Ноолуурын ханш өсөх үү?

Энэ жилийн хувьд малчид ноолуураа ченж нарт бус биржээр дамжин борлуулж байгаагаар онцлог. Хөдөө аж ахуйн биржийн арилжааг энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд нээснээс хойшхи хугацаанд өчигдрийн байдлаар 51 тэрбум төгрөгийн ноолуур арилжаалсан байна.

Одоогоор арилжаанд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан нийт 23 брокерын компаниас 13 компани идэвхитэй оролцож байгаа аж.

Ноолуурын үнийн хувьд энэ жил ямар байх талаар ҮХААЯ-ны Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Л.Нямдагваас тодруулахад “Бүс нутаг, ноолуурын чанараас шалтгаалж үнэ өөр өөр байна. Одоогийн байдлаар зарим аймагт биржийн ханш тогтоогүй байгаа. Зүүн гурван аймгийн ноолуурын дундаж үнээр одоогийн арилжаа явж байна. Санхүүгийн зохицуулах хороо, Биржийн зохицуулах зөвлөлөөс брокеруудыг иргэдэд хүрч ажиллахыг шаардаж байгаа” гэв.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд иргэд ноолуураа өөрийн аймагт үйл ажиллагаа явуулж буй брокерын компаниар зуучлуулан биржээр арилжих боломжтой бөгөөд энэ нь бэлэн мөнгөөр шууд зарсантай харьцуулахад зах зээлийн бодит үнэ ханшаар ноолуураа борлуулах давуу талтай аж.

Харин ноолуурын гарцын хувьд зүүн гурван аймагт 605 тонн ноолуур гарна гэж тооцоолсноос одоогийн байдлаар 470 гаруй тонн ноолуур арилжсан байна.

Хөдөө аж ахуйн биржийн арилжааны ханш өнөөдрийн байдлаар /кг/төгрөгөөр/

Төрөл
Ханш
Бараан ноолуур 67500
Цайвар ноолуур 67900
Цагаан ноолуур 68000