Ногоон орчинд амьдарцгаая

Нялх ногоо газар доороос цухуйж, модод ногоорон цэцэглэж, их хотын өнгө зүсийг чимнэ. Хотын их чимээ шуугиан, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхахыг зорьж буй хүмүүс байгалиасаа улам л холдож, дөрвөн ханатай паартай байшинд амьдралынхаа ихэнхи хугацааг өнгөрөөж байна. Тэгвэл өөрийн амьдарч буй орчноо илүү сэтгэлд таатай болгон цэцэг тарьж, зүлэгжүүлэхийг танд санал болгож байна. БОАЖЯ, Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтарч өнөөдөр Барилгачдын талбайд “Ногоон хот 2012” өдөрлөг нээлтээ хийсэн юм. Энэ сарыг дуустал үргэлжлэх тус өдөрлөгт хот, хөдөө орон нутгийн зүлэгжүүлэлт, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, иргэд оролцоно. Тэд мод, бут, тарьц суулгац болон бордооны багаж хэрэгсэлийн үзэсгэлэн худалдааг явуулахын зэрэгцээ тасалгааны болон гэрийн нөхцөлд цэцгээ арчилж ургуулах, хашаандаа цэцэг, зүлэг, жимсний мод, бут суулгах аргачлалын талаар зөвлөлгөө, сурталчилгааг өгч байгаагаараа онцлог юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг сонирхож, аж ахуй нэгж, иргэдийн бүтээлтэй танилцсан. Тэрбээр иргэн бүр амьдарч байгаа орчноо ногооруулж, ногоон хот аянд идэвхтэй оролцохыг уриалсан. Мөн үзэсгэлэнг урин дулаан цагийг угтаж, хашаа хороо, гэр орныхоо өнгийг засахаар хөгшид хүүхэдгүй жимсний бут, модны үрсэлгээг ихээхэн сонирхож байсан. Зарим нь өөрсдийн мод, бут, цэцгээ арчлах зөвлөгөөгөө ч авч байсан. Энэ үеэр “Соёолж” хот цэцэрлэгжүүлэлтийн төвийн мандалын таримал цэцэг, Сэлэнгэ аймгийн “БД” компанийн жимсний суулгац, зүлэг, цэцэгний худалдаа олны анхаарлыг ихээхэн татаж байв. Ялангуяа тус компанийн төлөөлөл Монгол Улсын тэргүүний тариаланч Д.Баттөрийн ОХУ-аас оруулж ирдэг урт наст, 16 төрлийн цэцэгтэй зүлэг болон сарнайн бут онцгой харагдаж байв. Тус зүлэг 3 ам.метр хэмжээтэй газар тариалах нь 5000 төгрөг , сарнайн бут нь 25 мянган төрөгөөр зарагдаж байсан. Харин тасалгааны таримал цэцгийн хувьд 2000-25000 төгрөг байгаа бол дундаж үнэ нь 5000 төгрөг байна. Зүлэгний үнийн хувьд 10000-22000 төгрөг, жимсний бутны хувьд нэг суулгац нь дунджаар 3500 төгрөг байсан. Түүнчлэн Нийслэлийн байгаль хамгаалах газраас цэцгийн үр 2000, бут 500 ширхэгийг иргэдэд үнэгүй тараан өгч, тарьж ургуулах зааврыг нь ч өгсөн. Хэрэв та урин дулаан цагийг угтаж, өөрийн амьдарч буй орчноо ногоон болгохыг хүсвэл энэ сарыг дуусахаас өмнө үзэсгэлэнд амжиж зочлоорой.


“БД” компанийн үзэсгэлэнд зарагдаж буй мод, бут, сөөгний үнийг доор танилцууллаа.


Зүлэгний үр - кг

Голланд зүлэг - 18000 төгрөг
Америк зүлэг - 22000 төгрөг
Согооврын үр - 16000 төгрөг


Жимсний бут болон модны суулгац - ширхэг нь
Нохойн хошуу- 2000 төгрөг
Бөөрөлзгөнө- 3000 төгрөг
Чацаргана- 1700 төгрөг
Үхрийн нүд- 3500 төгрөг
Алимны мод- 25000 төгрөг
Тэхийн шээг- 2000 төгрөг
Буйлс- 3500 төгрөг
Агч – 6000 төгрөг
Монос- 25000 төгрөг
Шар хуйс- 10000 төгрөг
Ягаан сарнайн бут- 35000 төгрөг


Малын тэжээлийн үр - кг
Царгас - 15000 төгрөг
Хошоон – 12000 төгрөг