Ногоон дэлхийн эрэлд

Ногоон бүхнийг ногоон гэрлээр дэмжиж байна. Дэлхийн улс, гүрнүүд байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалахын тулд эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал, уралдаан, компанит ажил гэх мэт олон арга хэрэглэх болжээ. Тэгвэл дэлхийг ногооруулахын тулд хэн хэрхэн ажиллаж байгааг хүргэе.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоо бий болгохын тулд дэлхий дахинаа “Ногоон эдийн засаг”, НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас “Ногоон үйлдвэрлэл”, НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос “Ногоон өсөлт”-ийн үзэл баримтлалыг дэвшүүлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийн хөгжил бий болгохыг уриалсан уриалгыг 2010 онд гаргасан.

Англи улс байгаль орчноо хамгаалахаар “Ногоон хөрөнгө оруулалтын банк” байгуулжээ. Ногоон дэд бүтэц, ногоон бодлогын хэрэгжилт, ногоон эдийн засгийг дэмжиж буй хувийн хэвшлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй банк гэнэ. Дэлхий дахинаа моодонд ороод байгаа “ногоон”-той холбоотой бүхий л үйл ажиллагаанд гурван тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн аж.

БНХАУ-ын Засгийн газар нь ногоон зээл, ногоон кредит бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлого хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станц, ган, хөнгөн цагаан, цементийн үйлдвэр, хүнд аж үйлдвэрт байгаль орчны шалгалт хийгээд санхүүжилт болон бусад үйл ажиллагааны эрх олгодог зарчимд шилжжээ.

Австрали улсад “Ногоон эрчим хүч, усыг арвилан хэмнэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгж байгууллагыг татвараас чөлөөлдөг байна. Мөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн айл өрхийг 10.000 ам.доллар хүртэлх зээлийн хүүгээс чөлөөлөх болжээ.

Харин манай улсад “бохирдуулагч хохирлыг нөхөн төлөх”, “нутгийн иргэд байгалиа хамгаалах”, “байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэрийг бий болгох”, “нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх” зэрэг зарчмыг саяхан батласан Байгаль орчны тухай багц хуульд тусгаад байна. Түүнчлэн дэлхийн олон оронд ажил хэрэг болоод байгаа банк санхүүгийн байгууллагуудыг ногоон хариуцлагад хамруулах, байгаль орчны сангуудын ногоон консерциум байгуулах, ногоон технологийг урамшуулсан ногоон зээл бий болгох, байгаль орчинд үзүүлэх сөргөөр нөлөөлөх технологи оруулж ирсэн тохиолдолд татварын хувь хэмжээ өндөр байх, энэ чиглэлийн худалдаанд банкууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх зэрэг асуудал нь манай улсын хувьд санаачилга, туршилтын хэмжээнд явж байна.