Ногоон үзэсгэлэн, шилдэг санаа

“Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2013” үзэсгэлэн энэ сарын 22-24-нд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болж байна. Байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологийг сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэнг БОНХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнгээр байгаль орчны бохирдлоос сэргийлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийхэд чиглэсэн шинэлэг санаа агуулсан техник, технологиудыг сурталчилсан юм. Тухайлбал, нийслэлийн хөрсний бохирдол анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байгаа энэ үед гэр хорооллын нойл буюу модон жорлонг байгальд ээлтэй болгох технологийг Г.Ганболд танилцуулсан нь олон хүний анхаарлыг татаж байлаа. Тиймээс энэ талаар тодруулсан юм.

-Та өөрийн эко технологийн талаар товчхон танилцуулахгүй юу?
-Өнөөдөр Улаанбаатар хотод хүн ам, үйлдвэрлэлийн хэт төвлөрөл үүссэний улмаас байгаль экологийн даац хэтэрч, орчны бохирдол хүний эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, стандарт бус жорлон, муу усны байгууламж зэрэг нь хөрс, усны бохирдол үүсгэж байгаа талаар олон тоо баримт бий. Тиймээс гэр хорооллын муу усны байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох үүднээс “Эко бие засах газар” буюу гэр хорооллын боловсон жорлон зохион бүтээсэн юм.

-“Эко бие засах газар”-ын давуу тал, онцлогийн талаар дэлгэрэнгүй талбайрлахгүй юу?
-Гол давуу тал нь ямар ч газар ямар ч орчинд барьж, ашиглах боломжтой. Бохирыг хөрс, усанд шингээхгүй, агаарт эвгүй үнэр тархахгүй байх үүднээс нь бодолцсон байгаа. Тухайлбал, орчин үеийн иж бүрдэл бүхий суултуур, үнэр сорох сэнс, агааржуулалтын хоолой зэргээр тоноглоглдсон. Мөн цэвэр усаа хэмнэх үүднээс “саарал” ус буюу иргэдийн өдөр тутам хэрэглээд асгадаг усыг “Эко бие засах газар” хэрэглэх боломжтой. Энэ нь муу усны нүх ухаж, илүү зардал гаргахгүй, хөрс, ус бохирдуулахгүй байх бас нэг арга юм.

-Агааржуулалтын болон халаалтын системийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдсэн гэсэн үү?
-Тийм шүү. Агааржуулалтын хувьд салхины эрчим хүчийг ашиглаж байгаа. Мөн тодорхой хэмжээний дулаан гаргаж авна. Бие засах газрын дээвэрт нарны зай хураагуур суулгах учир дулааны тухайд санаа зовох зүйлгүй. Гэр хорооллынхон өвлийн улиралд дулаахан бие засах газартай болно гэсэн үг.

-Чанар, стандартын тухайд ямар шаардлага хангасан бэ?
-Инженер техникийн шийдлийн хувьд “Нүхэн жорлон, муу усны нүх байгуулж ашиглах” Монгол Улсын MNS -4943-200 стандартыг бүрэн хангасан. Цаашдаа олон улсын стандартад нийцүүлэх тал дээр хичээж ажиллах болно.

-“Эко бие засах газар”-тай болохын тулд ойролцоогоор хэдэн төгрөгийн зардал гарах вэ?
-Материал, үйлдвэрлэл, угсралт, хөдөлмөр зарцуулалт гээд бүх зардлыг нь тооцоод үзэхэд дунджаар 3-3.5 сая төгрөгт багтана. Магадгүй шилдэг санаа олоод иргэд хамтран ажиллаж чадвал үнэ буурах бүрэн боломжтой.

“Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2013” үзэсгэлэнгийн дэлгэрэнгүйг Mongolianeconomy.mn цахим хуудасны видео мэдээнээс авна уу.