Ногоон эрчим хүчний төслийг танилцууллаа

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (ДДНХБ) нь 1 сарын 23 -нд Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд шинэ стратегийг бий болгох, үр дүнг үнэлэх 12 сарын хамтын ажиллагааны төсөл дууссаныг зарлалаа.

Төслийн зорилго нь Монгол улс дахь ногоон эрчим хүчний системийн хөгжлийг дэмжих, тэр дундаа нүүрсхүчлийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийг бага ялгаруулах эрчим хүчний нийлүүлэлт ба эрэлтийг дэмжихэд оршино. Ногоон эрчим хүчний систем нь агаарын чанар, эрчим хүчний аюулгүй байдал, ажил эрхлэлтийг дэмжих ихээхэн ач холбогдолтой.

Уг төсөл дээр ДДНХБ болон Америкийн Нэгдсэн Улс дахь Стокгольм Байгаль орчны хүрээлэн зэрэг байгууллагууд Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сэргээгдэх эрчим хүчний төв болон Монголын эрчим хүчний ассоциацын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх хороотой хамтарч ажилласан болно.

Төслийн баг Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ, нөөц, дэд бүтцийн талаарх холбогдох мэдээллүүдийг цуглуулж, Монгол улсын өнөөгийн эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах тоон компьютерын загвар боловсруулахад ашиглав. Төслийн баг дээрх загварыг ашиглаж 2035 он гэхэд Монголын эрчим хүчний ирээдүй болон хүлэмжийн хийн ялгаралтын байх боломжтой дөрвөн дур зураглал, хувилбарыг боловсрууллаа.

Үндсэн буюу суурь зураглалд нүүрс болон зэсийн экспортод түшиглэсэн хурдацтай өсөж буй эдийн засгийг нүүрсэнд тулгуурласан эрчим хүчээр хангах чиг хандлага цаашид үргэлжлэх бөгөөд эрчим хүчний хэрэглээ200 хувиар, хүлэмжийн хийн жилийн ялгаралт 4 дахин өсөхөөр тооцоолов. Одоогийн төлөвлөгөөнүүдэд тулгуурласан зураглалд усан цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр ашиг өндөртэй нүүрсний шинэ цахилгаан станцуудыг байгуулж, орон сууц болон үйлчилгээний байгууллагуудын дулаалгыг сайжруулж, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийг нэвтрүүлснээр эрчим хүчний одоогийн хэрэглээ 6 хувиар, хүлэмжийн хийн ялгаралт 12 хувиар буурах төлөв гарч байна. Ногоон эрчим хүчийг өргөжүүлэх зураглалд бүх салбарт эрчим хүчний хэмнэлт эрчимтэй сайжирч, дулаан болон цахилгааны нийлүүлэлтэнд үр ашиг нэмэгдэж, шинээр усан, салхин болон нарны эрчим хүчний станцуудыг байгуулснаар эрчим хүчний хэрэглээ гуравны нэгээр, хүлэмжийн хийн ялгаралт 2 дахин буурах төлөв ажиглагдаж байна.

Энэхүү зураглалд Монгол улс олон төрлийн эрчим хүчний нөөцүүдээс эдийн засгийн ашиг хүртэнэ. Хамгийн хүсүүштэй буюу эрчим хүчний экспортод шилжих зураглалд нарны болон салхины эрчим хүчийг далайцтайгаар барьж байгуулснаар Монгол улс ногоон эрчим хүчний үндсэн экспортлогч орон болно.

АНУ дахь Стокгольм Байгаль орчны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Дэвид вон Хиппел энэ үеэр хэлэхдээ “Бидний танилцуулсан зарим зураглалыг хэрэгжүүлэхэд олон практикийн асуудлаадтай тулгарна. Гэхдээ бидний санал болгож буй ажил нь боломжгүй зүйл биш. Харин өнөөдөр ажиллаж байгаа цахлигаан станцууд ба ирээдүйн эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалт зэрэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй” гэв.

ДДНХБ-ын тухай ДДНХБ нь эдийн засгийн хөгжил болон ногоон өсөлтийг хангах шинэ үзэл баримтлалыг хөгжүүлэх, тэр дундаа оролцоо бүхий бат бөх нийгмийг бүтээх зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааг байгаль орчны тогтвортой байдалтай уялдуулахыг зорьдог олон улсын байгууллага юм. Дэлхийн хорь гаруй орон ДДНХБ-д нэгдээд байна. Сөүл хотноо төвтэй ДДНХБ нь ногоон хөгжлийн төлөвлөлт, судалгаа болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хөгжиж буй орнуудтай хамтран ажилладаг.