Ноолуурын үнэ газарджээ

Жилийн жилд өгөөж нь түмэн олны нүдэнд үзэгдэж, гарт баригддаг бизнесийг ноолуурын наймаа гэж хэлж болно. Хаана хаанаа хачин сайхан хаялагатай энэ бизнест ханш гэж хатуухан зүйл бий. Тэр ханшийг хэлж таамаглахад хэцүү. Алт, зэс, газрын тосны үнэ адил эмзэг мэдрэмтгий.

Ханш харьцангуй өндөр ч бай, шалан дээр унасан хямдхан ч бай ноолуураа тушаасан малчдын дотор “ирэх жил ямар ханштай байх бол оо” гэсэн бодол зурсхийдэг. Хойтон жилийн наадам хол байна даа гэдэг шиг тэд дараа хавар болтол ноолуурын ханшид чих тавиастай. Тэгвэл энэ жилийн хувьд ноолуурын нэг кг тутмын үнэ өмнөх жилийн хаалтын үнэ болох 48-50 мянган төгрөгтэй дүйх ханштай эхэлсэн талаар Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу хэлсэн. Тэрбээр “Ноолуурын үнэ хүссэн, хүсээгүй 40 мянга руу орж, улмаар 35-36 мянган төгрөгт тогтох хандлагатай байна” гэв.

Өнөөдрийн байдлаар /дөрөвдүгээр сарын 24/ нэг кг ноолуурын үнэ 45 мянган төгрөг болж буужээ. Харин малчдын хувьд ямар чөтгөрийн хорлолд автсан юм бүү мэд, “Ноолуурын үнэ 100 мянган төгрөгт хүрнэ гэнэ лээ” гэсэн цуурхал дэгдэж, нэг хэсэгтээ ажиглалтын байдалд орсон тул дээрх анхны ахиу ханшаар өгч чадсан хүн ховор бололтой. Өөрөөр хэлбэл, “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэгчлэн нэг кг ноолуураа 100 мянган төгрөгөөр өгчихвөл ч баяжих юм байна даа гэсэн бодол тээн, баясан суусан малчдыг ханшийн огцом уналт сандаргав.

Хэдийгээр энэ нь малчдыг гонсойлгож байгаа ч нөгөө талаар үйлдвэрлэгчдийг гялайлгаж буй аж. Учир юу гэвэл, Монголын ноос ноолуурын холбооноос түрүү жил ноолуурын улирал эхлэх үеэр уг бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн нээлтийн ханшийг нэг кг тутам нь 56-58 мянган төгрөгт байх болов уу хэмээн таамаглаж байсан ч түүхий ноолуурын эхний ханш 70 мянган төгрөгөөс эхлээд зогсоогүй удаан хадгалагдаж олон түмний нүдийг орой дээр нь гаргасан үйл явдал болсныг хэн хүнгүй санаж байгаа биз ээ. Мэргэжлийн холбооноос дэвшүүлсэн таамгийг будилуулсан хэргийн эзэд нь Монголын ноос ноолуурын зах зээлд сүүлийн арав гаруй жил дураараа дургисан хятадууд юм. Дэлхийн ноолуурын зах зээлд цахиур хагалах магадлалтай Монгол Улсын гол өрсөлдөгч бол урд хөрш. Тиймээс хятад ноолуурын наймаачид Монголын өргөн уудам нутгийн аль хэсгээр нутагладаг малчдын ямааны ноолуур эрт гардаг, аль нь чанартай байдгийг анддаггүй. Тэд өнгөрсөн жил урд урд жилүүдээс өндөр үнэ хэлж, манай ноолуурыг хуй хамах бизнесийн арга хэрэглэсэн хэрэг. Нэг үгээр хэлбэл, Монголын ноолуурын салбарт Хятадын ноёрхлыг бүрмөсөн тогтоох гэсэн бодлоготой байсан ч бүтэлгүйтсэн тухай Ёндонсамбуу хэлсэн.

