"Ном унш гэж албадахгүй"

“Монголын психотроникийн хүрээлэн”-гээс “UB лавлах 1617”-той хамтран зохион байгуулж буй “Оюунт Монгол” аяныхан хажуудаа салбар бүрийн эрдэмтэн судлаачаас бүрдсэн эрдэм шинжилгээний баг ажиллуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор монгол хэл, соёл, түүх судлаач 30 гаруй эрдэмтэн “Хүүхэд, залуусыг номтой нөхөрлүүлэхэд юу хэрэгтэй, хамгийн гол нь номноос хол хөндий байгаа хүүхдүүдийг ямар аргаар ном уншдаг болгох вэ” гэх мэт асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн талаар “Их Монгол” дээд сургуулийн багш, Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр “Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр Монголд байгаа эрдэмтдээс гадна гаднын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа эрдэмтэн, судлаач, боловсролтой залуу боловсон хүчнүүдтэй хамтарч ажиллахаар тохиролцлоо. Мөн судалгааны баг байгуулъя гэдэг дээр олонх эрдэмтний санал нийллээ. Учир нь хэдий насны хүүхэд ямар ном уншихыг хүсдэг вэ гэдгийг судалж, үр дүнгээр нь бусдыг чиглүүлэх юм. Өөр нэг зүйл гэвэл уншигч хүүхдүүдийн насны онцлогт тохируулсан номын цэс гаргахаар боллоо. “Ном унш” гэж албадахгүйгээр цаг үед нь тохирсон гэхдээ унших ёстой номын жагсаалт гаргаж, өгөх юм” гэв.

“Оюунт Монгол” аян эхэлснээс хойш 9000 гаруй хүүхэд, сурагч, оюутан залуусыг номтой нөхөрлүүлж, 30 ЕБС, 10 орчим их, дээд сургууль номын бүлгэмтэй болжээ.