Норвегийн баялгийн сан нефтиэс татгалзана

Дэлхийн хамгийн том мөнгөний авдруудын нэг болох уг сан газрын тос, байгалийн хийтэй холбоотой бүх активаа зарах тухай зарлав. Норвегийн алдарт баялгийн сан энэ сарын эхэнд дэлхийн эдийн засгийн хамгийн дуулиантай мэдээг түгээж чадлаа. Дэлхийн хамгийн том мөнгөний авдруудын нэг болох уг сан газрын тос, байгалийн хийтэй холбоотой бүх активаа зарах тухай зарлав. Хамгийн хачирхалтай нь энэ шийдвэр газрын тос, байгалийн хийн орлого голлосон их наядын хөрөнгөтэй баялгийн сангийн үйл ажиллагаа, ашигт малтмалд түшиглэсэн Норвегийн эдийн засагт хүндээр тусах юм. Ялангуяа үнэ унаснаас үүдэж газрын тосны үйлдвэрлэл сайнгүй байгаа өнөөгийн нөхцөлд. Харин норвегичүүд уг шийдвэрээ тайлбарлахдаа энэ сонголт бол цэвэр прагматик алхам бөгөөд улс төрийн шалтгаангүй гэж байна.

Норвегийн баялгийн сангийн хөрөнгө нэг их наяд ам.долларыг даваад байна.

Норвегийн баялаг, Норвеги улс олон талаараа газрын тосонд үндэслэсэн. 1960-аад онд геологчид Умард тэнгис, Норвегийн тэнгисийн эрэг орчмоос асар их хэмжээний газрын тосны нөөц илрүүлснээр улсын баялаг арвижих эхлэл болсон юм. 1980, 1990-ээд оны зааг дээр газрын тосны үнэ өсч, Засгийн газар уг таваарын экспортоос илүү гарсан орлогоо тусгай санд хадгалахаар шийдсэн. 1990-ээд оны сүүлээр сангийн хөрөнгө 20 жилийн дараа 500 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан ч үнэндээ нэг их наяд гаруй ам.доллар болтлоо өсчээ.

Ийнхүү Норвегийн баялгийн сан дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч болж хувирав.

Дэлхийн үнэт цаасны зах зээл дээр арилжаалж буй бүх хувьцааны 1.3 хувь нь Норвегийнх.

Тиймээс сангийн удирдлага аливаа хөрөнгө оруулалттай холбоотой огцом шийдвэр гаргах нь уг хөрөнгө оруулалттай холбоотой хувьцааны зах зээлд хүчтэй нөлөөлнө.

Хөрөнгө оруулалтыг ногооруулах нь

Норвегийн баялгийн сан 40 орчим тэрбум ам.долларыг газрын тосны хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл зарах актив нийт хөрөнгөтэй нь харьцуулахад бага тоо. Гэхдээ дэлхийн хэмжээнд ч энэ бол бага мөнгө биш. Уг 40 тэрбум дотор Shell (2,1%), ExxonMobil (0,8%) болон BP (1,6%) зэрэг олон улсын корпорацийн хөрөнгө яваа учраас тэд том хөрөнгө оруулагчаа алдвал их хохирол хүлээнэ.


1990-ээд оны сүүлээс Норвегийн баялгийн сан “ёс зүйтэй хөрөнгө оруулалт”-ын бодлого баримтлах болсон. Энэ нь тэд “бохир” гэж үзсэн бизнест хөрөнгө оруулахгүй гэсэн үг. Энэхүү ангилалд тамхи, зэвсгийн үйлдвэрлэл, худалдаа, түүнчлэн хүрээлэн буй орчинг хэтэрхий их бохирдуулдаг компаниуд хамаарна. Гэхдээ орчин үеийн “ногоон үзэлтэн”-үүдийн шаардлагаар нүүрсустөрөгч олборлогч бүх компани хамаарч мэдэх юм. Яагаад гэвэл газрын тос, байгалийн хийг шатаах нь дэлхийн дулаарлыг түргэтгэнэ.

Норвеги улс бол ногоон үзэлтнүүд маш идэвхитэй, нөлөөтэй байдаг орны нэг юм.

Саяхан л гэхэд Осло хотын төвд хөнгөн тэргийг бүр мөсөн хорих төсөл хэлэлцэж байв.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцдэг олон улсын байгууллагуудын манлайд норвегичууд явдаг. Тиймээс баялгийн сангийн дээрх шийдвэр ногоон бодлогоос үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй юм.

Норвегийн эрх баригчид сангийн шийдвэрийг дэмжсэн бөгөөд эрх баригч хоёр нам хоёул сайшаана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр газрын тосны компаниудаас активын харилцаагаа таслах шийдвэр нь улс төрийн эхлэлтэй гэж зарим ажиглагч үзэж байна.

