Ногоон Олимп

Арлуудын дунд орших алсын Англи улс дэлхийн тавцанд нэрээ олонтаа цуурайтуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн зун Лондон хотноо болсон Зуны Олимпийн XXX наадмыг бүгд тодхон санаж байгаа байх. Таван тивээс хүрэлцэн ирсэн тамирчдын дунд Монголын спортын шилдгүүд улсынхаа тугийг намируулан алхаж явсан үе саяхан. Энэхүү ёслол төгөлдөр, сүр жавхлант Олимпийн тоглолтыг зохион байгуулахтай холбоотой өрнөсөн нөр их ажлыг танилцуулах зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ. Монгол дахь Британийн Элчин сайдын яамнаас өнгөрсөн есдүгээр сард “Буянт Ухаа “цогцолборт болсон “Mining and Construction Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн үеэр сонирхуулсан “Going for Green” баримтат киног эх сурвалжаа болгов.

Аж үйлдвэржилтийн өлгий арал


Тогтвортой хөгжил болон ногоон өсөлт нь сүүлийн жилүүдэд байнга яригдах сэдэв боллоо. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчны доройтолтой шууд холбоотой тул дэлхийн улс, гүрнүүд энэ тал дээр анхаарах шаардлага урган гарсан. Зуны Олимпийн XXX их наадмыг зохион байгуулах тендерийн эрхийг Англи улс 2005 оны долдугаар сард гардан авсан билээ. Харин энэхүү нэр хүнд бүхий том арга хэмжээг зохион байгуулах болсон азтай оронд нэг болзол тавьсан байна. Тэр нь Олимпийг эхнээс нь эцэс хүртэл байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлыг эрхэмлэн ажиллах даалгавар байв.
Их Британид XVII зуунаас гадаад худалдаа, арилжаа наймаа хөгжин цэцэглэж эхэлсэн. Энэ нь дараагийн зууны дунд үед тус оронд аж үйлдвэржилтийн хувьсгал гарахад түлхэц болсон билээ. Тухайн үеийн Английн хүн амын тоо 1780-1900 онд найман саяас 32 сая болж өссөн. Түүнчлэн хүн амын ихэнх нь хөдөө, орон нутгаас хот сууринд шилжин суурьшиж, томоохон үйлдвэр, нүүрсний уурхайд ажиллах болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, шинэ техник, технологийн дэвшил аж үйлдвэржилтийн суурийг тавьсан. Анхны уурын галт тэргийг Английн инженер Жорж Стивенсон 1815 онд зохион бүтээснийг Та дуулж байсан биз ээ.

Стратфорд дүүрэг дэх Олимпийн хотхон

Лондоны Олимпийн хотхоныг нийслэлийн зүүн хэсэгт байрлах Стратфорд дүүрэгт бүтээн байгуулсан билээ. Ашиглахаа болиод удсан аж үйлдвэрийн барилга байгууламж, хортой хог хаягдлаар дүүрсэн газар нутаг, эдийн засгийн хөгжил сул дүүргийн дүр зургийг Та төсөөл дөө. Гэтэл Стратфорд нь цагтаа улсынхаа аж үйлдвэрийн стратегийн ач холбогдол бүхий төв байв. Лондон хотын ихэнх аж үйлдвэрүүд XIX зуунд энд байрладаг байжээ. Жишээ нь, дэлхийн анхны хуванцрын үйлдвэр. Харамсалтай нь аж үйлдвэржилтийн эрин үеэс өнөөг хүртэл химийн хортой бодис газрын гүнд ул мөрөө үлдээсэн аж. Иймд Олимпийн цэнгэлдэх хүрээлэн барьж тохижуулахын тулд талбайг юуны өмнө эдгээр аж үйлдвэрийн балгас болон хордсон хөрсийг хоргүйжүүлэх шаардлага тулгарсан юм.

• Магадгүй Та хуучин байр байшин барилгыг техник ашиглан нураахад асуудал юу байна гэж бодож болох юм. Гэтэл эдгээр хог хаягдлыг экологид ээлтэй аргаар нураана гэдэг өөр хэрэг билээ. Ингээд нийт 220 гаруй барилгыг нурааж, хэсэгчлэн зөөсөн аж. Ийнхүү зөөсөн олон мянган тонн тоосго, шавар болон бетонын 90 хувийг шинээр барих барилга байгууламжийн суурь болгож ашигласан байна.

• Талбай цэвэрлэх ажлын дараагийн шатанд хөрсөнд шингэсэн тугалга, мөнгөн ус, цайр, зэс, тос зэрэг бодистой шороог хоргүйжүүлэх ажил ундарсан байна. Нийт хоёр сая тонн шороон хаягдал металл ялгагч соронзонтой шороо хоргүйжүүлэх машинаар ялгаж авчээ. Хөрсний нөхөн сэргээлтийн инженер Клэйр Стэйвли “Бидэнд хөрс хоргүйжүүлэх ажлыг маш богино хугацаанд хийх үүрэг өгсөн. Иймд амралтын өдөр ч 07.00- 19.00 цаг хүртэл шаргуу ажилласан. Үүнийхээ хүчинд бохирдсон хөрсний 85 хувийг дахин ашиглаж чадлаа” гэжээ. Энэ нь аливаа хог хаягдлыг зүгээр нэг хамж аваад хогийн цэг дээр булах биш, харин дахин ашиглаж болдгийг дэлхий нийтэд харуулж байна.

