиглалтад орж эхлэв. Уул уурхай орон нутгийн хөгжилд чухал үүрэгтэйг парламент ойлгож байлаа. Мөн уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтаар орон нутгийг хурдтай хөгжүүлж болохыг ч мэдэж байв. Тиймээс уурхай бүр дэргэдээ дагуул хот байгуулж улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг компаниудад үүрэгджээ. Гэтэл богино хугацаанд олон шинэ орд нээгдэж, түүхийн эдийн үнэ өссөнөөр эдийн засгийн ашиггүйд тооцогдож байсан нөөцүүд амь орж эхлэв. Харин компаниуд хуулиа дагаж хоорондоо 20-30 км зайтай жижиг суурин, тосгод байгуулсан байна. Энэ нь их хэмжээний хөрөнгийг тарамдуулсан явдал болох нь тэр дороо харагдсан юм. Харин тэдгээр уурхайнуудын дунд нэг л хот байгуулсан бол хожим уурхайнуудын үйл ажиллагаа зогссон ч биеэ даан хөгжих боломжтой томоохон хот бий болж болохоор байлаа.

Монголд уул уурхайг орон нутгийн хөгжилтэй уясан хамгийн тод томруун жишээ нь Эрдэнэт хот. Хэдэн жилийн өмнөөс эл уурхайн “Хаалт-хөгжлийн төлөвлөгөө” гэгчийг ярьж эхэлсэн нь тун зөв санаачилга байлаа. Уурхай хаагдах нь цаг хугацааны асуудал. Тэр цаг болоход хаагдсан үйлдвэрээс хамааралгүйгээр биеэ авч явах хэмжээний хот болоход одооноос бэлтгэж эхлэхгүй бол хойд хөршийн сүнстэй хотуудын адил ирээдүй угтаж буй.

ОХУ-ын Алс дорнодод Хадыкчан гэх орхигдсон тосгон бий. 1990-ээд оны дунд үед түшиглэж байсан нүүрсний уурхай нь хаагдаж, халуун усны систем бүтэлгүйтснээр эзгүйрэн үлджээ. Уурхайгаас хойш тэнд дээрэм, орон байрны тонуул, зэрлэг балмад явдал ноёлсон гэдэг. Энэ мэт жишээ Орос гэлтгүй, дэлхийгээр нэг бий.
Өнөөдөр Квийнслэндэд арай өөр бодлого баримталж байна. Тус мужийн Вестерн Даунс бүсийн зөвлөлийн дэд дарга Эндрью Смит “Урт, богино хугацаагаар ажиллах нь хамаагүй, кэмпэд ажилчдаа байлгахын оронд хотын иргэн болж бидэнтэй хамт суурьшаач, аливаа үйл ажиллагаанд оролцооч гэж бид компаниудаас хүсдэг” хэмээн ярив. Энэ нь бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгааг Далбы тосгон Нью-Акландын нүүрсний уурхайн жишээгээр харагдана. Хоорондоо 40 минутын зайтай тосгон, уурхайн хооронд ажилчид өглөө, орой бүр зорчино. Үүний давуу тал нь уурхайчид хотын ресторан, кино театр, уушийн газар, спорт клубээр үйлчлүүлж бизнесийг идэвхжүүлнэ. Мөн стрессээс ангид. Хүсвэл гэр бүлээрээ нүүн ирсэн ч болно. Ингэснээр дотнын хүмүүсдээ илүү их цаг зарцуулж, аливаа тэмдэглэлт баяр, ёслолын өдөр бүрийг хамт өнгөрүүлэх боломжтой болжээ.