Норвегийн

Суусан мөчрөө огтлох вий

Норвегийн Төвбанкны тусгай сангууд хариуцсан хэлтсийн дарга Эгиль Матсены мэдэгдсэнээр энэ шийдвэрийн цорын ганц зорилго бол эдийн засгийг төрөлжүүлэх, эрсдлийг хуваарилах. Түүний хэлснээр Норвегийн эдийн засаг тэртэй тэргүй газрын тос, байгалийн хийгээс хэтэрхий хамааралтай (экспортын бараг тал нь) учраас баялгийн сангаас эдгээр салбарт хөрөнгө оруулах нь зохимжгүй. Хэрэв ирээдүйд нүүрсустөрөгчид үндэслэсэн эдийн засаг нурвал Норвеги улс газрын тос, байгалийн хийн экспортлогч, хөрөнгө оруулагчийн хувьд маш хүнд байдалд орно. Харин мөнгөө бусад салбарт чиглүүлвэл эрсдэл багасна.

Норвегичууд дээрх шийдвэрийн үндсэн шалтгаан нь газрын тосны үнийн уналт гэж байгаа ч ийм үндэслэл тийм ч итгэлтэй харагдахгүй байгаа юм. Нэгдүгээрт, газрын тосны үнэ аль 2014 онд унасан учраас 2017 оны хожимдсон алхам ойлгомжгүй. Хоёрдугаарт, сүүлийн жил гаруйн хугацаанд газрын тосны үнэ 50-60 ам.долларын түвшинд тогтох төлөвтэй байна. Гуравдугаарт, 12 жилийн өмнө газрын тосны үнэ үүнээс доогуур байсан ч газрын тостой холбоотой активыг зарах тухай хэн ч яриагүй.

Мөн эцсийн эцэст ийм шийдвэр тэдэнд өөрсдөд нь хортой. Газрын тос, байгалийн хий тус улсын экспортын нэлээдг хэсгийг бүрдүүлдэг ч гадагш гаргаж буй хэмжээ нь өсөхгүй байгаа. 20 жилийн өмнө Норвеги хоногт 2.8 сая баррель олборлож байсан бол одоо энэ тоо 1.9 сая болсон. Баталгаажсан нөөц жил тутам багасч байгаа бөгөөд ВР компанийн судалснаар өнгөрсөн оны сүүлээр нөөцийн хэмжээ 7.6 тэрбум, 2015 онд 8 тэрбум, 1996 онд 11.7 тэрбум баррель байжээ.

Тиймээс Statoil төрийн өмчит компаниар төлөөлүүлсэн Норвегийн газрын тос, байгалийн хийн аж үйлдвэр хөл дээрээ тогтохын тулд хайгуул, олборлолтод том хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэнгисийн эрэг орчим олборлолт хийх нь үнэтэй, газрын тосны үнэ сайнгүй байгаа нь ашгийг улам багасгаж байгаа. Хуулийн дагуу баялгийн сан Норвегийн харъяатай компанид хөрөнгө оруулах боломжгүй болохоор сан гадаад хөрөнгө оруулалтаа зогсоовол Statoil-ийн хувь заяа хэцүүднэ. Энэ компани тэртэй тэргүй ногоон үзэлтнүүдээс болж Арктикт олборлолт хийхэд хүндрэлтэй байгаа юм.

Дээрх шийдвэрээс үүдэж урт хугацаандаа Норвегид учрах хохирол хэдэн арван тэрбумаар хэмжигдэх магадлалтай.

Гадаад хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх ажлыг хурдан хийж болох ч байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд бэрхшээлтэй.

Норвегийн баялгийн сангийн удирдлага активыг агшин зуур зах зээлд цацахгүй, хэдэн жилийн хугацаанд шат дараалалтай зарах учир газрын тосны зах зээлийг цочроохгүй, улсын эдийн засаг шинэ нөхцөлд дасах хугацаа гаргана гэж олон нийтийг тайвшруулж байна.

Гэхдээ л нүүрсустөрөгчид суурилсан эдийн засгийн эсрэг уур амьсгал дэлхий даяар хүчээ авч байна. Хэрэв Норвегийн баялгийн сан ийм алхам хийвэл энэ жишээг дагах нь олон. Харин үр дагавар нь ёс зүйтэй хөрөнгө оруулагчдын тооцоолсноос өөр байж мэдэх юм. Сэргээгдэх нөөцийн үнэ хангалттай хямдраагүй, газрын тос, байгалийн хийтэй өрсөлдөх чадвар сул байгаа нөхцөлд нүүрсустөрөгчийн хөрөнгө оруулалтыг багасгах нь олборлолт буурах, үнэ өсөхөд нөлөөлнө гэж зарим шинжээч таамаглаж байна.