Харин энэ жилийн хувьд манай ноолуурын зах зээлд тийм ч хүчтэй өрсөлдөөн явагдахгүй нь бололтой. Учир нь, дэлхийн ноолууран бүтээг­дэхүүний худалдаанд голлох нөлөө­тэй Европын зарим орны эдийн засаг нэлээд хүнд байгаа. Түүнчлэн ноолуурын ханш дэлхийн зах зээл дээр 4-5 жилийн давтамжтай өгсөж, уруудах циклтой байдаг аж. Тиймээс сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр ханштай байсан ноолуурын үнэ энэ жилээс урууддаг үе нь эхэлсэн гэж ойлгож болох нь ээ. Гадаад зах зээл дээр өнгөрсөн оны дундуур ямааны самнасан ноолуур кг нь 120-130 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 100 орчим мянган төгрөгт хэлбэлзэж байна. Үүнийг бохир ноолуурын ханш руу шилжүүлж тооцох юм бол энэ жил ноолуурын дэлхийн зах зээлийн үнэ нь 45-50 мянган төгрөгт хэлбэлзэх тооцоо гарч буй аж. Үүнээс гадна ноолуурын салбарт манай улсын гол өрсөлдөгч Хятад улсын төр засгаас ноолуурын арилжаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгчдээ хүүтэй, хүүгүй их мөнгөөр дэмждэгээ зогсоожээ.

Ийм шалтгаануудын улмаас манай ноолуурын чиглэлийн үндэсний үйлдвэрүүд дотоодын зах зээлээс түүхий эдээ тааваараа цуглуулах боломж бараг анх удаа бүрдэж байна гэж хэлж болох юм.

Хятадууд өмнөхийн адил ноолуур авахаар их мөнгө өвөртлөөд, олноор орж ирсэн ч дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөх чадвар харьцангуй сайтай байгаа юм. Ноолуурын үндэсний үйлдвэрүүдийн хувьд ихэнх нь өнгөрсөн онд Засгийн газрын ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бонд авсан учраас өмнөх жилүүдийг бодвол хөрөнгөлөг байгаа гэсэн үг. Тиймээс үйлдвэрлэгчдийн хувьд хэдийгээр хятадуудтай үнийн дайн хийхгүй ч гэсэн чанартай ноо­луурыг малчны хотноос харьцангуй өндөр үнээр авах боломжтой гэдгээ сонин хэвлэлээр мэдэгдсэн билээ.

“Эмээлт” түүхий эдийн захын ноолуурын наймаа эрхлэгчдийн хэлж байгаагаар сүүлийн үед хүйтэн салхи тавьж, цас орж байгаа нь ноолуурын чанарт муугаар нөөлөөлж байгаа аж. Ноолуурын түүхий эд бэлтгэл нутгийн зүүнээсээ баруун тийшээ чиглэжээ. Энэ нь ч хавар болгон ноолуур харьцангүй өндөр ханштайгаар зүүн гурван аймгаас эхлээд, Хөвсгөл дараагаар нь баруун аймгууд руу жолоогоо залж үнээ доошлуулсаар хаалтаа хийдэг тогтсон жишиг билээ.

Мөн Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотой ноос ноолуурын дотоодын зах зээлд хэрхэн өөрчлөлт орох талаар үйлдвэрлэгчдээс сонирхлоо.

“Ээрмэл” ХХК-ийн дэд захирал А.Төмөр-Очир “Бирж бий болж, сум бүрд хоршоо байгуулахын тулд нэлээд хугацаа хэрэгтэй” гэсэн бол Г.Ёндонсамбуу “Бэлтгэл ажил их учраас ноолуурын салбарын хувьд шууд хэрэгжиж эхлэхэд хэцүү. Энэ жил арай чадахгүй. Хойтонгоос ноолуурыг биржээр худалдаалж эх­лэх байх” гэв.

Түүнчлэн Биржийн тухай хуультай холбоотой ноос ноолуурын ченжүүд нэгдэж, Монголын ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо гэж байгуулсан нь шинэ үзэгдэл гэж хэлж болох юм. Түүнчлэн манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд япон­чууд “Нэг далбаан дор нэгдэж Европ руу гар. Тэгвэл амжилт олно” гэж зөвлөсөн учраас “Монголын тансаг үс” гэсэн нэрийн дор дэлхийн зах зээл дээр гардаг болохоор санал нэгдэж, бэлтгэл ажилдаа шамдан орсныг дуулгахад таатай байна.

Нэг үгээр хэлбэл, ноолуурын үйлдвэрийнхэн хятадууд түхий эдийг үнэ цохиж аваад байна гэдэг гоншигнолоосоо салж, зөвхөн дотоо­дын зах зээлийн ханштай зууралдах биш, малчид, бизнесмэн, ченж гээд тус зах зээл дээр ажилладаг хүн бүр үйлдвэрлэгч гэдэг нэгэн малгайн дор нэгдэж, алсыг харах боломж бололцоо энэ жилээс нээгдэж байх шиг.