Ногоон эдийн засаг манай ирээдүй

Монгол улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, "Монгол-Европын холбооны төв" өнгөрөгч сард зохион байгуулсан "Монгол орны хөгжлийн загвар" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэгдсэн тэргүүн байрын илтгэлийг танд хүргэж байна. Ц.АДЪЯАСҮРЭН /“Эко Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн ерөнхий захирал, доктор, профессор/:

Монгол улсын эдийн засгийн хурдтай өсөлттэй холбоотой цаашид зайлшгүй анхаарах ёстой асуудлыг энэхүү илтгэлд оруулав.

Манай улсад эдийн засаг хурдтай өсөж байгаа энэ үед байгаль орчинд асар их өөрчлөлт бий болж байна. Эдийн засгийн хурдтай өсөлт, байгаль орчны хувирал өөрчлөлт гэсэн энэ хоёр үйл явц зэрэгцэн бий болж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа хэрэг юм.

Экологийн хувьсал өөрчлөлтөөс үүдэлтэйгээр цаашдаа манай эдийн засгийн ирээдүйн хөгжилд саад болох таван үндсэн үр дагавар гарахаар байна. Үүнд :
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, монгол орны нөхцөлд газар тариалангийн бүтээмж буурах, малын ашиг шим муудах зэрэг байж болно.
-Ундны усны аюулгүй байдал алдагдах, монгол орны цэвэр усны нөөц багасаж байна. Хүн ам хэтдээ цангаж болзошгүй.
-Цаг агаарын гамшигт үзэгдэлд (ган, зуд, үер, газар хөдлөлт г.м.) өртөх байдал нэмэгдэх, сүүлийн жилүүдэд гамшгийн хор хөнөөл нэмэгдэх боллоо.
-Экосистем доройтох, ногоон биомасс багасаж, ойн талбай буурах, ургамалын ургац давжаарах үзэгдэл ажиглагдах боллоо.
-Хүний эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэх зэрэг болно. Хүн амын байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарсан тодорхой өвчлөл нэмэгдэж байна

Эдгээрийн үндсэн шалтгаан юу вэ гэвэл :
-Юуны урьд уул уурхайн үйлдвэрлэл хурдан хөгжиж байна. Тоосжилт, утаа ихэсч, усны нөөц багасаж, хоол хүнсний аюулгүй байдал алдагдаж байна.
-Мөн адил хугацаанд уур амьсгалын өөрчлөлт улам хүчтэй болж байна. Үүний нөлөөгөөр усны нөөц хомсдож, хуурайшил ихэсч байна.
-Хүний хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн явц байгальд дарамт болох хаягдал ихээр гаргаж байна. Хог хаягдал нь эргээд орчноо доройтуулж байна.

Эдгээр нь экологийн сүйрэл рүү улам бүр ойртуулах боллоо. Иймд эдийн засгийн өсөлтийнхээ асуудлыг байгаль орчны хямралыг бууруулах асуудалтай зайлшгүй уялдуулан авч үзэх шаардлага гарч байна.

Монгол улсад эдийн засаг сэргэн өсөж байгааг сайшаах боловч хэтийн ирээдүйд анхаарах гол асуудал байна. Гэхдээ манай эдийн засагт үндэсний үйлдвэрлэл, сайн боловсон үйлчилгээний салбарын эзлэх хувь тун бага хэвээр байна. Эдийн засгийн гол үйлдвэрлэл уул уурхай нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд шууд олборлон Монголын газар нутаг дээр том том нүх үлдээгээд гадагшаа зөөх буюу экспортлох ганцхан хэлбэрт тулгуурлаж байна. Статистик мэдээнээс үзвэл 2011 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 14,8 хувь болоод байна. Цаашдаа 20 гаруй хувиар өснө гэж үзэж байна. Энэ утгаараа монголын эдийн засаг олон улсын тавцан дээр маш өндөр өсөлттэй болоод байна. Уул уурхай эдийн засгийн өсөлийн гол хүчин зүйл болоод байна. Нүүрсний экспорт өмнөх оныхоос 26,2 хувь, төмрийн хүдэр 61,4 хувь, боловсруулаагүй газрын тос 22,7 хувиар өссөн нь нийт экспортыг огцом өсгөжээ. Гэхдээ уул уурхай нь ажлын байр олныг үүсгэх боломжгүйгэрээ хүн амд жигд сайн нөлөө үзүүлж чаддаггүй. Үнэн хэрэгтээ үндэсний үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй байна.

Эдийн засгийн өсөлт өндөр болоод байхад
-Яагаад ядуурал нэмэгдээд байна вэ?
-Байгаль орчин яагаад улам доройтоод байнаа?
Уул уурхай нь эдийн засгийг хэт өсгөж , ажлын байр олноор нь бий болгож чадахгүй учраас “савангийн хөөсөн” эдийн засгийн өсөлт бий болгож байна.

Эдийн засгийн хэт огцом өсөлт нь нийгэм болон хүрээлэх орчинд сөрөг үр дагавар дагуулах хандлага ажиглагдах боллоо. Өнөөдөрийг хүртэл Монгол улсад үйлчилгээ, худалдааны салбараас үүсэж бий болсон цөөн тооны баячууд нь татвар төлж улсын төсвийг бүрдүүлдэг онцлогтой.

Уурхайн өгөөжийг хүн амд тэгшитгэн хувааж бэлэн мөнгө олгож байгаа нь хүн амыг жижиг, дунд бизнес эрхлэх сэтгэлгээг хязгаарлаж дунд ангийг олшируулан хөгжүүлэхэд саад болж байна.

