Ноён ногооны ханш өсөх нь амьдралд халтай

Ам.долларын худалдах ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 1313.24 төгрөг болтлоо бууж, дараа сараас нь тасралтгүй өссөн билээ. Харин Монгол банкны өчигдрийн хаалтын ханшаар нэгж ам.доллар өмнөх сарын мөн үеэс 32.23 төгрөгөөр буюу 1402.68 төгрөг болж өслөө. Өнөөдрийн байдлаар валют арилжааны Найман шарга захад ам.долларыг 1396 төгрөгөөр худалдан авч, 1402 төгрөгөөр арилжаалж байна. Цаашид ноён ногооны нэр хүнд улам өсвөл манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эдийн засагчид сануулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар төгрөг үнэгүйдвэл дотоодын болон импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үйлдвэрлэгчдээр үл зогсон иргэдийн амьдралд хүндээр тусна.

Монгол банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд өчигдөр 20.0 сая ам.долларыг 1402.68 ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Харин тус банк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд тус арилжаанд оролцоогүй байна. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа маргааш болно.