Ноолуурын ханш 170-205 мянган төгрөгт хэлбэлзэж байна
Дэлхийн ноолуурын зах зээлд цахиур хагалах “мөрөөдөл” тээсэн Монгол Улсад хаврын улирал айлчлан ирж, ноолуур самнах цаг эхэллээ. Дэлхийн зах зээлд “зөөлөн алт” хэмээн нэрлэгддэг ноолуурын эрэлт жилээс жилд өсөж, зах зээлийн хэмжээ нь 2025 онд 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бол ирэх 10 жилд таван тэрбум ам.доллар давна гэж таамаглаж байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр дүнд Монгол Улс ноолууртаа нэмүү өртөг шингээх, гүн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бодлого баримталж байгаа. Тодруулбал, 2025 онд Засгийн газраас зөвхөн самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гарсан. Үүний үр дүнд 2025 онд 4001.9 тонн ноолуур самнаж, 355 сая ам.долларын орлого олсон нь Монголын экспортын бүтцэд ноолуурын эзлэх хувь эрс нэмэгдэж буйг харуулав. Өмнө нь ноолуурынхаа 80-90 хувийг түүхийгээр нь экспортолдог байсан билээ.
Энэ өөрчлөлт нь дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний бүтцийг шинэчилж, өндөр чанартай түүхий эд худалдан авах өртгийг өсгөхөд ч нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын бодлого дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ олон улсын зах зээл дээр түүхий ноолуурын үнэ цэнийг ч өсгөж эхлэв.
Манай орны газар зүйн байрлал, өвөлжилтийн байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ жил бүр харилцан адилгүй тогтдог. Энэ жил ноолуурын улирал бага зэрэг хойшилж байна. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан мал төллөлт оройтож, улмаар ноолуур самнах ажил зүүн аймгуудад эхэлсэн ч баруун бүсэд удаашралтай байна. Энэ нь нийлүүлэлтийн эхэн үед тодорхой хомсдол үүсгэх, үнийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болжээ.
Тиймээс 2025 онд 160-165 мянган төгрөгийн ханштай байсан ноолуурын үнэ энэ жил бага зэрэг өсөх хүлээлттэй байгааг Монголын ноос ноолуурын холбооноос мэдээлсэн.
Тус холбооны мэдээллээс үзвэл ноолуурын ханш хөдөө, орон нутагт 170 мянгаас 205 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тухайлбал, Дорнод аймагт ноолуурын ханш хамгийн өндөр буюу кг нь 203-206 мянган төгрөгийн ханштай байна. Мөн Хэнтийд 198-204 мянга, Сүхбаатарт 197-202 мянган төгрөг байгаа нь зүүн бүсэд эрэлт илүү байгааг харуулж байна.
Харин төвийн бүсэд Төв болон Булган аймагт 185-188 мянга, Орхонд 180-185 мянга орчим байгаа бол говийн бүсэд 170-182 мянган төгрөгийн ханштай. Хөвсгөл аймагт ч мөн адил 175-180 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Энэ жил ноолуурын дуудлага худалдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гуравдугаар сарын 29-нд болсон. Дуудлага худалдаанд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 аж ахуйн нэгж, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид оролцжээ.
Ноолуурын ханш 2025.04.08-ны байдлаар
- Булган аймаг 185,000-188,000
- Говьсүмбэр аймаг 175,000
- Дархан-Уул аймаг 170,000-175,000
- Дорнод аймаг 203,000-206,000
- Дорноговь аймаг 170,000-175,000
- Дундговь аймаг 180,000-182,000
- Орхон аймаг 180,000-185,000
- Сүхбаатар аймаг-197,000-202,000
- Төв аймаг 185,000-188,000
- Хөвсгөл аймаг-175,000-180,000
- Хэнтий аймаг-198,000-204,000
- Архангай аймаг-180,000