Гэтэл уурхайн хэт өсөлтөөс сэтгэл ханамж авч чадаагүй хэт ядуурсан нийгмийн нэг хэсэг нь баячууд буюу үндэсний хөрөнгөтөнүүдээ улам бүр үзэн ядах үзэлтэй болж эхэлж байгаа нь нийгмийн тогтворгүй байдлыг бий болгож либериаль ардчилалд учрах аюулын дохио юм.

Эдийн засгийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтанд дулдуйдсан уул уурхайгаас үүдэлтэй нь эргэлзээгүй. Гэхдээ уурхайд түшиглэсэн эдийн засгийн энэхүү өсөлт нь хүрэн эдийн засгийг улам өөгшүүлж байна. Энэ бол хүний амьдрах орчин нөхцөлийг алхам алхамаар хумьж, доройтуулах муу нигууртай. Нэг ёсондоо хүрээлэх орчинд учирах аюулын харанга дэлдэж байгаа хэрэг.

Хэрэв дан ганц эдийн засгийн өсөлтөндөө хөтлөгдөөд байвал хэдэн жилийн дараа байгаль орчин нь элсэн цөл болж хүмүүс нь ядуурч үлдэх болно. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүн амын олонхи нь ажил амьдралаа өөрөө бие дааж авч явж чадах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглүүлэх ёстой. Энэ нь хүн амын олонхио дунд анги болгоход чиглэсэн зөв бодлого байх болно. Өнөөдөр үндэсний хөрөнгөтөн анги, дунд анги нийлж хүн амын дийлэнхи болж чадахгүй байгаад хэргийн гол учир байна. Үндэсний хөрөнгөтөн баячууд зөвхөн худалдаа, үйлчилгээнээс төрж байна. Манай эдийн засгийн өсөлт нь харьцангуй өндөр боловсролтой, хувийн өмчтэй, гадаад ертөнцтэй технологиор холбогдсон дунд ангийг бий болгож чадахгүй байна.

Манайд дунд анги төрөхөд эдийн засгийн хэт өсөлт саад болох хандлагатай болж магадгүй байна. Хэт баячууд, хэт ядуу хэсэг бий болж дунд ангийг хумиж байна. 1990-ээд оны дунд үеэс эхлэлтэй бизнес эрхлэх давалгаа улам бүр суларч залуу үеийнхэн төрийн албаруу зүтгэх сонирхол ихсэх хандлагатай боллоо. Энэ нь төрөөр тэжээлгэх, төрийн эрх мэдлийг ашиглаж авилга авах, бизнесд хүнд суртал учруулах үүд хаалгыг улам бүр нээж байна. Хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүс улс төрийн эрх мэдэлрүү шунах, харин шинэ үеийн залуус төрийн албаруу зүтгэх сэтгэхүй давамгайлах болсон нь харамсалтай хэрэг юм.

Энэ нь 2000 оноос эхлэн улс төр, төрийн албыг хөрөнгө мөнгөтэй хүмүүст атгуулах болсонтой холбоотой байж болзошгүй юм. Түүний муу урхаг өдрөөс өдөрт даамжирсаар байна.

Мэдээллийн технологийн хувьсгалын үр шимийг аргагүй насны залуугаар эхлэн амархан хүртэж, шуурхай бөгөөд чадварлагаар ашиглах болсон өнөөгийн залуу үеийнхэнийг буруутгахгүй байгаа боловч тэд төрийн алба хэмээх орлогын амархан эх үүсвэрийн олж хараад түүнийг өөрийнхээ эрх мэдэл, түргэн хөрөнгөжих хэрэгсэл мэт ойлгож байгаа нь нэн гутамшигтай байна.Тэд нар бизнес эрхлэх хүсэлтэй дунд ангийнханд шууд хүнд суртал гаргаж байгаараа улс орны хөгжилд саад учруулж байгаа ч ойлгохгүй байна. Өнөөдөр юугаар ч орлуулашгүй үнэ цэнэтэй хувийн өмчийн газартай болсон иргэдийнхээ газрыг агаарын бохирдлыг арилгах зорилгоор барилгажуулах нэрийдлээр хуурч авах, хураан авах дээрмийн том компанит ажил даамжирч байна. Энэ нь барилгын бизнестэй холбоотой хэдхэн баячуудыг дэмжиж хотын ядуучуудыг улам бүр шахан хавчих, ядуурлыг гааруулах нэгэн хэрэгсэл болоод байна. Хотын захруугаа “хөдөөгийн нэн ядуучууд”-ын бүлэг үүсээд байгаа судалгаар бид тогтоосон болно. Тэд байгалийн гамшигийн харгайгаар амь зуулга болох хэдэн малаа алдаад хөдөөнөөс нүүж ирсэн иргэд буюу хотын төвөөс газраа барилгынханд хямд үнээр зарж үрсэн иргэд байна. Тэд улам бүр амь зуулгаа алдаж, ёс суртахууны доройтолд орж байна. Тэд юу ч хийхээс буцахгүй тийшээгээ хандах болжээ.

Өнгөрсөн зууны үед пролетари, ажилтан ангийн эрх ашгийг хамгаалж үүссэн үйлдвэрчний эвлэл хэмээх хуучинсаг байгууллага өнөөдөр манайд мэдээлэлийн технологиор зэвсэглэж , дунд ангийг хавчдаг, хүнд суртлын уурхай болсон төрийн албан хаагчдийг хамгаалах тэдний үзэл суртал, гар хөл болж нийгмийн тогтворгүй байдлыг улам бүр дэвэргэж байна. Ийнхүү нийгэм хямралын эрмэг дээр зогсож байна шүү. Анхаар !

/Үргэлжлэл бий/