“Ноён доллар”, та хаачих нь вэ?

Монголд доллараар бороо орж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 2.9 дахин өссөн үзүүлэлт ажээ. Хямралаас хойш Монголд орж ирэх гадаад валютын урсгал өдрөөр биш цагаар нэмэгдэх болсон. Тэрбум тэрбумаар тоологдох ийм их мөнгийг монголчууд хэзээ ч харж байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд статистик мэдээлэлд дуулдаад байгаа тэр их мөнгийг бид одоо ч гартаа бариад, тоолоод сууж байгаа юм алга. Тиймээс “ноён доллар” Монголын босгыг алхав уу үгүй юу нэг тийш алга болоод байж таарна. Хаашаа яваад байгааг нь хамтдаа шалгаад үзье. Энэ нь сүүлийн хоёр жилийн турш суларч ирсэн ам.долларын ханш яагаад чангарах болсон, цаашид ямар байх төлөвтэйг ойлгоход хэрэг болох биз ээ.

Орц

Эхлээд Монголыг чиглэх долларын урсгал ямар хаалгаар орж ирж буйг тогтооё. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд ярьдаг. Аргагүй шүү дээ. Уурхайг ашиглалтад оруулахын тулд зөвхөн энэ жил гэхэд л 2.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн тухайгаа “Айвенхоу майнз” компанийн захирал Роберт Фрийдланд дуулгасан билээ. Үүний хажуугаар гадаадын хөрөнгө оруулалттай бусад том жижиг уурхайн ажил идэвхжиж байгаа нь “ноён доллар”-ыг ашигт малтмалаар баялаг монгол нутагт даллаад байгаа юм. Товчхондоо, уул уурхайн хөрөнгө оруулалт Монголыг чиглэх гадаад валютын нэг том ундарга болжээ. Нөгөө талаас монголчууд бараагаа зараад валют авна. Тэгэхээр экс­портын орлого долларын бас нэг том эх үүсвэр болж таарна. Гэтэл манай экспортын 80 гаруй хувь нь Хятад хэмээх ганцхан зах зээлд гарч байгаа юм. Монголчууд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть тэргүүтэй ашигт малтмалаа хятадуудад өгч, оронд нь доллар авна. Нүүрсний олборлолт огцом нэмэгдсэний зэрэгцээ дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш өндөр байгаатай холбоотойгоор Монголын экспортын орлого энэ оны эхний найман сард 2.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гарц

Экспортын орлого ингэтлээ нэмэгдсэн байхад Монголын гадаад худалдааны алдагдал энэ оны эхний найман сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 7.6 дахин өсөж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь гайхал төрүүлнэ. Ашигт малтмалын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт нь бэлэн мөнгө гэхээсээ илүүтэй уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм хэлбэрээр орж ирээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, манайд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт эргээд л гадагшаа гарчихаж байгаа юм. Үүний хажуугаар тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүний импорт ч суга өссөнийг хүснэгтээс харна уу. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдэж байгаагаас Монголын хилээр орж ирэх түлш, шатахууны ханш ч өндөр байж, улмаар импортод улам их мөнгө зарцуулахад хүргэж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт, экспортын орлого гэх хоёр хаалгаар орж ирж буй гадаад валютын урсгал импорт гэх бүүр ч том хаалгаар гараад явчихаж байгаа юм. Гадаад худалдааны алдагдал санаанд оромгүйгээр нэмэгдэж буй нь зарим талаар айдас төрүүлэх ажээ.
“Айгаад байх юм байхгүй. Дэлхийд Энэтхэг, Хятадыг эс тооцвол худалдааны алдагдалгүй орон тун цөөхөн шүү дээ. Тэгээд ч монголчууд алдагдал гэхээсээ илүү үүний үр дүнд үйлдвэрлэл хэр нэмэгдэж байгааг харах ёстой. Тоног төхөөрөмж оруулж ирэх нь үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байрыг бий болгож, эдийн засагт эергээр нөлөөлдөг юм” хэмээн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар учирлалаа.

Халууны шил юу харуулна вэ?

Валютын ханшийг халууны шилтэй зүйрлэж болдог тухай Монголбанкны Валют, эдийн засгийн газрын төл­бөрийн тэнцлийн статистик, су­далгааны хэлтсийн захирал С.Болд тайлбарлав. Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл, макро эдийн засгийн байдал, валютын орж, гарах урсгал ямар байгааг валютын ханшаас шууд олж харж болох ажээ. 2008 оны зун 9000 ам.долларт дөхөж очоод байсан тонн зэсийн үнэ хямралаас болоод хагас жилийн дотор гурав дахин унаж, 3000 ам.доллараас ч доош орж байсныг нэхэн саная. Үүнээс болж экспортын орлого навс унахад “Найман шарга” дахь долларын ханш 1700 төгрөгт хүрсэн шүү дээ. Тэнгэрт хадсан долларын ханшийг бууруулахын тулд Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа хийх замаар арилжааны банкуудад доллар нийлүүлж, үр дүнд нь гадаад валютын нөөц асар хурдан дундарч байсан. Тэгвэл 2010 оноос хөрөнгө оруулалт, экспортын орлого нэмэгдэхэд байдал эсрэгээрээ эргэсэн юм. Монголд орж ирэх валютын урсгал эрчимжихийн хэрээр төгрөгийн ханш чангарч, улмаар Төвбанк гадаад валютын ханшийг огцом унагахгүйн төлөө зах зээлд илүүдээд байсан долларыг татаж эхэлсэн. 2009 онд дөнгөж хагас тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц эдүгээ 2.6 тэрбум ам.доллараас давчихаад яваагийн учир энэ буюу.

