Нугардаг утас

Та өөрийнхөө гар утсыг цаас шиг эвхэж, нугалж, орооно гээд боддоо. Дээр нь гишгэсэн ч ямар нэг гэмтэл учрахгүй. Судлаачид энэ төрлийн харилцуурыг зохион бүтээхээр шаргуу ажиллаж байна. Анхны загварууд нь тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд аль хэдийнэ тавигдаж, үзэгчдийн нүдийг хужирлаад байгаа билээ.

Ирэх жил хэрэглэгчийн гарт анхны уян хатан гар утас хүрнэ гэх шуугиан дэгдээд байна. LG, Philips, Sharp, Sony, Nokia гэх мэт нэлээд олон тооны компани уг технологи дээр ажиллаж байгаа ч Өмнөд Солонгосын утас үйлдвэрлэгч Samsung анхдагч нь байх болно хэмээн мэдээлжээ.

Samsung OLED (Organic Light Emitting Diode- Органик гэрэл ялгаруулагч диод) хэмээх уян хатан технологид тулгуурлаж байгаа бөгөөд дэлхий дахинд нэр хүндтэй бүтээл хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа зохион бүтээгчид онцолжээ. “Дэлгэц нь нугалж, хуйлж болохуйц, хэрэглэхэд тохиромжтойгоос гадна уламжлалт LCD технологиос илүү нимгэн, хөнгөн, уян хатан бөгөөд урт хугацааны эдэлгээ даах хуванцар гадаргуутайгаар бүтээнэ” хэмээн Samsung компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.