“Ногоон”-ы ханш доошилж, евро чангарч эхэллээ

Ноён долларын иентэй харьцах ханш сүүлийн 10 долоо хоногийнхоо доод түвшинд хүрч, төгрөгтэй харьцах үнэ нь багагүй доошлоод байна. Тухайлбал, оны эхээр нэг ам.доллар 1480 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 1311 төгрөгт хүртлээ шалдаа унаад байна. Энэ нь манай эдийн засагт өнөө маргаашдаа өгөөж өгөх сүрхий “уналт” биш ч энэ эрчээрээ ханш доошилсоор байвал багагүй ашиг болохыг эдийн засаг судлаачид хэлж байна. Тодорхой дурдвал, арилжааны банкуудад “ногоон”-оор лизинг, төлбөр төлдөг, ам. долларын зээлтэй байгууллага, хувь хүнд энэ нь чамлалтгүй боломж болох аж.

Ам. долларын ханш суларсаар байхыг иен чангарахтай холбон Лондон дахь “Canadian Imperial” банкны валютын ахлах стратегич Жереми Штреч “Цаашид иенийн ханш өссөөр байна. Удахгүй нэгж “ногоон” 79.35 иентэй дүйнэ” хэмээн мэдэгдсэнийг “Bloomberg” дамжуулсан тухай мэдээлэл байна. Одоогоос сарын өмнө нэг ам. доллар 83.42 иентэй тэнцэж байв. Үүнтэй зэрэгцэн Люксембургийн Ерөнхий сайд Евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөлийн тэргүүний албан тушаалаас огцорсоноос болж голлох валютуудтай харьцах еврогийн ханш дээшилсэн байна. Гэхдээ одоогоор еврогийн ам. доллартай харьцах ханшид онцын өөрчлөлт ороогүй байна. Ам.долларын ханшийн “уналт” он гарснаас хойшхи анхны доод хэмжээнд хүрч буй нь энэ юм.

Сонирхуулахад, 2008 оны нэгдүгээр сард ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1172 байсан бол 2009 оны гуравдугаар сард 1700 болж огцом өсөж байжээ.