• Ирээдүйн Олимпийн паркийн талбай дээр буй хэдэн зуун км үргэлжлэх 65 метр хүртэлх өндөртэй 52 өндөр хүчдэлийн шугамыг хаашаа зөөвөрлөх вэ гэсэн томоохон асуудалтай тулгарсан. Үүнийг шийдэх мэргэн арга сүвэгчилсэн нь газар доогуур тус бүр зургаан км үргэлжилсэн хоёр хонгил барих ажил байлаа. Нийт дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулах ажлыг хоёрхон жилийн дотор гүйцэтгэж, эрчим хүчний шугам сүлжээг угсарсан нь үнэхээр гайхалтай.
• Лондоны Олимпийн төв цэнгэлдэхийн загварыг архитектор Род Шийрд гаргасан байна. Шийрд болон түүнийн багийнхан бүтэн зургаан сарын турш хэрхэн байгаль орчинд ээлтэй, Олимпийн дараа ч гэсэн ашиглаж болох цэнгэлдэх хүрээлэн бүтээх вэ гэж оюун санаагаа уралдуулсан аж. Нийт 80- 90 мянган хүнд зориулсан цэнгэлдэхийг хожуу ашиглахад хэтэрхий нүсэр болж байсан тул загварын шийдлээ зөв гаргах хэрэгтэй болсон билээ. Ингээд нэгэн өдөр тэд шинэ санаа олсон байна. Цэнгэлдэхийн доод буюу үндсэн хэсэгт нийт 25 мянган үзэгчид зориулсан бетон байгууламж хийхээр төлөвлөж. Харин үүний дээр нь хөнгөн гангаар хийсэн 55 мянган хүнд зориулсан түр зуурын суудалтай хэсгийг нэмжээ. Олимпийн бусад барилга байгууламжийг барихад ч гэсэн аль болох бага хэмжээний ган ашиглаж, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах зорилготойгоор их британичууд болон бусад үндэстний тэргүүлэх мэргэжилтнүүд хамтарч ажилласан байна. Жишээ нь, дээврийн тойргийг уян хатан торон сүлжээ ашиглан унадаг дугуйн хэлбэртэй хийсэн байна. Олон улсын шилдэг уран барилгач Притцкерийн шагналтан Заха Хадид усан спортын цогцолборын загварыг өнгө үзэмж төгс бүтээсэн. Усны долгионы дүрсийг агуулсан энэхүү шилдэг загвартай байгууламжийг Олимпийн хотхонд орж ирэнгүүт харагдах газар босгожээ.

• Олимпийн хотхоныг барихад ихээхэн хэмжээний барилгын материал тээвэрлэсэн. Тоосго, бетон зуурмаг, барилгын хог хаягдлын 50 хүртэлх хувийг тогтвортой аргаар зөөжээ. Стратфорд дүүрэг төмөр замын сүлжээний дагуу оршдог тул нийт барилгын материалын 57 хувийг галт тэргээр тээвэрлэсэн байна. Логистикийн менежер Петер Каммингс галт тэрэг тус бүр 75 ачааны машины ачаатай тэнцэхүйц хэмжээний материал тээвэрлэсэн гэж дурдав. Түүнчлэн 1950-иад оноос хойш ашиглахаа байсан усан сувгаар дамжуулж барилгын хог хаягдал тээвэрлэсэн нь мөн л тогтвортой тээврийн шийдэл байсан.

• Олимпийн хотхоны цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг ландшафтын уран барилгач Жон Хопкинс хүлээсэн билээ. Тэрбээр паркын загварын сэдлээ 1845 онд хатан хаан Викториягийн зарлигаар нийтэд зориулсан паркаас олж авчээ. Гэхдээ тэр үеийн түүхэн цэцэрлэгт хүрээлэнгээс арай ялгаатай. Байгаль орчинд ээлтэй бодлогыг шингээсэн, британичуудын цэцэрлэгт хүрээлэнгийн уламжлалыг сэргээсэн ногоон байгууламж бүтээжээ. Төрөл бүрийн бут, анхилам цэцэгс, таримал модтой энэхүү паркыг Олимпийн тоглолтод зориулсан ч британичуудын түүхэнд үлдэх бүтээл юм. Сонирхуулахад, Стратфордоос баруун урагш 130 км орших Хэмпширын мод үржүүлгийн талбайгаас хоёр мянга гаруй 20 настай суулгац тус хүрээлэнд авчирч тарьсан байна. Цэцэрлэгч Мартин Хиллер “Бидний энэ ажил ирээдүйд чиглэсэн бөгөөд хойч үедээ үлдээх бүтээлд хувь нэмэр оруулж буйд баяртай байна” гэж өгүүлсэн.
Лондон хотын эдийн засгийн хөгжил сул энэхүү дүүрэг өнөөдөр дэлхийд танигдахын сацуу британичуудын тогтвортой байдал, ногоон хөгжлийг хэрхэн бүтээж чадсаныг өгүүлэх хамгийн тод жишээ болж байна.