Ногоон эдийн засаг уу, “ногоорсон” эдийн засаг уу?

Ийм нэртэй нэгэн хэлэлцүүлэг энэ сарын зургааны өдөр Туушин зочид буудалд боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын ярьснаас харахад манай улсад эдийн засгийг ногооруулахаас өмнө “ногоон” гэдэг үгийн агуулгыг тодорхойлж ойлгох, өөрсдийнхөө ногоорох чадвар боломжийг үнэлэх том ажил байна гэдэг нь харагдаж байлаа.

Монгол Улс Ногоон хөгжлийн бодлого /2014/, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /2016/ гэсэн баримт бичгүүдийг баталсан. Гэхдээ тэдгээрийг амьдралд нэвтрүүлэхэд их хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг ногоон хөгжлийн мэргэжилтнүүд хэлж байв. Үндэсний Хөгжлийн Газрын /ҮХГ/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэнгийн хэлснээр Тогтвортой хөгжлийн бодлогын зорилтыг салбаруудын бодлогод тусгаж, тэдгээр нь хоорондоо уялдаатай байж хэрэгжүүлэх боломжтой болно. Үүний тулд тогтвортой хөгжлийн үндэсний шалгуур үзүүлэлтийг боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн олон улсын бодлогод тусгасан зорилтуудын чухам аль нь манай эдийн засаг, нийгмийн хувьд биелэх боломжтой, эсвэл биелүүлэх хэрэгтэй гэдгийг бодож гаргана гэсэн үг. Үндэсний шалгуур үзүүлэлтээс гадна салбаруудын ногоон хөгжлийн бодлого хэр уялдаж буй, тогтвортой хөгжлийн үндэсний бодлогын хүрэх түвшний үнэлгээг хийх ёстой аж. Үнэлгээний ажил одоогоор ҮХГ-ийн хүрээнд явагдаж байгаа гэж Ж.Должинсүрэн хэллээ.

Салбарын бодлогыг ногоон хөгжлийн ерөнхий бодлоготой уях талаар зарим нэг дэвшил байгааг БОАЖ-ын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ярилаа. Тухайлбал, эрчим хүчний салбарт Сэргээгдэх эрчим хүчний хууль амжилттай хэрэгжиж нар, салхины цахилгаан станцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо. Түүнчлэн Эрчим хүчний хууль хэрэгжиж байгаа нь бас нэгэн ололт гэлээ.

Тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжих нэгэн том нөхцөл нь ногоон төслийг санхүүжүүлэх санхүүгийн тогтолцоо байдаг. Энэ тогтолцоог голдуу ногоон зээлийн сан хэлбэрээр шийддэг. Дэлхийн улс орнуудад ногоон зээлийн санг төрийн санаачлагаар байгуулдаг бол харин Монголд хувийн хэвшлийнхэн зүтгэл гаргаж Хас банк Дэлхийн уур амьсгалын ногоон сангаас улсдаа ногоон зээлийн үйл ажиллагаа явуулах эрх авч, итгэмжлэл авчээ. Дэлхийн уур амьсгалын ногоон сан нь тогтвортой хөгжлийн чиглэлээр асар их хэмжээний зээлийн сан үүсгэсэн, түүнийгээ тодорхой шалгуур хангасан байгууллагад хуваарилан өгдөг байгууллага юм. Хас банк одоогоор энэ сангаас санхүүжилт авах саналаа боловсруулах шатандаа яваа аж. Мөн Монголын банкны холбооны санаачлагаар ногоон зээлийн сан байгуулах санаачлагыг хэрэгжүүлж байна.

Хэлэлцүүлгийн явцад эдийн засаг, бизнесийг ногооруулахад ямар хөшүүргүүд хэрэгтэй талаар нилээдгүй санал гарч байв. Т.Булганы дүгнэж хэлснээр банкны зээлийн шалгуурт ногоон элементүүд нэмэх, хүрээлэн буй орчин бохирдуулсны төлбөрийн нөхцлийг чангатгах замаар хортой бизнесийг шахах, байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол хөшүүрэг бол төр өөрөө санаачлагыг гартаа авч манлайлах шаардлагатай гэлээ.