Монголбанк долларын ханш чангарахаар суллах гээд, сулрахаар чангалах гээд үзээд байдгийг Та гайхаж магадгүй. Гадаад валютын ханш чанга байвал импортын бараа өндөр үнэтэй болж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг гаднаас авдаг монголчуудын хувьд хүнд цохилт болох нь ойлгомжтой. Харин сул байвал экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргадаг үндэсний үйлдвэрлэгчдийн орлого буурдаг. Тиймээс валютын ханш чанга ч биш, сул ч биш, тогтвортой байх нь л хамгийн чухал.

Харин хоёр жилийн турш сулрах хандлагатай байсан долларын ханш сүүлийн саруудад бага багаар чангарах төлөвтэй болсон нь импортын хэмжээ огцом өсөж, гадаад худалдааны алдагдал тэлж байгаатай холбоотой. Гэхдээ энэ бол нэг их санаа зовохоор савлагаа биш, зах зээл өөрөө өөрийгөө аваад явж буй учраас Монголбанкнаас оролцох шаардлагагүй байгаа ажээ.

Хаалга хаагдвал…

Импортын хэрэглээ ихээр нэмэгдсэн энэ үед гадаад валютын орж ирэх урсгал саараад эхэлбэл Монгол Улс жинхэнэ хэцүү байдалд орж мэдэхээр байна. Ялангуяа ирэх жил сонгууль болох учраас иргэдийн гар дээр очих бэлэн мөнгөний хэмжээ улам нэмэгдэж, үр дүнд нь хэрэглээний шинжтэй импорт өсөх төлөвтэй. Оюутолгойн зэс, алтыг 2013 оноос экспортолж эхлэхээс өмнө гадаад худалдааны алдагдал нэмэгдсээр байх төлөвтэйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
“Аж үйлдвэрлэл, гадаад худалдаа гэдэг нь нэг зоосны хоёр тал юм. Бид юу үйлдвэрлээд, юу гаргаж байгаагаа бодох хэрэгтэй” хэмээн С.Болд онцлов. Манай экспортын 90 гаруй хувийг ердөө 10 төрлийн бараа эзэлж байгаагийн ес нь ашигт малтмал болохыг хүснэгтээс харна уу. Дэлхийн зах зээл дэх нүүрс, зэсийн үнэ 2008 оных шиг навс унах аваас манай экспортын орлого огцом буурч, гадаад валютыг даллаж буй нэг хаалга хаагдах эрсдэл бий. Энэ нь мөн хөрөнгө оруулалтын хэмжээ буурахад ч нөлөөлж мэднэ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувийг мөн л уул уурхай, ашигт малтмалын салбар залгиж байгаа билээ. Гэтэл энэ салбарын хууль, эрх зүйн орчин улам л таагүй болох төлөвтэй. Ашигт малтмалын “малгай” хуульдаа өөрчлөлт оруулна гэж байгаагийн зэрэгцээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч буцаана гэх яриа гарах болсон. Гэтэл хөрөнгө оруулагчид тогтворгүй байдлыг үзэн яддаг шүү дээ.

Гадаад валютын орж, гарах урсгал зөвхөн ашигт малтмалын салбараас хамаарч байгаа нь энэ бүхнээс харагдаж байна. Түүхий эдийн үнэ унахад л “Найман шарга” дахь долларын ханш тэнгэрт хадах эрсдэл бат гэгч нь оршин тогтносоор. Энэ байдлаас яаж гарах вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд ганц л хариулт өгч байна. Экспортын барааны нэр төрлөө олшруулах хэрэгтэй! Уул уурхайн орлогоороо хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бусад салбараа дэмжиж, хөл дээр нь босгож байж л Монголд орж ирэх гадаад валютын эх үүсвэрийг олон болгох ажээ. Мөн түүхий нүүрс, зэсийн баяжмал, газрын тосоо тэр чигт нь гаргаад байх биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л “ноён доллар”-ыг эх орныхоо хөрсөнд шингээж чадах юм. Одоо бол Монголд юун хүнд машин механизм, тоног төхөөрөмж байтугай, газрын тос боловсруулах үйлдвэр ч алга байна шүү дээ. Тиймээс л хөрөнгө оруулалт, экспортын орлого гэх шошготой “ноён доллар” манайд саатаж чадахгүй, тоног төхөөрөмж, түлш, шатахуун болж хувирахын тулд гараа даллаад алга болж байна.