Ногоон төмөр зам

Монгол Улсын эдийн засаг хөгжлийн шинэ шатанд гарч буй өнөөгийн нөхцөлд зам тээвэр, дэд бүтцийн асуудал нэн чухал. Тэр дундаа далайд гарцгүй орны хувьд төмөр замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага Монголд бий. Гэхдээ 2010 онд УИХ-аас баталсан Шинэ төмөр замын бодлого баталагдсанаас хойш төмөр замын ажил урагш ахив уу. Хэдийгээр уурхай тойрсон олон төмөр зам яригдаж байгаа ч хийсэн дорвитой ажилгүй. Энэ талын хурал зөвлөлгөөн ч ховор болдог гэх шүүжлэл олон гардаг. Тэгвэл “Ю-Эм-Би Интернэшнл” ХХК, “Первый Путь” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Төмөр замын эрэл хайгуул зураг төслийн хүрээлэн”–тэй хамтран “Өндөр үр ашигтай эко төмөр зам байгуулах нь” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр төмөр замын оновчтой бүтцийг бий болгох, шинэ төмөр зам барьж байгуулахад байгаль орчинд аль болохоор ээлтэй хандах, өөрийн орны онцлогыг харгалзахаас гадна дэлхийн улс орнуудын туршлагийг хэрхэн монголд нутагшуулах талаар талууд хэлэлцсэн юм. Түүнчлэн хурлын үеэр Эко төмөр замын талаар талууд хэлэлцсэн нь монголчуудын хувьд сонихон байлаа.

Шинэ “ногоон”
Ногоон хөгжил, ногоон хүн, ногоон эдийн засаг гэх нэр томъёо дэлхийн нийтийн үгсийн санд орж ирээд тийм ч удаагүй байна. Тэр дундаа монголчуудын хувьд ногоон бол шинэ ойлголт. Зарим нэгнийх нь хувьд цоо шинэ өнгө төрх ч гэж хэлж болно. Гэтэл бидний дунд дахин нэг шинэ нэршил бий болж байгаа нь ногоон төмөр зам юм. “Өндөр үр ашигтай эко төмөр зам байгуулах нь” хуралд оролцож байгаа Хятадын төмөр замын зөвлөх инженер Ли Чанг “Эко төмөр зам бол өргөн цогц ойлголт. Дэлхий нийт байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэм болгож байгаа үед улсын хөгжлийн тулах баганы нэг төмөр зам ногоон болохгүй бол тус улсын хөгжлийн нэг хэсэг байгальд ээлтэй болж чадахгүй. Тиймээс аль болох бага зардлаар хэрхэн, яаж өөрийн орны онцлогт тулгуурлан байгальд ээлтэй төмөр замын их бүтээн байгуулалт хийх талаар бид толгойгоо гашилгах хэрэгтэй. Олон улсад энэ талын арга туршлага хэдийнэ бий болсон. Тиймээс Монгол Улсын шийдвэр гаргагчид зөв сонголт хийхэд л болно. Та нарын сонгосон өндөр технологи хэдий чинээ байгальд ээлтэй байна тэр ногоон төмөр зам юм” гэв.

Манай урд хөрш бол төмөр замын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Мөн байгаль цаг уурын тухайд ижил төстэй газар олон. Тэр утгаараа манай орны төмөр замын ирээдүйн ногоон хөгжилд хамтран зүтгэх сонирхолтой байна гэдгээ талууд илэрхийлсэн юм. “Первый Путь” компанийн захирал Г.Эрдэнэ-Оргил “Ногоон буюу эко төмөр зам гэдэг нь монголчуудад шинэ ойголт байж магадгүй. Төмөр зам бол хүн ам суурьшсан, онгон зэлүүд байгаль гээд хаана л бол хаана баригддаг том бүтээн байгуулалт. Нэг үгээр бол газар эхтэй шүтэлцээтэй явдаг ажил гэж хэлж болох юм. Харин газар бол байгаль эх юм. Тиймээс төмөр замын ажлыг хэрхэн байгальд ээлтэй болгох тал дээр дэлхий нийт хэдийнэ анхаарч эхэлсэн. Урьд нь уулыг нурааж, усыг нь эргүүлж, ан амьтдыг нь үргээгээд ч болсон төмөр зам тавьчихдаг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Аль болох байгалийн унаган төрхаар нь үлдээх бодлогыг дэлхий нийт барьж байна” гэв. Товчхондоо эко төмөр зам гэдэг нь байгалийн онгон зэрлэг байдлыг алдагдуулалгүй, хямд өртгөөр өндөр үр ашигтай бүтээн байгуулалт хийх гэсэн ойлголт ажээ.

Мөн тус хурлын үеэр Хятадын төмөр замын судалгааны баг хүрэлцэн ирж Монголд тохирох төмөр замын дэд бүтцийн талаар олон сонирхолтой илтгэл тавьсан юм. Тухайлбал, БНХАУ-ын төмөр замын барилгын судалгааны газрын дэд дарга Ван Жоньчин “Элсэн цөл, тал хээрийн бүсэд төмөр замын шугам тавих тухай” гэх илтгэлд дурдсанаар “Монголд уул уурхай хөгжиж байгаатай холбоотой төмөр замын асуудал яригдаж байна. Гэхдээ энэ ажилд судалгаа, шинжилгээ сайн хийх хэрэгтэй. Яагаад судалгаа хэрэгтэй гэхээр танай улсын томоохон ордууд говийн бүсэд байна. Харин төмөр замын ажилд элс сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, Эрээн хотын төмөр замд одоо ч элстэй холбоотой асуудал үүссээр байна. Төмөр замын бүтцийг эвдрэлд оруулах, хоолой бөглөрөх ч гэдэг юм уу. Тиймээс энэ тал дээр анхаарах нь чухал” гэсэн юм. Мөн хурлын үеэр “Тэнхлэгийн хүнд ихтэй ачаан цувааны технологийн тухай”, “Төмөр замын орчин геологийн асуудал”, “Дохиоллын систем” гэх мэт олон илтгэл тавигдсан юм. Гэхдээ ихэнх илтгэл нь төмөр замын зураг төслийн багийнханд зориулагдсан мэргэжлийн үг хэллэг ихтэй байлаа. Тухайлбал, Цасан болон элсэн шуургатай нутагт барих гүүр, ус зайлуулах хоолойг Дөгөм тулах, залгалдаа нуруут, авдран гүүр гэх мэт аргууд нэн тохиромжтой байдаг талаар талууд онцолж, үзэл бодлоо солилцсон юм. Зам тээврийн яамны мэргэжилтэн Ч.Эрдэнэдалай “Энэ удаагийн илтгэл бүрийг сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Инженер, техникийн хэрэгтэй мэдээлэл олон байна. Хятад бол төмөр замын хөгжлөөр тэргүүлэгч. Тиймээс бидэнд сурах юм их бий” гэв.

Хятадын төмөр зам
Хятадын төмөр замын хөгжил нэгэн зууны настай. Тэр утгаараа төмөр замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг гэхэд болно. Нэг жишээ дурдахад тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа хурдны төмөр замын урт 9349 км болсон нь дэлхийд тэргүүн байр эзэлж байна. Тиймээс ч Хятадад төмөр зам бол ард иргэдийн харилцаа төдийгүй эдийн засгийн хөгжлийн лугших судас болсон гэхэд хилсдэхгүй. Хятадын Засгийн газар 2015 он хүртэлх төмөр замын хөгжлийн төлөвлөгөөнд төмөр замын нийт урт 120 мянган км орчим байхаар тооцжээ. Үүнд аяллын тусгай тээврийн шугам 16 мянган км, хурдны төмөр замын сүлжээний нийт урт 50 мянган км ба түүнээс дээш байхаар тусгасан байна. Мөн уг ажлын хүрээнд төмөр замын тэнхлэг дагаж жижиг хот сууринг хөгжүүлнэ гэжээ. Уг төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 2015 он гэхэд Хятадын төмөр замаар аялагсдын тоо жилд 4 тэрбумаас давж, ачаа тээврийн тоо 5.5 тэрбум тоннд хүрэх аж. Мөн Хятадын Засгийн газар ирээдүйн төмөр замын ажилд баримтлах бодлогыг “Хямд өртөгөөр, өндөр үр ашиг бүхий байгальд ээлтэй эко төмөр замыг хөгжүүлэх” хэмээн заажээ.

Дэлхийн хандлага
Эрчим хүч хэмнэх, орчны бохирдол багасгах асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаад байна. Тэр утгаараа төмөр замын ирээдүйн хөгжлийг олон улсад бүрэн цахилгаанжуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, өндөр хөгжилтэй Япон, Хятад, АНУ, Герман зэрэг оронд гал тэрэгний түлшийг цахилгаанаар орлуулах. Цаашлаад эрчим хүчний хэмнэлттэй илүү хүчтэй зүтгүүр буюу толгой галт тэрэг үйлдвэрлэх ажил хэдийнэ амжиллттай хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. Мөн төмөр замыг дагадаг нэг асуудал нь дуу чимээ, доргилт, аялагсдын хог гээд хүний амьдрах орчинд дарамт учруулдаг олон зүйлийг бууруулахад олон улсад анхаарч байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Төмөр замын газар “Байгальд ээлтэй, ахуйн болон төмөр замын тэнхлэг дагасан хөгжлийг харилцан уялдаатай дэмжих нь дэлхий нийтийн төмөр замын ирээдүйн чиг хандлага” гэсэн байна.